UBLife Logo
Ярилцлага

Б.Төвшинзаяа: Бид “Шүншиг гэгээн” төслийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн урдаа барих, жишиг төсөл болгохоор хичээн ажиллаж байна

Ub.life
Ub.life
Б.Төвшинзаяа: Бид “Шүншиг гэгээн” төслийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн урдаа барих, жишиг төсөл болгохоор хичээн ажиллаж байна

“MД ТОП” компанийн Гүйцэтгэх захирал Б.Төвшинзаяатай “Шүншиг гэгээн” хорооллын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. 

-“Шүншиг-3” төслөө бүрэн хүлээлгэж өгсөн, шинэ жилээр айл өрх бүрт бэлэг гардуулсан тухай дуулсан. Монголд төдийлөн их тохиолдоггүй сайхан хандлага санагдлаа, энэ талаар яриагаа эхлэх үү? 

-Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Ялангуяа баярлаж догдолсон хүүхдүүдийн нүднээс илт харагдаж байлаа. Бидний үед мартагдаж, эсвэл хэлэхээсээ нэрэлхэж орхисон мэт санагдах сайхан үг, сэтгэлийн илэрхийлэл болох “Баярлалаа” гэдэг үгийг төслийн хүрээнд бодитоор мэдрүүлж чадсан нь хамгийн үнэ цэнтэй байв. Энэхүү арга хэмжээг цаашид ч уламжлал болгон хэрэгжүүлэх болно.

“МД ТОП” компанийн хэрэгжүүлсэн төслүүдээс одоо хүртэлх хамгийн том нь. Орон сууц, барилга байгууламжийн тоогоороо ч тэр, нийт төсөл хэрэгжүүлсэн талбай, шинэ технологи, ашиглсан материалуудын дэвшил гэхчлэн бүх талаараа томд тооцогдоно. Удахгүй бид дараагийн том төсөл болох “Шүншиг Гэгээн”-ийг эхлүүлнэ. Үүний өмнө бидэнд итгэл хүлээлгэж, орон сууц худалдаж авсан айл өрхүүдээ баярлуулъя, талархсан сэтгэлээ илэрхийлье гэж манай хамт олон хүссэн. Улсын комисс бүрэн хүлээж авсан нь шинэ он гарахтай давхацсан болохоор мартагдашгүй шинэ оныг оршин суугчдадаа мэдрүүлэхийг хичээсэн. 

-“Шүншиг” төслүүдийг нэгтгэж буй гол хүчин зүйлс та бүхний хувьд юу вэ. Дан ганц барилга, хотхон гэдгээс давсан агуулга, бий болгож, хүмүүст мэдрүүлэхийг хүссэн гол үнэ цэн юу бол?  

-Орон сууц гэдэг хүний насан туршийн өмч хөрөнгө, хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг орчин. Тийм учраас тав тухтай, аюулгүй байхаас гадна барилгад ашиглаж буй материалууд хүний биед сөрөг нөлөөгүй байх ёстой гэдгийг бид чухалчлан үздэг. Барилгын засалд ордог бүтээгдэхүүнүүд, будаг зэрэг нь удаан хугацаанд хүний эрүүл мэндэд мэдэгдэхгүйгээр сөрөг нөлөө үзүүлж байдаг. “Шүншиг-3” хотхоны бүхий л орон сууц бидний ярьдагаар уламжлалт аргаар биш технологи ашигласан, хана таазаа эко угсардаг хавтангаар шийдсэн. Энэ материал нь хамгийн гол нь Европ болон олон улсын шаардлага хангасан тэдгээр улсад нийлүүлэгдэж хэрэглэдэг гэдгээрээ онцлог давуу талтай. Энэ бол дэлхийд тренд болж буй эрүүл, аюулгүй технологи л доо. Ажлын өмнө бетон ханыг тоосжилт үүсэхээс сэргийлж хамгаалалтын тусгай зориулалттай эмульс будгаар бүрэн давхарга үүсгэн буддаг. Гадаа талбай ногоон байгууламж сайтай байхаас гадна дотор орчин ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой. Олон улсад барилгын салбарт үүнийг чухалчилж, стандарт хангасан, байгаль орчинд болоод хүнд ээлтэй технологи, материалын дэвшлүүд өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Тиймээс бид олон улсын барилгын материалын үзэсгэлэнгүүдэд байнга оролцож, чанартай, эко, шинэ бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн төсөлдөө нэвтрүүлэн ашигладаг. 

