ОХУ-ын тамирчин, уран гулгалтын дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга Елизавета Туктамышева өнгөрсөн 11 дүгээр сард зодог тайлснаа зарласан билээ. Харин өнөөдөр түүний төрсөн өдөр. ОХУ-ын хамгийн “халуухан” тамирчдын нэг Елизавета Туктамышева 39 нас хүрч байгаа юм.
“Уран гулгалт бол бидний хувьд жижигхэн амьдрал байлаа. Саад бэрхшээл таарч, гэмтэл бэртэл тохиолдож байсан ч маш олон сайхан зүйл амсаж, аз жаргалтай байлаа. Би замналдаа сэтгэл хангалуун байна. Зодог тайлахад маш хэцүү байх болно гэж бодож байсан ч одоо зарлахад хүнд зүйл алга. Би зодог тайлж байна. Баярлалаа. Хайртай шүү, Туктик. Үргэлж та бүхний Елизавета байх болно” Елизавета Туктамышева
Елизавета бол хэзээ ч, хаана ч өөрийнхөөрөө байдаг, ямар ч загварын урсгалыг дагадаггүй, өөрөө зохиодог тийм л бүсгүй. Энэ бүсгүйн тухай ярих бас нэгэн учир шалтгаан байгаа нь нэр. Мөн түүний гарал сонирхол татна.
Елизавета Туктамышева 1996 оны 12 дугаар сарын 17-нд Удмуртын Глазов хотод төрсөн. Яс үндэс нь удмурт, татар, орос гэсэн хэд хэдэн таамаглалтай. Түүний дасгалжуулагч Алексей Николаевич Мишин шавийнхаа Туктамышева хэмээх овгийн гарал үүслийн талаар ихэд сонирхдог байснаа хэлсэн байдаг.

Харин спортын алдартай сэтгүүлч Артур Вернер тамирчин бүсгүйн ургийн модыг судалж үзээд, тэдний гэр бүл Монголын Тохтамыш хаанаас эхтэйг олж мэдсэн байна. Тохтамыш бол Алтан ордын хоёр хэсэг болох Цагаан орд, Хөх ордыг нэгтгэж нэгэн улс болгосон Цагаан ордын сүүлчийн хан байв. Тэрээр Чингис хааны хамгийн том ач Орд хааны удам юм. Орд хаан нь Зүчийн ууган хүү.
Дасгалжуулагч Мишин үүний дараа “Би агуу Чингис хааны удмыг дасгалжуулж байгаадаа баяртай байна” гэж хэлж байсан юм.
Елизавета таван настайдаа төрөлх Глазов хотод гулгаж эхэлсэн. 2006 онд болсон нэгэн тэмцээний үеэр түүнийг Алексей Николаевич Мишин олж харан, шавиа болгосон юм. 2011 онд Елизавета Санкт-Петербург хотод гэрбүлийн хамт шилжин суурьшсан юм.
Елизавета Туктамышева гулгах ур чадвараас гадна мөсөн дээрх халуухан дүрээрээ спорт сонирхогчдын анхаарлыг татдаг. 2018 онд Бритни Спирсийн Toxic дууны аялгуун дор онгоцны үйлчлэгчийн дүрийг бүтээсэн нь одоо ч үзэгчдийн үзэх дуртай номер хэвээр байна.
Елизавета Туктамышева олон нийтийн сүлжээнд нүцгэлэхээс зугтдаггүй. Maxim сэтгүүлийн нүүрийг тэр чимж байлаа.

Туктамышева “Зураг авалтын дараа хүмүүсийн шүүмжлэл, дайралт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ намайг гомдоох амаргүй. Би ямар ч сөрөг зүйлийг ой ухаандаа хадгалдаггүй, тэр дор нь мартчихдаг. Өмнө нь би олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хамгаалан, маргалддаг байсан. Харин одоо маргалдаж, хэрэлдээд ямар ч ашиггүй юм гэдгийг ойлгосон. Дэмий шүүмжлэлээс болж, өөрийгөө зовоогоод яах билээ. Харин жинхэнэ шүүмжийг найз нөхдөөсөө сонсдог” гэж ярьж байлаа.

