Усан спортын ОУХМ Энхтөрийн Эрхэс 50 метрт араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтаар Азийн залуучуудын наадмын Монголын багийн медалийн буухиаг үргэлжүүлж байна.

50 м араар даллах төрөлд нийт 32 тамирчин гараанд гарсан бөгөөд Э.Эрхэс финалын шатны уралдаанд 25.98 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Энэхүү төрөлд Сингапур улсын тамирчин Чан Тэдд 25.79 секунд үзүүлэлтээр тэргүүлж, АОЗ-ийн Залуучуудын наадмын амжилтыг шинэчлэн тогтоосон бол хүрэл медалийг Хятадын Тайпэйн Чанг Кай-юүэ 26.17 секундын амжилтаар авлаа.
200 м мэлхий сэлэлтийн финалын шатанд шалгарсан Спортын мастер Э.Энхмэнд 2:23.63 үзүүлэлтээр шилдэг наймд орлоо.

Өчигдөр Азийн залуучуудын III наадмын эмэгтэйчүүдийн боксын 46 кг жинд А. Алтанзул, 54 кг-ийн жинд А. Аминаа нар өрсөлдөж, хүрэл медалийн болзол хангасан. Алтан медалийн төлөөх тоглолтууд 10 дугаар сарын 30-ны өдөр явагдана.