Бид 2025 оноос эхлэн Олон улсын ISO 45001:2018 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо) болон ISO 9001:2015 (Чанарын менежментийн тогтолцоо) стандартыг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлж, Франц улсад төвтэй AFNOR байгууллагаас дээрх хоёр стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ авсан. Иймд зөвхөн барилгын материалаар тогтохгүй компанийн нийт үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж хэрэглэгчдэдээ үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөхөөр зорьж байгаа. 

Мөн “Шүншиг-3” төслийн нэг том онцлог нь нийт талбайн ердөө 30 хувьд нь барилга, байгууламж, үлдсэн 70 хувь нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай болгосон. Байгаа талбай бүрээ барилга болгож, хүүхэд, гэр бүл алхах, тоглох талбайгүй бетонон ширэнгэ болгохоос бид татгалз­даг. Нийт талбайнхаа 30 хувьд л барилга байгууламж шийдсэнийг хараад хүмүүс гайхдаг. Танайхаас өөр компани байсан бол энэ талбайд 2-3 бай­шин босгочихно шүү дээ гэдэг. 

-Амьдрах орон гэрээ сонгоно гэдэг захиалагч, оршин суугчдын хувьд амин чухал, амьдралдаа цөөхөн гаргадаг том шийдвэрүүдийн нэг. Танай төслүүдийг сонирхож байгаа хүмүүст юу амлаж чадах вэ?  

-Бидний төсөл төлөвлөлт дээр ямар гарсан, яг тэрүүгээрээ байж чаддаг. Хотхоны 30 хувьд л барилга, байгууламж байна гэсэн бол үүнийгээ хангадаг. Дээр нь манай захиалагчид хотхоны төлөвлөлтийг хараад ам сайтай байдаг. Жишээ нь, “Шүншиг-3” хотхоны дотор машин зам байхгүй. Ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбай, алхаж, гүйх уужим саруул зайтай. Машин замуудаа хотхоныхоо гадуур байхаар шийдсэн. Мөн орон сууцнууд нь дараалсан шигүү биш байхаар шийдэж, хол зайтай учраас нэг нэгнийхээ нарны тусгалыг хаадаггүй. Энэ хотхон маань дотроо сургууль, цэцэрлэг, худалдааны төв гэхчлэн цогц шийдэлтэй. 

Манайхыг сонгосон залуу гэр бүлүүдийн онцолдог нэг тал нь доторх бэлэн тавилгууд. Гал тогоо, шүүгээ, гэрэл зэрэг ихэнх зүйлсийг бэлэн суурилуулж, байрны үнэдээ багтаан шийдсэн байдаг учраас шинэ оршин суугчид цахилгаан бараагаа л аваад ирэхэд болдог. Мөн дээр дурдсанчлан барилгын болон тавилгын материалууд бүгд хүний бие, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг онцолмоор байна. Бид амлая энэ бол хүний эрүүл мэндэд хамгийн чухал нь шүү.

-“Шүншиг Гэгээн” төслийн нээлт дөхжээ. Танай компанийн хувьд чухал төслүүдийн нэг байх. Энэ бол өөр компанийн хариуцаж байгаад больсон, захиалагчдын хувьд хүлээлт, итгэл их өндөр төсөл болов уу?

-Энэ бол анх “Ивээлт цамхаг” гэх компани 2021 онд эхлүүлсэн төсөл байсан. Манай төлөвлөснөөс хоёр дахин том газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтаар шалгараад, газар чөлөөлөх ажлаа эхлүүлээд явж байсан юм билээ. 46.1 га газарт орон сууц барих зөвшөөрлөө аваад, эхний 17 айлтай барилга ашиглалтанд орох үед байр өгөх гэрээ байгуулаад, газрыг нь чөлөөлчихсөн. Гэтэл 2025 он хүртэл төсөл нь ерөөсөө яваагүй, хэрэгжээгүй. Гэр орноо буулгуулчихсан айлууд 4-5 жил хойноос нь хөөцөлдөөд бараагүй, төсөл үндсэндээ зогсчихсон байсан учраас нийслэлээс эрхийг нь цуцлаад, өнгөрсөн оны тавдугаар сард дахин сонгон шалгаруулалт зарласан. Төслийн талбайг хоёр хувааж, нэг хэсэгт нь сонгон шалгаруулалт хийхэд нь манай “МД ТОП” компани материалаа өгч, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. “Шүншиг-3” төсөл маань дуусаж, бид дараачийн төслөө судалж байсан үетэй давхацсан учраас бид оролцоод үзье гэж шийдсэн л дээ. Энэ бол зөвхөн эдийн засаг талаасаа ашиг харж хэрэгжүүлэх гэж байгаа төсөл биш нийгмийн, хамтралын, ойлголцлын эерэг харилцааны жишиг болно.

