UBLife Logo
Ярилцлага

Ч.Галсан: Би Норжмаагийнхаа хажууд нарс болж, Сабине дэргэд минь гацуур болон ургах ерөөлтэй

Ч.Галсан: Би Норжмаагийнхаа хажууд нарс болж, Сабине дэргэд минь гацуур болон ургах ерөөлтэй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан гуайтай гэр бүл, амьдралынх нь талаар ярилцаж, нандин дурсамжийг нь хуваалцсан юм. Түүний эл ярилцлагын нэгээхэн хэсэг нь “Гэрэг” сэтгүүлийн “Нью-Йорк Таймс”-тай хамтран гаргадаг “Turning Points” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд бүтэн ярилцлагыг нь уншигч таны өмнө дэлгэж буй нь энэ.


-Сайхан өвөлжиж байна уу. Бидний урилгыг хүлээн авч, ярилцаж буй танд баярлалаа. Та бидэнтэй гэр бүлийнхээ тухай дурсамжаас хуваалцаач?   

-Би багадаа анчин, малчин болно гэж л боддог байлаа. Сайхан цагаан эсгийгээр гоё гэр бариад, хөгшин ээжтэйгээ мөнхөд хамтдаа амьдарна гэж л бодож байсан. Сургуульд ороод сайн охиндоо “Чи миний самган болох уу. Өвгөн, самган болъё хоёулаа” гэж тоглоно. Самган гэдэг чинь баруун монголоор авгай гэсэн үг шүү дээ. Жаахан том болоод л авгай авч, тусдаа гардгийг ойлгож байгаа юм. Миний анхны хань С.Норжмаа зэгзгэр, шөвгөр бор царайтай хөөрхөн охин байсан. Ёстой өөлчихсөн, “шоотогдчихсон” юм шиг цэмбийсэн охин байлаа. Түүнийг бүх сургуулиараа сайн үзнэ. Бүтэн өнчин охин юм. Ээж нь Норжмааг гучин долооны жил дээрээ төрүүлээд нас барж, аав нь 41 настайдаа өөд болоход нагац ахындаа толгой хоргодож байж. Тэднийх олон хүүхэдтэй, авгай нь их ширүүн дориун хүн байжээ. Сургуульд орохдоо хөл нүцгэн, урт цамцтай орсон гэж байгаа юм. Захирал нь харчхаад хүн дуудаж, угааж цэвэрлэ гэж даалгасан гэдэг. Үс нь даахирчихсан алмас шиг юм яваа биз, зайлуул. Тэгээд өнөөх хүн дотуур байрны модон онгоцонд чин сэтгэлээсээ угааж, цэвэрлэж өгсөн байгаа юм. Норжмаа “Миний үсийг арай гэж самнасан. Даахирсан үс туг тугаараа унаад л байсан. Самнаж дууссаныхаа дараа тэр хүн намайг “Ёстой хөөрхөн охин байна шүү дээ. Чамайг ёстой цэвэрлэж, хальсалж авлаа” гэсэн гэдэгсэн. Өнчин хүүхдүүдэд сургуулиас өвөл, зуны иж бүрэн хувцас өгч, хувцасладаг байсан үе. Тэгж Норжмаа минь дээл бүстэй, хар “бажинк” буюу 38-ын гуталтай, өмд цамцтай болжээ. Цэвэрхний хувьд манай хүний өмнө хэн ч гишгэхгүй. Сүүлдээ улс төрийн товчооны ахлах тогооч болсон. Өнөө Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхтэй шууд харилцдаг хүн нь болсон юм шүү дээ. Арван долоон даргатай. Тэднийхээ хоолыг хийдэг, хагас бүтнээр товчооны байранд авгай хүүхдүүдийг нь цуг хооллоно. “Цэдэнбал, Батмөнх дарга аль аль нь сайн хүмүүс. Товчооны гишүүд бүгд сайхан зантай. Харин авгай нар нь янз бүрийн ааштай. Хүүхдүүд нь гэж ёстой дургүй хүрмээр, бариад алгадчихмаар юмнууд байдаг юм” гэж ярьдагсан. Ажлаа хийсэн шиг хийдэг тогооч байсан болохоор дэвшин дэвшсээр дээд газар ажилласан нь тэр. Норжмаагийн минь түүх их сонин.

-Уншигчдад маань сонирхолтой байх нь гарцаагүй болов уу.  

