UBLife Logo
Спорт

Сүмо: Озэки Такакэйшёо ингэж 70 кг турсан

Сүмо: Озэки Такакэйшёо ингэж 70 кг турсан

Өнгөрсөн оны есдүгээр сард озэки Такакэйшёо 28 настайдаа зодог тайлсан гол шалтгаан нь хүзүүний бэртэл байлаа.

Түлхэж, цүппариддаг барилдаантай тул өрсөлдөгчөөсөө жин ахиу байхгүй бол урагшаа явахгүй. Харин зодог тайлснаасаа хойш гэнэт туран, гэрэл зургийг нь харсан хүмүүс ч танихгүй байв. Зодог тайлаад зодог тайлах ёслол хүртэлх хооронд 70 кг жин хасжээ. Такакэйшёо бол 175 см нуруутай, өөрөөр хэлбэл намхан тул жингээ нэмж, бие хаагаа чангалж байж, озэки цолонд хүрсэн бөх.

“Барилдаан нь заавал урагш түлхэж, дайрч барилддаг тул гэмтэл ихтэй, эрт зодог тайлахаас өөр аргагүй болсон. Жижиг биетэй бөхчүүд эрт зодог тайлдаг тохиолдол олон ч Такакэйшёо озэки цол хүртэж чадсан бөх” гэж нэгэн ояката хэллээ.

Зодог тайлаад тэрээр Сүмо бөхийн холбоонд оякатагийн ажил хийж байгаа. Ажил дээр нь тааралдаж байсан хүмүүс жингээ хасаж, турсныг нь мэдэж байсан ч тааралдаагүй хэдэн сар болсон хүмүүс анх танихгүй байжээ. Ингээд магэ үсээ авхуулах ёслол дээр бүгд үнэхээр гайхсан. Такакэйшёо жаахан хүүхэд шиг болчихсон байлаа. Ингээд манай сэтгүүлийн сурвалжлагч түүний аавтай уулзаж, хэрхэн турсныг нь лавласан юм.

Арслангийн аав Казүя Сато “Барилдаж байх үедээ хэт их иддэг байсан. Харин одоо хоолны хэвийн дэглэмдээ орсон болохоор нь жин нь аяндаа буугаад ирсэн хэрэг. Жингээ хасаагүй, өвчин тусаагүй. Ийм л зүйл болсон. Миний хүү багаасаа хоолны дуршил тааруу хүүхэд байлаа. Харин одоо нүүр царай, арьс нь гялалзаад эрүүл энх, цусны шинжилгээ ч сайн гарсан. Хэт хурдан тураад ёслол хүртэл нэлээд хэдэн костюм авсан шүү. Өмсөөд таараад, хэд хоноод л томдоод байлаа. Аавын хувьд одоо л яг жинхэнэ байх жиндээ орж, эрүүл энх байгаад нь их баяртай байгаа” гэж тайлбарласан юм.

Такакэйшёо барилдаж байхдаа 186 кг байсан. Одоо 110 кг байгаа гэнэ.

Казүя Сато “Манай хүү бага сургуульд, гуравдугаар ангид байхдаа сүмо барилдаж эхэлсэн. Би хүүгээ хүчээр хоол идүүлдэг байлаа. Мах аманд нь чихээд идүүлнэ, хүү заримдаа бөөлжиж гаргаад л. Мэдээж хүүгээ хүчтэй, сайн бөх болоосой гэсэн хүслээр л идүүлээд байлаа. Мэргэжлийн сүмод орохдоо л овоо сайн иддэг болчихсон байсан. Рамэн шөл 7-8 аяга, дараа нь 2-3 аяга будаатай хоол нэг дор иддэг болсон гэж сонсож байсан. Хөөрхий дээ, хүчээр идсээр байгаад будааны амт ч сайн мэдэхгүй болсон байж магадгүй. Одоо харин ёстой дуртай хоолоо сонгож, амталж идэж байгаа байх” гэж ярьж байна.

Сүмочид өдөрт хоёр удаа хоолонд ордог. Өглөөний бэлтгэлийн дараа өлөн ходоод дээрээ болон орой цадталаа иднэ. Ингэж байж жин нэмдэг.

Гэнэт хоолны дэглэм өөрчлөгдөөд хүний биед өөрчлөлт гарах эсэхийг эмч нараас асуухад “Хүний өндөр, жинтэй харьцуулан таргалалт хэмждэг BMI гэж байдаг. Такакэйшёогийн хувьд булчин ихтэй мэргэжлийн тамирчин байсан хүн тул жирийн хүнээс ондоо. Бидний шинжилгээгээр ямар ч илүү юм ажиглагдаагүй. Тиймээс одоогийн жингээрээ байсан нь эрүүл гэсэн үг” гэж хариулж байлаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.