“Шүншиг гэгээн” төслийг “МД ТОП” компани Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци хамтран хэрэгжүүлж байгаа. НЗДТГ, НОСК гадна дэд бүтэц буюу цахилгаан, дулааны дэд бүтцийг шийдэхээр болсон. 

-Газраа чөлөөлж өгөөд 4-5 жил төсөл эхлээгүй, цаг хугацаа олон боломжоор хохирсон айл өрхүүдтэй хамтран ажиллах болж байгаа юм байна. Энэ айлуудын төлөөлөлтэй уулзахад ямархуу зүйлсийг ярьж байв? 

-Яг үнэнийг хэлэхэд бүгд хаширчихсан байсан. Аргагүй л дээ, 3-4 жил эхлээгүй төслийг хүлээнэ гэдэг цаг хугацаа, мөнгө хөрөнгө гээд олон талаар хохирохын нэр. Тэдэнд баталгаатай хугацаа, найдвартай төсөл нэн чухал хэрэгтэй байсан. Бид олон удаагийн уулзалт хийж, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулж, зураг төсөл болон бодит бүтээн байгуулалтаа харуулж, бүр ашиглалтад орсон төслүүд дээрээ аваачсан. 

Манай давуу тал бол бид барилгын салбарт 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. “Шүншиг-3” бол манай нэрийн хуудас болсон төслүүдийн нэг. Бид тэдгээр айлуудыг аваачиж, зураг төсөл болон бодит байдалд хэрхэн баригдсан бэ гэдгээ үзүүлэхэд одоо л итгэл төрлөө гэж байсан. Эхлээд зураг төсөл, макетаа үзүүлээд бэлэн баригдсан хотхоноороо дагуулж яваад нэг бүрчлэн харьцуулсан л даа. Бид туршлагатай, дээр нь том хэмжээний төслүүдийн ард гарчихсан гэдгээ харуулж чадсан. Үүний дараа маш богинохон хугацаанд бид айл өрхүүдтэйгээ гэрээ байгуулж, одоо газраа бүрэн чөлөөлөөд төслөө албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болоод байна. 

Дээрх 17 айл болон төслийн нийт хамрагдах талбайн айл өрхүүдэд мэдээлэл өгч, төслөө танилцуулаад журмын дагуу 80 ба түүнээс дээш хувь нь зөвшөөрсөн санал өгөх ёстой гэдгийг бид давуулан биелүүлж чадсан. 

-Нийтийн эзэмшлийн асар том талбай, чөлөөтэй орчинтой барилга барьдаг нь танай гол давуу тал. “Шүншиг Гэгээн” хорооллын төслийг төлөвлөхдөө өөр нэмэлт ямар давуу талууд бий болгох вэ? 

-Төслөөс төслийн хооронд бид технологи, материалаа улам сайжруулж явахыг эрхэмлэдэг. Мэдээж манай үндсэн философи болох нийтийн эзэмшлийн уудам, саруул талбай, ногоон байгууламж сайтай байх нь “Шүншиг Гэгээн” төсөлд хадгалагдана. Барилгад ашиглаж буй бүтээгдэхүүн, материалууд хүний биед хоргүй, эко, шинэ технологийнх байна гэдгээ ч хангана. Үүнээс гадна бид энэ төсөлдөө сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахаар төлөвлөсөн. Энэ төслийн хамгийн өндөр барилга 22 давхар байх юм. Гэнэт цахилгаан тасарвал тэр хүртэл алхана гэдэг түвэгтэй шүү дээ. Тиймээс бид цахилгаан шатаа цэнэгээ хураадаг зайгаар шийдэж, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг, эрчим хүчний хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. 