-Сосорбарам гэж хошууч Даянгийн заставт ажиллаж байхад нь өнчин, хөөрхөн охин яваад байдаг байж. Эхнэртэйгээ ярилцаж байгаад гэртээ авчраад дасган дасгасаар хүүхдээ болгоод, өргөж авсан гэдэг. Учир байж л дээ. Тэднийх Тунгалаг гэж ганц охиноо гурван настайд нь алдсан юм гэнэ. Тэгэхэд Сосорбарам гуай ордны комендатурын дарга байж. Охиноо алдаад Улаанбаатарт байж чадахгүй хөдөө явж ажиллахдаа Норжмаатай ийн тааралдаж, өргөж авсныхаа дараахан дахин охинтой болсон юм. Норжмаад минь их сайн. “Зовлонд шаналсан хоёр хүн дээр энэ муу охин ирснээр асар хурдан дөрвүүлээ болж, сайхан айл болсон” гэж ярьдагсан. Дүү нь С.Хэнчбиш гэж дотрын мундаг эмч болсон. Одоо ч манайхаар зочилдог.  

-Харин та ханьтайгаа хэрхэн танилцаж байв?

-Миний садангийн ахмад Халтар гэдэг айлын авгай Дамиа гэж сайхан зантай эмгэн байсан. Тэднийд очхоороо хар цай, бор боорцгийг дотуур байрны хүүхдүүд юм үзээгүй юм шиг л идэж гарна шүү дээ. Дотуур байрны хоол муудаа биш, олны хөлийн газар байсан хүүхдэд дэв халддаг юм билээ. Үргэлж өлсөж байгаа юм шиг санагдаад, айл хэсэж хоол эргүүлмээр бодогдоод байдаг юм. Норжмаа ч тэднийхээр очиж, хооллодог байж. Тэднийхээр орж, гарч явахдаа Норжмааг мэддэг болж, дараа нь хошуучийн охин болсон гэж дуулсан даа. Долдугаар ангиа төгсөхөд нь сургуулиас нь хурдан хоолонд нь хүргэе гэж бодсон уу Худалдааны техникумын тогоочийн ангид хуваарилсан гэдэг. Би Германд эхний жил хэлний бэлтгэлээ дуусгаад зуны амралтаараа нутагтаа ирлээ. Гадаадаас ирсэн оюутан гээд нутгийнхан хүндлээд сүйд. Нэг өглөө алчуураа мөрөн дээрээ тохоод л сүрхий ганган амьтан нүүр гар, толгой хүзүүгээ угаахаар Ховд гол руу очтол өнөө охин ус аваад явж байна. Техникумд хуваарилагдчихсан 10-аад хоноод хот руу явна гэнэ. Би тэгэхэд нь томорлоо “Сайн байна. Тэгэхдээ их аюултай шүү. Тэнд сайн муу, зүсэн зүйлийн юмнууд бий. Чамайг хотынхон оролдох гэхвий. Чи тэдэнд царай өгч болохгүй шүү” гээд ном айлдаж гарлаа. Дараа нь учиртай үг хэлсэн. “Би одоо Германд 5 жил сурна. Төгсөөд ирэхэд чи жирэмслээгүй, нөхөртэй болоогүй байвал би чамайг авна. Хоёулаа гэрлэнэ” гээд шууд л хэлсэн. Сонсоод их ичиж байна. Тэгээд би хувинтай усыг нь хүргэж өгсөн юм. Тэгэхэд хөдөөгийн охид бүгд намайг сонирхож, надтай найзлах гэж их үзсэн. Би тэднийг тоолгүй явж байтал тэр муу охин цэвэр цэмцгэр гэдэг нь хуучнаараа, богинодсон тэрлэг нь бүр хөөрхөн эгдүүтэй харагдаад тэрхэн хооронд суумаар санагдаад тэр үгээ хэлсэн юм даа.

-Долдугаар ангийн жаахан охинд хэлсэн амлалтаа биелүүлсэн байх нь ээ?

-Амлалтаа биелүүлсэн. Амралт дуусч Германд очоод Худалдааны техникумын нийтийн хоолны ангид орсон Норжмаад гэж хаягийг нь таагаад “Чи бид хоёрын тохиролцсон юм миний хувьд хүчинтэй шүү. Үүнийг бүү мартаарай” гээд зураг хөргөө хийж, захиа илгээтэл эзэндээ хүрсэн байна лээ. Тэгж захидлаар харилцсаар байгаад Монголдоо ирээд нийлсэн түүхтэй. Ардчилсан Германы Лайпциг хотын Карл Марксын их сургуульд зургаан жил сураад 1968 оны аравдугаар сарын 5-ны өдөр Монголд ирлээ. Монгол өөр болсон юм шиг санагдсан мөртлөө цаагуураа л эх орон гэдэг өөриймсөг шүү дээ. Нисэх онгоцны буудлаас яваад маршрутаа өөрчлөн өөрчлөн намайг их сургуулийн үүдэнд хүргэж өгсөн автобусны жолооч, ачааг минь өргөлцсөн хоёр залууг бодоход л хайрын сэтгэл төрж, эх орноо бодоход л нулимс гарч байсан. Германаас ирээд л шууд их сургуулийн 118 тоотын өрөөнд суудаг Боловсон хүчний хэлтсийн дарга Хуушаан дээр очлоо. Надад томилолт өгч байсан учраас Хуушаан даргыг танина л даа. Түүний хажууд Аюуш гэж настай эмэгтэй хоёул сууж байна. Би “Их сургуульд хуваарьтай юм. Эндээ Герман хэлний багш болно” гэлээ. Тэгтэл намайг энэ долоо хоногтоо амраад ирэх даваа гарагаас хүрээд ир гэхэд нь очих газар, таньдаг айл байхгүйгээ учирлаад шууд ажилдаа орно гэдгээ хэллээ. Хуушаан дарга тэр өдрөөр ажилд орох бичиг цохож өгснөөр хоёрдугаар байрны 4 дүгээр давхарт байрлах Гадаад хэлний тэнхимд очлоо. Тэнхимдээ ачаа бараагаа тавьж, тэндээ 14 хоног байрласан. Уг нь орон байраа шийдүүлэх гэж Санзайжав гэж бодь, нямбай ч гэж жигтэйхэн өвгөн дээр орж учирласан ч “Чамд өгчих байр одоохондоо алга” гэсэн. Тэгээд байж байтал 15 дахь өдөр нь Төв хорооноос их сургуульд шалгалт ирдэг юм байна. Миний чемодан савыг хараад асуухтай нь зэрэг багш нар тайлбарласан биз. Өнөө Санзайжавыг дуудаад гадаад оюутны байрны нэг өрөөнд оруул гэсэн заавар өгсөн юм билээ. Тэгж би гадаад оюутны нэгдүгээр байрны 4-р давхрын 419 тоот өрөөнд төвхнөсөн. Германаас төмөр замаар явуулсан ачаа ч ирлээ. Хоёр мянган ном газрын ачаагаар ирсэн. Би ном их уншина, цуглуулна. Номын хажуугаар биеийн тамирын хэрэгслүүд, бичгийн машин тэргүүтэй соёлын бараанууд ирсэн дээ. Тэнд анх ханьтайгаа амьдарч эхэлсэн. Би ханьтайгаа 43 жил хамт амьдарч, гурван хүү, нэг охинтой болсон. Одоо арав гаруй ач гучтай болж, өнөр өтгөн айл болжээ.

-Та олон жил герман хэлний багшаар ажиллаж байгаад эрхээ хасуулсан юм билээ шүү дээ. Яасан гэж таныг багшлах эрхгүй болгосон юм бэ?

-Их сургуулийн Мишиг гэж декантай уулзахад их сайхан зантай хүн угтаж, баяр хүргээд хийх ажил их байгааг хэллээ. Монгол Улсын их сургуульдаа долоо хоногийн 20 цагийн хичээл орох хуваарьтай болж. Түүнээс гадна Анагаахын их сургуулиас Мишиг декантай холбогдож, надаар герман хэлний хичээл заалгах хүсэлтээ дуулгасан байсан. Надтай хамт герман хэл Монголд орж ирсэн гэж болно. Хэтрүүлсэн хэрэг болохгүй. Германы их, дээд сургуулийг онц дүнтэй төгсөж, улаан дипломтой залуу ирснийг бүгд мэдэж, яриа тархсан бололтой. Тэр үед МУИС, Багшийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль, Анагаахын дээд сургууль дөрөв л байсан юм. Би дөрвөн их сургуульд бүгдэд нь багшилж, найман жил үзэлцсэн дээ. Миний үеийн багш нар 18-20 цагийн хуваарьтай ажилладаг байсан бол би долоо хоногт 52 цагийн хичээл заадаг байлаа. Бүтэн сайн өдөр гэхэд би 10 цагийн хичээлтэй байсан. Төмөр замын удирдах газрын Цэрэнноров дарга машинаар намайг авч, оройгоор хэлтсийн дарга нартаа герман хэл заалгасан, Сайд нарын зөвлөлд ч хичээл орж байлаа. Нэг удаа оюутнуудын маань нэг нь “Бурхан, чөтгөр гэж үнэхээр байдаг уу?” гэж асуулаа. Тэгэхээр нь би “Эрдэмтэд энэ тухай мянга мянган жил маргасан. Хэн ч хариулж чадаагүй. Гэхдээ чи мэдлэгтэй, залуу хүн байна. Одоо шинжлэх ухаан их чухал болсон. Түүнийг л сайн шүтвэл хариултыг нь олно” гээд хэлчихэв ээ. Үүнийг сонссон аав нь дотоод яаманд мэдэгдэж, тэмдэглүүлчихэж. Тэгж би донгодуулан, Засгийн газрын тогтоол гарч миний багшлах эрхийг хассан даа. Бидний үеийн их дээд сургуулийн багшийн цалин 750 төгрөгөөс эхэлж, жил бүр 50 төгрөгөөр нэмэгдсээр 950 төгрөгт хүрдэг байсан. 950 төгрөг бол тухайн үеийн яамны хэлтсийн даргын цалин шүү дээ. Маш өндөр цалин. Би ер нь оюутан байхдаа ч баян явдаг байсан. Оюутны стипендээс гадна хэл зааж, цалин авдаг байсан юм. Германы инженертэй дүйцэхүйц цалин авдаг байлаа шүү дээ. Тэндэхийн хадгаламжаа үрж дуусгалгүй эндээ ирсэн. Сүүлд надад гай болсон. Багшлах эрхээ хасуулсныхаа дараа би сурвалжлагч болсон. “Хөдөлмөр” сонинд ажиллаж явахдаа мөн л өндөр цалин авдаг байлаа. Бичлэгийн шагнал сайн авдаг байсан юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн шуурхай хурлаар миний асуудлыг авч хэлэлцсэн удаатай. Төрийн сайд 1300 төгрөгийн цалинтай байсан үед миний “Хөдөлмөр” сонинд ажилласан 2 жилийн цалингийн дундаж 1388 төгрөг болчихож л дээ. Дээр нь гадаадад хадгаламжтай гээд л. Баян хүнийг үздэггүй байсан үе. Намайг сайн үздэг хүнгүй болсон доо, хөөрхий. Мөн өөртөө хорин айлын 5 давхар байр бариулж, 19 айлаас түрээсийн мөнгө авдаг гэсэн цуурхал тарсан.

-Их сургуульд орох орон хөөцөлдөж, амьдралаа эхлүүлсэн хүн таван давхар байрны асуудалд орчихдог нь сонин байна шүү.

-Би чинь эхнэртэйгээ 1968 онд нийлснээс хойш өөрийн гэсэн байртай болтлоо олон удаа нүүдэл суудал хийсэн хүн. Оюутны байранд ганц хоёр жил амьдарсныхаа дараа баруун дөрвөн замд байдаг Геодези зураг зүйн газрын дөрвөн давхар гурван байшингийн нэгэнд орж, 12 ам.метр өрөөнд амьдардаг боллоо. Гурав дахь хүүхэд төрөх үеэр мөн л нүүж Их сургуулийн “профессорын 64” гэж нэрлэгддэг байранд 1977 оны сүүлч хүртэл амьдраад тус оныхоо аравдугаар сард хоршооллын байрандаа орсон түүхтэй. Үнэн гэвэл, Германы туршлагаар өөрсдөө мөнгөө нийлүүлээд банкнаас олон жилийн хугацаатай зээл авч, “Эрдэм” хоршоогоо байгууллаа. Германы элчингийн яг урд байдаг таван давхар байрыг хятадуудаар бариулсан түүхтэй. Түүнээс биш дан залуу улс ойрын 20 жилдээ байртай болох боломжгүй л байсан. Энэ тухай “Хүн шиг амьдрах орон байртай болохын төлөөх миний хийсэн тэмцэл” гэсэн утгатай тууж герман хэлээр бэлэн болсон байгаа. Хэзээ нэгэн цагт монголоор хэвлэгдэх байх. Миний жишгээр хоршооллын байрууд нэлээд баригдсан. Лав МОНЦАМЕ-гийн 60 айлын хоршоолол баригдсан.

-Та бөө хүн шүү дээ. Амьдралын нугачаанд бөө мөргөлийн тусыг хүртэж байв уу. Өмнөх ярилцлагууддаа та бөө мөргөлийг дуу хууртай адилтгасан юм билээ.

-Бөө гэдгийг хүн ойлгохгүй байхаар айхтар зүйл биш. Аливаа хүний дотор бөө, бөөнцөр явж л байдаг. Нүүдэлчин хүн бүр эмч, бариач. Би алдартай удганы шавь байсан учраас баргийн өвчин зовлонд онош тавьчихна, хүмүүст ойр зуурын тус хүргэчихдэг. Миний амьдралын турш хэрэг болж байна даа. Нэгдүгээр ангид ороход намайг “бөө хүүхэд” гэж шивнээ яриа гарсан. Багш нар “Бөө, лам нар бүгд худлаа. Жинхэнэ үнэнийг нам л хэлдэг. Марксизм, Ленинизм  хэлнэ” гэж хэлдэг байсан. Тэгж ярьж байсан багш оройхон нь хүүхдээр гэртээ дуудуулдаг үе байлаа. Жишээлбэл, анх удаа багш дуудахад нь очтол эхнэр нь сууж байна. Надаар хүүхдээ тэврүүлээд түлээ оруулахаар гараад нэлээд удлаа. Өнөө хүүхэд халуунтай, “шатаж” байв. Хүүхдээ яавал дээрдэхийг асуух гээд л гадаа зориуд удаж байгаа нь тэр. Орж ирээд хүүхдийнхээ биеийг яавал дээрдэх талаар асууж байна. Би “Аав нь шөнө биедээ сайхан нааж тэврээд унтахад нэг зүгээр болно. Эсвэл удган багшийн хэлснээр хойд зүгээс хүүхдийн толгойн чинээ хар чулуу, урд зүгээс адил хэмжээний цагаан чулуу авчраад хоёуланг нь улайсгаад хүүхдээ дээр нь барьж байгаад арц хандалсан усаар угаачих. Угаасныхаа дараа уйлсан ч хамаагүй битүү өлгийдөөд хонуулаарай. Өглөө гэхэд халуунгүй болсон байна” гэж домын аргаасаа хэлж өгч байсан. Бас нэгэн мартагддаггүй дурсамж бий. Намайг нэгдүгээр ангид байхад нэг багш хүйтэнд зооринд хорьж, хонуулж тамлаж байлаа. Гэтэл тэр багшийн ангийн хүү ор сураггүй алга болж, сургууль даяараа эрж хайж гарав аа. Өнөө багш аргагүйн эрхэнд надаас уйлагнаж, тусламж гуйсан юм. Өвлийн ид хүйтнээр алга болсон учраас осгох аюултай. Тэгэхэд нь намайг хорьж байсан зооринд багштайгаа хамт орж, бөөлж гарлаа. Багшаар зурам, тарваганы үнэр шингэсэн хөдсөн дээл, малгайгаа өмсүүлээд гал түлүүлж, арц шатаалгасан. Сургуульд ороход хураалгасан ясан гаансаа багшаас авч, өвсөө татаад суулаа. Харсан чинь, өнөөх хүү нэг буланд шигдээд бөгтийчихсөн сууж байна. Цаана нь дүнзэн модон ханатай, өмхий үнэртэй газар байна. Тэгээд ангийнхантай нийлээд өнөөх мэдээллээрээ хайлаа. Ойр хавийн бүх жорлонд хайлаа, байдаггүй. Багш хүүхдүүдээс өөр өмхий үнэртэй ямар газар байж болохыг асуутал нэг нь малын эмчээс өмхий үнэртдэг гэлээ. Хамуурсан малыг утдаг бодисны үнэрээс болж байгаа юм л даа. Чойдон гэж малын эмч байсан юм. Мал утлагын газар тэгэхэд хаалттай байсан юм. Очоод хаалгыг нь таттал онгойчихлоо. Нөгөө хүү нүд нь хөдлөөд байгаа хэрнээ хөшчихсөн сууж байна. Шууд эмнэлэгт аваачиж, хөлдсөн хэсгүүдийг нь хүйтэн ус, цасаар үрж ямартай ч амьд үлдсэн. Бөөлнө гэдэг амьдралын туршлага, хар ухаан хоёрын нийлбэр юм.

Гартаа барьсан нь шавыд буюу бөөгийн шавхуурдах хэрэгсэл

-Одоо та бөөлж байна уу?

-Бөөлнө гэж хэлэхгүй. Арга чарга л хийнэ. Чамайг унаад өглөө гэхэд өвөө нь ямар ч байсан амьд гаргахаа мэдэх байх. Хөх тэнгэрийн бөөгийн тухай ярих юм алга. Цагаан тэнгэрийн бөө бол над шиг бөө юм. Тив тэнгэрийн бөөг Чингис хаан өөрөө бүтээсэн байх гэж би боддог. Бөө болоход маш их ухаан, зориг хэрэгтэй.

-Амьдралынхаа талаас илүүд нь хамт амьдарсан ханиа түрүүлээд алдахад үгээр илэрхийлэмгүй хүнд байсан нь мэдээж. Энэ он цагийг Та хэрхэн даван туулсан бэ?

-Би 2011 онд авгайгаа хорт хавдраар алдаад бэлэвсэрсэн. Эхлээд тархины хоргүй хавдрыг нь Германы сайн эмнэлэгт эмчлүүллээ. Үсийг нь хусалгүй хуйх, үсний угаар нь зүсээд авахад 20см урт, 4.5см өргөнтэй хиам шиг хавдар гараад ирсэн. Яаж тархинд багтаж байсан юм бол гэж эмч нар толгой сэгсэрч байсан даа. Толгой нь үргэлж өвддөг, тархины даралттай гээд эм уугаад яваад байсан чинь хоргүй хавдар байсан юм билээ. Хавдраа авхуулаад хэдэн сар өвдөж, зоволгүй сайхан амьдарсан. Тэгээд бие нь гэнэт муудаад эмнэлэгт очтол бүдүүн гэдэсний хорт хавдартай байж таарлаа. Хугацаа алдалгүй хавдрыг нь тайруулсан ч хавдар нь бүх биеэр нь тархсан байсан юм билээ. Их удсан даа хөөрхий, жил шахам болсон. Хайртай, дотнын хүн эдгэшгүй өвчин тусчхаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болоод хэвтэрт улам муудаж, тэнхээгүй болж, царай алдахыг харах л хамгийн хэцүү юм байна лээ. Би эхэндээ авраач гэж залбирдаг байсан бол сүүлдээ зовлонгоос нь салгаж өгөөч гэж сүү өргөдөг болсон. Хөдөө гадаа ажлаар явахаар бие нь муудахтай зэрэгцээд ирэхээр намайг хараад л тэсээд үлдчихнэ. Тэгээд би хэдэн шөнө нойргүй хонож, удаан бодсон. Миний Герман явж хийдэг хавар, намрын уулзалт ч дөхчихсөн байв. Тэгээд би “За миний өвгөн сайн сонсож бай. Чи одоо маш их зовж байна, чамайг харах хэцүү байна. Цаг нь болоход бүгд үхнэ. Далай лам ч, сайд дарга нар ч үхнэ. Үхсэн хүний цаг зогсчихдог юм. Тэнд цаг гэж байдаггүй. Чи яваад хэдэн ч жил, хэдэн ч хоног болсон би араас чинь яваад л очно. Хоёулаа тэнгэрийн оронд уулзъя. Би одоо чамайг орхиод Герман луу явлаа шүү” гэсэн чинь юу ч дуугараагүй. Нүдэнд нь нулимс цийлэгнээд орондоо хэд айхтар хүчтэй хөдлөөд тэгээд л дуугүй болсон. Би тэгэхэд онгоцныхоо тасалбараа хоёр талдаа захиалсан юм. Лав сар болохгүй гэдгийг нь би мэдэж байсан. Намайг яваад 7 хоноход өнгөрсөн дөө, хөөрхий. Бурхан болоход нь би шууд буцаж ирсэн. Улаанбаатарын буяны газар ердөө 2 цаг 30 минут болоод шарилых нь халуун чандрыг гаргаад ирдэг юм байна. Тэгээд би энүүхэнд байгаа нарс модныхоо доор хийж, оршуулсан. Үр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нутгийн олондоо “Манай Норжмаа мод болсон. Миний ханийн нарс сайхан ургаж байгаа. Амар амгалангийн ертөнцөд тэр минь сайн явж байна” гээд яриад суухад хүртэл сэтгэл минь тайвширч, дэвтдэг юм даа.

-Таны тарьж ургуулж байгаа сая сая мододтой зэрэгцээд сайхан ургаж байгаад нь баяртай байна.

-Бэлэвсрэл гэдгийн хэцүүг би үзсэн. Арван жил ганцаараа явлаа. Хүүхдүүд өглөө бүр хоол унд бэлдээд тавчихна, том хүүгийнх хамт өвөлжиж, намайг сайхан л арчилж, тойлж байсан. Нэг өдөр би бодлоо. Одоо нас сүүдэр 70 гарлаа. Одоохондоо эрүүл саруул байгаа ч нэгэн цагт өвдөж л таарна, ядарна, хөгширнө. Ер нь ханьтай болъё гэж бодоход Монголд санаанд таарах хүн байдаггүй. Монгол хүнтэй сууж болох ч европ амьралын хэвшилд дассан надад таарахгүй л дээ. Сайхан танилцсан орос, герман, франц, австри, хятад, швейцарь гээд олон бүсгүй санаанд бууж байна. Гэтэл энэ муу миний авгай Сабинетэйгаа танилцаад бараг 30 жил болсон байж. Эдний ажлын газар очоод ном ч уншиж байсан, илтгэл ч тавьж байлаа, өвчтөнүүдийг нь барьж, босгож ч байсан юм. Сабине Германыхаа Багшийн дээдийн сургууль төгссөн сурган хүмүүжүүлэх ухааны хүн. Мэргэжлээрээ бараг ажиллаагүй, сонирхлоороо бариа засалч хийдэг байлаа. Японы шиа-цү гэж цэгэн барианы урлаг байдаг юм байна. Хувцас тайлахгүйгээр цэгээр хатгаад барьчихдаг. Хурдан ч үйлчилгээтэй юм. Надад анх тэр цэгэн бариаг хийж өгч танилцаж байсан. Ядарч явсныг ч хэлэх үү бариа хийлгээд дорхноо бие хөнгөрөөд сайхан болчихсон. Тэгээд би гарын шидтэй, буянтай “амьтан” юм гэж бодож билээ. Зан ааль ч сайтай, тусархуу, надад өөриймсөг ханддаг хүн л дээ. Залуу бүсгүйчүүд надад талтай байдаг ч “Тэнэг муу банди нарын дэргэд тэнхэлтэй хөгшин дээр” гэж үг бий. Сабине Монголд аялах дуртай, амралтаа аваад л энд ирдэг байсан юм байна. Энэ оронтой л заяагаа холбоно гээд нэг юм хатгаад байж л дээ. Монголоос, Галсангаас битгий сал гэсэн юм байгаа биз.

-Эртний танилтайгаа эргэж уулзсан түүхээсээ хуваалцаач. Үр хүүхдүүд тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Сабине маань амралтаа аваад л Монголд аялахаар ирдэг байсан юм. Тэр жил Хөвсгөлд групп аяллаар явж байхдаа ярьж байна. Хорин жилийн өмнө нөхрөөсөө салаад дахин хүнтэй нийлж байгаагүй, гурван хүү нь бүгд тусдаа гарчихсан гэнэ. Тэгээд Сабине монгол хүний ганцаардлаас илүү герман хүний ганцаардал ямар байдаг тухай ярьсан. Би сонсож суугаад “Надад дутаж байгаа юм алга. Өлсөхгүй, даарахгүй, хүнээс мөнгө гуйхгүй өөрийгөө болгоод явдаг. Төр засаг маань хөгширсөн гээд хөгширлийн мөнгө, ажил хийж байсан гээд тэтгэвэр олгодог. Нэртэй, төртэй юм байна гээд мөнгө нэмж өгдөг. Сайхан амьдарч байна. Даанч надад хүний бараа дутаж байна” гээд “Чи миний самган болох уу?” гэж багынхаа хэлдгийг хэлтэл хөхрөөд уначихлаа. “Бусад германчуудын хажууд бүү ийм юм хэл. Германд ингэж хэлвэл шоолуулна шүү” гэнэ. Учир нь тэд нар хөгширөхөөс их айдаг юм. Би “Тэгээд би юу гэж хэлэх юм” гэтэл “Чи надад сэтгэлтэй юү. Хоёулаа хайрын сэтгэлээр гэрлэх үү” гэж хэлэх ёстой юм гэнэ. Шоглосон, үнэн хоёрын хооронд өнөөх асуултаа тавихад Сабине минь “Чи намайг тоовол би дуртай байлгүй яах вэ. Би чамайг дотроо хайрладаг, үнэлдэг юм. Зохиолыг чинь бүгдийг уншсан. Заримыг нь хуудас хуудсаар цээжилчихсэн. Зохиол яах вэ, хүний хувьд шударга, хар буруу санадаггүй эгэл юм гэж боддог” гэнэ. Ингэж бид суухаар боллоо. Хүүхдүүддээ энэ тухай хэлтэл янз бүрээр л хүлээж авч байна. Би хэлсэн “Хүмүүсийн юу гэж бодох надад хамаагүй. Энэ бол миний л амьдрал. Намайг хэдэн жил амьд явахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Эд намайг 70 хүрээд үхчихнэ гэж бодож байгаа бол жул байна. Ёстой горьдсоны гарз. Би үхэхгүй, дахиад хэдэн жил амьд явна” гэтэл “Тэгвэл сайхан л байна ааваа” гэж байсан. Дараа нь намайг хүлээн зөвшөөрсөн, хүүхдүүд минь. Биднийг нийлэхэд Монголын тал маш халуун дотно хүлээж авсан. Манай гэрлэх ёслолын газар хурдан шуурхай гэрлэлтийг минь бүртгэсэн. За Германы талын хүнд суртал уу, аюултай. Түмэн зүйлийн юм шаардаад амар заяа үзүүлэхгүй. Бараг гурван жил хөөцөлдөж байж бүтээсэн. Манайд гэр бүлийн баталгаа гардуулахад хүртэл сэтгэл хөдлөм сайхан байгаа юм даа. Ямар гоё гэрчилгээ байдаг юм, алтан боронзоор хуучин, шинэ бичгээр бас англи, монголоор биччихсэн томоо хавтастай нь хүндэтгэлтэй гардуулж өгөхөд бид мөргөөд авсан. Германд гурван жил явуулсны эцэст бичгийн цаасны хэмжээтэй нэг юм өгсөн. Тэр нь өнгө ч, зүс ч байхгүй л юм билээ. Нэг л хөнгөмсөг. Хүмүүс Монголоо хүнд сурталтай л гэж боддог байх. Манай эх орон бол огтхон ч хүнд сурталгүй орон. Ёстой “хөнгөн” сурталтай. Өнөөдөрхөн бид ажил бүтээгээд банкаар орж, захирлынх нь өрөөнд орлоо. Захирал нь “Одоохон” гээд гараад алга болчихлоо л доо. Тэр хооронд бид хоёр “Дэлхийд ийм цагаан сэтгэлтэй, бүх юм нь энгийн, хүний харилцаанд тулгуурладаг орон Монголоос өөр байхгүй байх” гэж ярьж суулаа. Монголоо Европтой харьцуулаад үзвэл хамаг сайхан зүйл нь тодроод л гараад ирнэ. Америк, Герман, гадаад сайхан л гэнэ байна. Амьдраад үзвэл өдөр шөнө мэт шал өөр шүү дээ. Би Германд байсан бол германчууд намайг торгонд умбуулж, тосонд хөлбөрүүлж л хүлээж авна. Гэхдээ Герман бол Герман. Гадаад бол гадаад. Өөрийн эх орон шиг газар олдохгүй. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэж үг бий шүү дээ. Хүнд эх орон шиг нь сайхан газар хаа байх вэ. Би Норжмаа, Сабине хоёрыгоо хэн хэнийг нь ханийн сэтгэлээр л боддог юм. Сабине минь Норжмаад ямар хүндэтгэлтэй ханддаг гэж санана. Хүн аюул аминд тулсан цагт, алдар гавьяа байгуулсан цагтаа хамгийн эхэнд гэр бүлээ л боддог юм шүү дээ. Миний гэр бүл амин шүтээн минь юм. Одоо би насан эцэслэвэл Норжмаагийнхаа хажууд нарс болон ургана, Сабине минь миний дэргэд гацуур болон ургах ерөөлтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
7
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тойв\13.251.110.164
Буурал ах,бэргэн эгч минь урт наслаарай.Та хоёртоо эрүүл энхийг хүсьe.Индонeз Bali aрлаас мэнд хүргэж сууна.
Тойв\13.250.97.209
Тойв\13.250.97.209
ЗОЧИН\13.251.110.164
Галсан гуайн гэр бүлд эрүүл энхийг хү се. Хүн энэ ертөнцөд хүнээрээ л дутдаг юм.
ЗОЧИН\13.250.123.150
Маш сонин амьдрал юм. Таны тухай одоо л жаахан мэддэг болов. Урт насалж удаан жаргаарай
ЗОЧИН\18.141.158.101
Сайхан ярилцлага болж ээ. Та нар маань урт насалж удаан жаргаарай
Ц.Номин-Эрдэнэ: Блокчэйн бол хөндлөнгийн оролцогчгүйгээр асуудлаа шийдэж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит шийдэл

Ц.Номин-Эрдэнэ: Блокчэйн бол хөндлөнгийн оролцогчгүйгээр асуудлаа шийдэж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит шийдэл

Монголын хувьд блокчейн салбарын хөгжлийг дэмжих хамгийн чухал алхам нь оюутнууд, бизнес эрхлэгчид, старт-апуудыг мэдээллээр хангах, хууль эрх зүйн орчны таатай нөхцлийг бүрдүүлэх, үндсэн ойлголтыг бататгах явдал юм.