“Гэрэг” сэтгүүлийн редакц дэлхийн шилдэг хэвлэл “Нью-Йорк Таймс”-тай хамтран “Turning Points” сэтгүүлийн зургаа дахь дугаарыг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаад байна. Жил бүр улирах оны онцлох үйл явдлыг дүгнэн, ирж буй шинэ жилийн дүр зургийг хэрхэн тольдсоноо олон улсын нэр хүндтэй авторууд нийтлэн бичдэг нь “Turning Points” брэндийн онцлог билээ.
Тэгвэл энэ удаагийн дугаарт салбар бүрийн онцлох ямар уран бүтээлч, судлаач, сэтгэгчид эсээгээ хуваалцсан бэ гэдгийг танилцуулъя.
Анналена Баэрбок
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 80 дахь хуралдааны даргалагч, Германы дипломат, улс төрч

Анналена Баэрбок нийтлэлдээ энэ жил тохиосон Нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг эргэн харж, олон улсын байгууллагуудын хариуцлага, хүний эрх, энх тайвны үнэ цэнийг тунгаан бичжээ. Тэрээр олон жилийн улс төрийн туршлага дээрээ тулгуурлан НҮБ бол зөвхөн институц бус дэлхий нийтийн итгэл найдвар дээр оршин байдгийг эргэн харахыг сануулж, ирээдүйд юунд анхаарч, хэрхэн ажиллах ёстойг өгүүлсэн. Баэрбок хүний эрх, институцийн шинэчлэлийн чиглэлд тод дуу хоолой болдог, Европын Холбооны гадаад бодлогын голлох чиглүүлэгчдийн нэг юм.
Дэн Жонес
Их Британийн түүхч, зохиолч

“Powers and Thrones”, “Lion Hearts: A Novel” зэрэг олон бестселлер номын зохиолч, түүхч Дэн Жонес дундад зууны Европын хаант засгийн жишээгээр дамжуулан өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг тайлбарлан эргэцүүлжээ. Эрх мэдэл хэрхэн төвлөрдөг, яагаад хүмүүс “мөнхийн удирдагч”-ийг хүлээн зөвшөөрөх хандлагатай байдгийг түүхэн баримтаар дамжуулан өгүүлсэн бөгөөд өнөөгийн ардчилалд тулгараад буй асуудлуудыг түүний нийтлэл сануулна. Жонесийн нийтлэл өнгөрснийг хүүрнэх бус түүхээ эргэн санаж, өнөөдрийг ойлгоход чиглэсэн юм. 2015 онд Жонесийн “Secrets of Great British Castles” бүтээл нь Нетфликс дээр баримтат кино хэлбэрээр цацагдаж байв.
Жонатан Хэйдт
Нью-Йоркийн Их Сургуулийн профессор, нийгмийн сэтгэл судлаач

Хиймэл оюуны эрин гэгдэж буй энэ цаг үед хиймэл оюунд суурилсан чатботууд өсвөр үеийнхний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж, ямар эрсдэл дагуулж буйг Жонатан Хэйдт өгүүллээрээ дамжуулан сануулж байна. Тэрээр ухаалаг утас, нийгмийн сүлжээний дараа хүч түрэн гарч ирж буй хиймэл оюунд суурилсан чатботууд хүүхдийн хөгжил, сэтгэл зүйд тулгамдсан асуудал болж буйг онцолж, өмнөх алдааг дахин давтахгүй байхыг уриалжээ. Жонатан Хэйдт нь Нью-Йоркийн Их Сургуулийн “Stern School”-ийн профессор бөгөөд нийгмийн ёс суртахуун, улс төрийн сэтгэл зүй, технологи ба өсвөр үеийнхний тархины хөгжил зэрэг чиглэлээр мэргэшсэн, нөлөө бүхий судлаач юм. Түүний 2024 онд гаргасан “The Anxious Generation” ном нь GenZ үеийнхний сэтгэл зүйн хямралын талаар асуудлыг хөндсөн, нөлөө бүхий бүтээл.
Жина Апостол
Филиппин-Америкийн зохиолч

Энэ жилийн “Turning Points” сэтгүүлээс алдаж үл болом нийтлэл бол Жина Апостолын ардчиллын үнэ цэн, иргэний нийгмийн ач холбогдлыг өөрийн орны жишээгээр тайлбарласан нь юм. Тэрээр улс төрийн дарангуйлалтай тэмцэх иргэдийн тэмцлийг нэн сонирхолтой өнцгөөр өгүүлэхдээ ардчилал бол бодит амьдрал дээр хамгаалж, дээдэлж байж оршдог үнэ цэнтэй зүйл гэдгийг сануулжээ. Апостол Азийн улс төрийн авторитаризмын эсрэг иргэний хөдөлгөөн, колоничлол, дарангуйллын нөлөөг зохиол бүтээлээрээ дамжуулан өгүүлж, ул суурьтай шүүмжилдгээрээ уран зохиолын болоод академик салбарт чухал байр суурь эзэлдэг.
Диего Луна
Жүжигчин, найруулагч

Диего Луна бол зөвхөн Латин Америкт төдийгүй дэлхийн кино урлагийн салбарт нийгмийн амьдрал, улс төрийн асуудлуудыг уран сайхны аргаар хүүрнэдгээрээ танигдсан уран бүтээлч. Тэрээр нийтлэлдээ урлаг, ялангуяа кино хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай нэн сонирхолтой өгүүлжээ. Бодит байдалд хэт туйлширсан орчин цаг үед жинхэнэ уран сайхны өгүүлэмж, кино урлаг хүнд юмсыг өөр өнцгөөс бодож эргэцүүлэх боломжийг олгож, нинжин сэтгэл төрүүлдэг онцгой орон зай гэдгийг онцолжээ.
Мексикийн дуучин, хөгжмийн зохиолч Наталия Лафуркаде

Грэммийн шагналт дуучин, Латин Америкийн хөгжмийн ертөнцийн тод шигтгээ Наталия Лафуркаде бол акустик-поп, фолк урсгалын гол төлөөлөгчдийн нэг бөгөөд үндэсний хөгжмийн элементүүдийг орчин үеийн хэв маягтай чамин хоршуулдаг уран бүтээлч юм. Хүмүүнлэгийн тоглолтууд, соёлын өвийг сэргээх төслүүдэд идэвхтэй оролцдог тэрээр өнөөг хүртэл туулсан уран бүтээлчийн замналаараа дамжуулан урлаг бол хүн жинхэнэ өөрийгөө олох замыг дөтөлдөг хүчтэй агаад гайхалтай зүйл гэдгийг өгүүлжээ. Түүнчлэн, хүн хоорондын нандин холбоонд хиймэл оюун, технологийн хөгжил анхаарал хандуулах асуудал болж буйг онцолсон байна.
Дизайнер Харрис Рийд

Харрис Рийд бол “Nina Ricci” брэндийн бүтээлч захирал асан, дуучин Харри Стайлсийн хараа булаам олон дүр төрхийг бүтээсэн чадварлаг стилист, загварын ертөнцөд жендэрийн хэвшин тогтсон ойлголтыг шинэ түвшинд гаргасан дизайнер юм. Хувцас бол зүгээр нэг гоёл зүүсгэл бус өөрийхөө улс төр, соёлын байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх “зэвсэг” гэдгийг Харрис Рийд нийтлэлдээ онцолжээ. Тэрээр максималист загвар, тод өнгө дүрслэл бүхий хувцаслалт, хэв маяг нь өнөөгийн нийгэмд дуу хоолойгоо илэрхийлэх хэл болж буйг нийтлэлдээ тусгасан юм. Түүний нийтлэл өөрийнхөөрөө хувцаслаж, эрх чөлөөтэй байх нь ирээдүйд хамгийн том зориг ч байж болохыг сануулна.
Кино зохиолч Жак Торн

BAFTА, Эммигийн шагналт кино зохиолч Жак Торн өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн асуудлуудыг өөрийн бичсэн “Adolescence” цувралын судалгаанд тулгуурлан эргэцүүлжээ. Өсвөр насны хөвгүүд, залуус яагаад ихэнх зүйлд уур бухимдлаараа хариу үйлдэл үзүүлэх болсон, үүний цаана ямар нийгмийн асуудлууд оршин буйг онцолсон байна. Жак Торн сэтгэл зүйн асуудлууд, нийгмийн анги давхарга, системийн шударга байдлыг хэт чамин, хийсвэр бус бодитоор өгүүлдгээрээ алдартай.
Улс төр, түүх, нийгмийн болоод хүний сэтгэл зүй, урлаг соёлын олон өнгийг өгүүлэх эдгээр нийтлэл, эсээнүүд уншигч танд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломжийг нээх нь гарцаагүй. “Turning Points”- Global Agenda сэтгүүлийн зургаа дахь дугаарыг ЭНЭ холбоосоор орж захиалаарай.