Мөн “Шүншиг гэгээн” хорооллын  (блок) тус бүр өөрсдийн дундын эзэмшлийн  бассейн болон фитнесс танхим, club house-тай байхаар төлөвлөж байна. Үүндээ ямар нэгэн үйлчилгээний төлбөр төлөхгүй гээд л бод. Энэ бол жинхэнэ амьдралын чанар, шинэ хэв маяг тийм үү. Хороолол дотроо хэрэгцээтэй бүхий л үйлчилгээгээ авах, алхаад хүрэхэд ойрхон байхыг бид чухалчлан үзэж байгаа. “Шүншиг Гэгээн” хороолол дотроо бүр бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болно. 

-Төслийн үргэлжлэх хугацааны талаар ямар мэдээлэл өгөх вэ? 

-2026 оны нэгдүгээр улиралд “Шүншиг гэгээн” төсөл албан ёсоор эхэлж 2027 оны I улиралд эхний барилгууд бэлэн болно гэсэн төлөвлөгөөтэй явж байна. 2030 оны дөрөвдүгээр улиралд төслийн нийт 29 барилга, байгууламж ашиглалтад бүрэн орж дуусна. 

-Алхах зайд хүний бүхий л хэрэгцээг багтаасан байхаар төлөвлөсөн байна. Дээр нь нийтийн эзэмшлийн эрчим хүчийг 100 хувь сэргээгдэх эх үүсвэрээр хангана гэжээ. Заавал ийм байх ёстой гэж албадаагүй ч танай компанийн бүр ДНК-д суусан амин чухал бодлого, зарчмууд байх шиг ээ. 

-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний зарчим, шаардлагууд манай компанийн философитой таарч байгаа. Хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлнэ гэдэг чухал. Амьдрахад таатай байна гэдэг нь түвэггүй алхаад хүрэх орон зайд хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ байхын нэр. Нийтийн эзэмшлийн саруул, уудам орон зай, ногоон байгууламж сайтай байхын нэр. Машинаар явж түгжрэхгүйгээр алхаад хүрчих орон зайн ухаалаг, амьдралд ойрхон төлөвлөгөө гэсэн үг. “Шүншиг-3” төслөө хэрэгжүүлэхдээ бидний барьсан философи энэ байсан. “Шүншиг Гэгээн” төсөлд улам бүр төгөлдөр болж хэрэгжинэ. 

-Энэ бол НЗДТГ, Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл. Энэ хамтын ажиллагааны онцлог болон чухал зүйлсийн талаар та юу хэлэх вэ? 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорацитай хамтран “Шүншиг Гэгээн” төслөө хэрэгжүүлж байгаадаа бид олзуурхаж байгаа. Ялангуяа дэд бүтцийн шийдлүүд дээр маш том дэмжлэг үзүүлж байгаа нь чухал. Эргээд газраа чөлөөлсөн айл өрхүүдэд ч итгэл, найдвартай баталгаа төрж байгаа. Газраа чөлөөлсөн иргэдийн газар өмчлөлийн эрхийг НЗДТГ, НОСК хамгаалаад ороод ирж байна гэсэн үг. 20 жилийн туршлагатай, томоохон төслүүд хэрэгжүүлсэн компанийн хувьд бид “Шүншиг Гэгээн” төслийг амжилттай хэрэгжүүлснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн урдаа барих, жишиг төсөл болоосой гэж хичээн ажиллаж байна. 

-Хэрэв нууц биш бол Төсөл хэрэгжүүлэгч талаас захиалагчдадаа хандаж уриалах ч юмуусанал болгох мэдээлэл өгөх үү?

-Бид үргэлж нээлттэй мэдээллээр  хангаж ажилладаг, нууцлах зүйл байхгүй дээ. Ер нь бол байр түрээслэх үнээр л өөрийн болгох боломж нөхцөл  дээр ажиллаж байна . Мэдээж урьдчилгаа төлбөр төлнө, гэхдээ графикт төлбөр нь 60 сар хүртэл байх боломжтой судалгаа гарч байгаа. Сайхан боломж биш гэж үү. Одоохондоо надад нийгэм, олон нийтийг хамарсан ийм л эерэг мэдээлэл байна даа.

Танай төслийн нэрний утга ерөөлөөр амжилт хүсье! БАЯРЛАЛАА, ШҮНШИГ ГЭГЭЭН.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна