Украины сүмоч Аонишики анхныхаа түрүүг авч, озэки цол авах нь тодорхой боллоо. Үндсэн барилдаанд озэки Котозакүра, нэмэлт барилдаанд ёкозүна Хоошёорюүг давснаас харахад озэки цолоос дээш ч явж мэдэхээр байна. Дайны галаас зайлсхийж, Японд ирээд гурван жил хагас болжээ. Ердөө 14 башё барилдаад сүмо бөхийн дээрээсээ хоёр дахь том цолыг авлаа. Мэдээж сүмо бөхийн түүхэн амжилт. Түүнийг зарим нь ёкозүна Чиёонофүжитэй адилтгаж байгаа бол нэг хэсэг нь их аварга Асашёорюүтэй төстэй гэлцэнэ. Харин Аонишики өөрөө сэтгүүлчдэд ёкозүна Харүмафүжигийн Ама байсан үе шиг барилдах сонирхолтой гэж байлаа.

Аонишикигийн ояката багш нь Харүмафүжитэй хамт барилдаж байсан уран барилдаанч сэкивакэ Аминишики буюу одоогийн Ажигава ояката. 47 настай. 2022 оны 12 дугаар сарын 1-нд Исэгахама дэвжээнээс тусдаа гарч, Ажигава дэвжээг шинээр байгуулснаас хойш төрсөн анхны дээд зиндаанд түрүүлсэн бөх нь.

Ажигава ояката хайртай шавийнхаа түрүүлсэнд маш их баяртай байгаа бололтой, сэтгүүлчдэд “Аонишикигийн дээд зиндаанд дэвшсэн, шинэ комүсүби, сэкивакэ цолыш нь мялаагаагүй байсан юм. 12 дугаар сарын 27-нд дэвжээнийхээ 3 жилийн ойг сэкивакэ цолны найртай хамт хийх гэж байсан чинь одоо Озэки цолны баяр боллоо” гэж ярьсан байна.

Мөн “Үнэхээр сайн барилдлаа. Өөрийнхөө хүчээр авсан түрүү гэж хэлсээр байна. Улам илүү хүчтэй болох гэж хэнээс ч илүү бэлтгэл хийснийх нь ач тус гарлаа. Би дэвжээгээ нээгээд хэзээ ч гадаад бөх авахгүй гэж шийдсэн байсан. Гадаад бөх нэг дэвжээнд нэг байх дүрэмтэй. Ингээд гадаад бөхгүй дэвжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүсэлт ирнэ. Янз бүрийн хүчтэнүүд, сайхан булчинлаг залуус, сайн тамирчид байсан ч татгалзсаар ирсэн. Мэдээж ганцхан гадаад бөхөөрөө бүх дэвжээ хамгийн хүчтэйг нь сонгохыг хүснэ. Тэд ирээд сүмо бөхөө ойлгож амжаагүй байхдаа цол аваад дээш явчихдаг. Үүнээс болоод үл ойлголцол гардаг. Залуу бөхчүүдэд юм зааж өгөх япон бөх надад хэрэгтэй байлаа. Гэвч нэг удаа итгэлтэй хүнээс санал ирсэн. Хотокү сургуулийн дасгалжуулагч Фүкүда сан нэг гадаад бөх танилцуулъя гээд. Би ахлах сургуульд байхаасаа л Фүкүда багшийг мэддэг байсан болохоор “За ийм мундаг хүн санал болгож байгаа юм бол нэг удаа уулзаад үзье” гэж бодсон юм. Яриаг нь сонсоод болно гэж бодож байтал нүд нь их таалагдсан. Маш шулуун, шударга харцтай, дээр нь сүмод үнэн сэтгэлээсээ дуртай гэдэг нь мэдрэгдэж байлаа. Аонишики 2022 онд Японд ирээд Кансай их сургууль, Хотокү ахлах сургууль дээр бэлтгэл хийж байсан болохоор Фүкүда сан сайн мэдэж байсан нь гарцаагүй. Тэгэхээр Фүкүда санд итгээд үзсэн юм. Аонишикигийн Японд ирсэн түүх, уулзсан үе гээд бодоод үзэхээр бид хоёр уулзах заяатай багш шавь хоёр байсан юм. Ингээд дэвжээндээ эхлээд дадлагажигчаар элсүүлж байлаа. Одоо цаашдаа яах вэ гэдэг маш чухал. Бид хоёр хамтдаа бэлтгэл хийж, хамтдаа шинэ юм суралцаж, мөр нийлүүлэн, улам дээшээ гарахыг хичээх болно” гэжээ.

