Манай улс 2024 онд буюу нэг жилийн дотор 9 удаа төрийн болон албан ёсны айлчлал хүлээн авсан нь урьд өмнө нь байгаагүй тохиолдол байлаа. 2024 он бол түүхэндээ хамгийн олон айлчлал хүлээн авсан, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжсэн, бүхий л салбарт бодит үр дүн гарсан, “Дэлхийг Монголд” гэсэн бодлогыг бататгасан жил байлаа.
Тэгвэл 2025 он өмнөх он жилүүдэд олсон ололт, амжилтаа бататгаж, харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, улам өргөжүүлэн хөгжүүлсэн, гадаад харилцааны тэнцвэртэй бодлогыг хангасан жил боллоо.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Турк, Чех, Польш, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Итали, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийсэн бол Узбекистан, Туркменистан, Австри, Австралийн төрийн тэргүүн, Японы Цог Жавхлант Эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийлээ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлж, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, Ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Төрийн айлчлалаар Турк, Чех, Узбекистан, Киргиз, Итали Улстай тогтоосон харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэлээ.
Ялангуяа Бүгд Найрамдах Итали Улстай харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулж, “Стратегийн түншлэл” тогтоолоо.
Австрали Улстай хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажуулж, Польштой “Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-г баталлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо хөрш хоёр улсын төрийн тэргүүнтэй уулзаж, Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, ОХУ-аас манай улсын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцлоо.
Одоогоор ОХУ, БНХАУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай. АНУ-тай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Японтой “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энэтхэг, Италитай “Стратегийн түншлэл”, Чех, Узбекистан, Киргизтэй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна.
Манай улс 2021 оноос хойш НҮБ-ын гишүүн 192 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоолоо.