UBLife Logo
Нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театр барихын тулд хууль өөрчлөн улайрсан уу?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театр барихын тулд хууль өөрчлөн улайрсан уу?

Улаанбаатар хотод цэвэр усны гүний худаг нийт 88 байдгаас 61 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг байна. Нийслэлийн цэвэр усны нөөцийн 70 шахам хувь нь тэнд байгаа учраас усны нөөцийг хамгаалах зайлшгүй шаардлагатайг мэргэжилтнүүд онцолдог. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилгоор 2009 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм.

Гэвч тус газарт “Үндэсний урлагийн их театр”-ыг барих асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, баталжээ. Театр барих ажил аль 2019 оноос яригдаж, Сүхбаатар дүүргийн 9, 11-р хороо буюу Ногоон нуур орчмыг сонгон, 10 га газрыг чөлөөлөхөөр болсон юм. Газар чөлөөлөлт 70 орчим хувьтай үргэлжилж байх зуур байршлыг өөрчилж, Яармагт барих асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар ХУД-ийн 8-р хороонд барихаар шийдвэрлэсэн талаар тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэдээлж байв. 

Гэвч Нийслэлийн ИТХ-ын саяхан буюу аравдугаар сарын 16-ний өдрийн ээлжит тавдугаар хуралдаанаар “Үндэсний урлагийн их театр”-ын барилгыг БЗД-ийн 11, 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барих талаар хэлэлцжээ. Тодруулбал, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эзэмшлээс 96.44 га газрыг тасдан авч, дараах байдлаар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэнг 40 га-д

  • Туулын хурдны замд 52.18 га-г

  • 1-р тойрог замд 4.26 га-г

ИТХ-ын төлөөлөгчид Туулын хурдны зам болон Тойрог замын бүтээн байгуулалтыг дэмжиж, тус бүрээр тогтоолын төсөл оруулах санал гаргасан байна. Харин “Үндэсний урлагийн их театр”-ыг хотын ногоон байгууламж, ундны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бараг бүгдээрээ эсэргүүцжээ. Тэд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих зэрэг санал гаргажээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга асан Ү.Оюунзул Улаанбаатар хотод ганцхан байгаа томоохон ногоон байгууламж бүхий газрын 10 хувийг хумсалж, бүтээн байгуулалт хийх гэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд байгаль орчны үнэлгээ хийсэн, эсэх болон Усны газар болоод Ус сувгийн удирдах газартай зөвшилцөж, санал авсан эсэхийг лавлахад Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40 га газар дээр төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа. Эргээд Ү.Оюунзул төлөөлөгчид бичгээр тодорхой хариу өгье” гэжээ.

АН-аас сонгогдсон төлөөлөгч О.Зундуйдорж “Усаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Өөр бололцоотой газар санал болгож, дахин зөвшилцөх хэрэгтэй байна. Дараа дараагийн газрууд барилга барихгүй гэх баталгаа хаана байна” гэсэн бол төлөөлөгч Б.Золтуяа “Бид иргэдээ төлөөлж байгаа. Нэг ч болтугай иргэний эрх болоод өмчид халдахгүй байхыг хүсэж байна. Таримал ойн сангаа устгаад барилга, байгууламж барих асуудал ороод ирж байна. Ядаж 40 га газрыг ч гэсэн хамгаалаад үлдмээр байна” гэв.

Хариуд нь Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишгээр хотоо хөгжүүлээд, түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийе гэхээр улстөржөөд байх юм. Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга барьж болоод байхад улс өөрсдийн мэдэлдээ авч, ажил хийж болохгүй гэж үү” гэв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Төлөөлөгч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор ажил хэрэгч санал тавьж байхад улстөржлөө гэдэг нь юу гэсэн үг вэ. Та нарын оруулж ирсэн алдаатай асуудлыг зөв болгох гээд саналаа хэлж байна. Хэлсэн санал бүр улстөржсөн агуулга руу хувирах юм уу. Ундны усны эх үүсвэр дээр 4 га биш, бүхэл бүтэн 40 га газар барилга барина гээд сууж байх юм. Заавал энд барих ёстой юм уу. Үнэгүй хөрөнгө оруулалт гээд өөрсдийнхөө уух ус руу хор хийгээд сууж байх юм уу. Яагаад ашиглахгүй байгаа, хууль зөрчиж олгосон газарт төлөвлөөд, хэлэлцээр хийж болохгүй байгаа юм” гэж шүүмжилсэн байна.

Мөн Ү.Оюунзул тэргүүтэй төлөөлөгчид Усны тухай хуулийг “хулгайлан” өөрчлөлт оруулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театр барих “нүхээ ухсан” байгааг анхааруулж байв. Тодруулбал, наадмын өмнөхөн буюу энэ оны долоодугаар сарын 9-нд Усны тухай хуулийн “Усны нөөцийг хамгаалах, усан орчинг нөхөн сэргээх” гэх гуравдугаар бүлгийн 22 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан байна.

Өмнө нь:

“22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж байсан бол

Одоо:

“22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” болгож өөрчилжээ.

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8 дахь заалт нь "нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг хэлнэ” гэж байгаа юм. Хуульд дээрх өөрчлөлтийг хийснээр цэвэр усны нөөц бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барилга барих боломж бүрджээ.

Хуралдааны төгсгөлд санал хураахад Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн хуралдаанд оролцсон 26-гийн 15 буюу 57.7 хувь нь “Үндэсний урлагийн их театр”-ыг ундны усны хамгаалалтын газар болох хотын ногоон байгууламж бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт барихыг дэмжив. Т.Батцогт тэргүүтэй төлөөлөгчид уг асуудлыг дараагийн хуралдаанд дахин хөндөхөө илэрхийлэн, өөр байршилд газрыг сонгох талаар онцолж, сануулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zochin\3.1.218.43
Нийслэлд байгаа ганц ногоон байгууламж, усны ундрагаа барилгажуулах хэрэггүй ээ. Газраа чөлөөлөөд барилгаа барина биз. Нийслэл ундны усгүй болвол хэн хариуцлага хүлээн вэ. Худлаа яриад л бүгд хариуцлагаас зугтана.