Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Пянзны эрин үе | Аналог дуугаралт арай өтгөн илүү зөөлөн


Пянз тоглуулагчийг монгол хэлээр “эгшигт хайрцаг” гэж нэрлэх нь бий. "Сэрэлт" киноны гол дүр болох орос эмч өвчтөн ирэхгүй болохоор нь гадаа суун пянз тоглуулдаг хэсгийг та бүхэн мэдэх байх. Анх 1880-аад онд гарч ирэн бүтэн зууныг доргиож, хүмүүсийн сэтгэлийг хөгжмөөр тэтгэсэн энэ зүйл "си ди" гэх тоон бичлэгэнд шахагдан зах зээлээс гарсан удаатай ч сүүлийн жилүүдэд дэлхий даяар эргэн түгэн дэлгэрээд байна. 

Хаанаас ч хүссэн дуугаа хормын төдийд сонсох боломжтой энэ үед пянз гэх дугараг хар зүйл хүмүүсийн сэтгэлийг татсаар байгаа нь хачирхалтай. Арчилгаа шаардах, олдоц ховор, төвөгтэй ч гэмээр энэ хуучны соёл эргэн ирж буйн шалтгаан юу вэ?

Бид дээрх асуултын хариуг олохоор Улаанбаатар хотын өөрийн гэсэн онцлогтой гурван төрлийн пянзны дэлгүүрээр зочлон дэлгүүрийн эзэдтэй сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэнд хүргэж байна. Пянз цуглуулж хөгжим сонсохын утга учир хийгээд техник хэрэгслийн тал дээр юуг анхаарах ёстойг дараах бичвэрээс уншина уу.
                                                               Chinzo’s Records Room

Энэхүү дэлгүүрийн уур амьсгалыг “Vintage” гэж тодорхойлъё. Ихэнхдээ домог болсон классик рок хамтлагийн пянзнууд олноороо байв. Ханан дээр нь “Pink Floyd”, “King Crimson” хамтлагийн зурагт хуудас байгааг та харж болно. Бүх пянз нь Герман улсаас орж ирдэг ба мастеринг хийсэн нэг ч пянз байхгүй гэв.

Байршил: Сөүлийн гудамж, Наран дэлгүүрийн урд 45-р байр 1-р орц

Фэйсбүүк хуудас: Chinzo's Records Room


Г. Чинзориг: Пянз сонсоно гэдэг гүн гүнзгий мэдрэмж шаардсан маш их таашаал өгдөг эд шүү дээ

“Биднийг ид хөгжим сонирхож байсан үе Социалист нийгмийн хайрцган дотор л өнгөрсөн. Тухайн үед Оросоор дамжин зүүн европын соёл, хөгжмийн урсгал Монголд орж ирдэг байлаа. Евро-поп, евро-диско, итали дуунууд л их сонсдог байждээ. Харин одоо бол хөгжим сонсъё гэхэд бидний үзэж хараагүй, өмнө нь мэдээгүй маш их юм байна. Нэлээн том зоорийн хаалгыг дөнгөж нээгээд л харж буй мэт. Аль алиныг нь сонсож үзээд мэдэрнэ гэхэд маш их хугацаа орох байх.

Манай улсад пянзны соёл сүүлийн 7, 8 жилийн дотор л сэргэж байна. Дээхэн үед хэдэн орос пянзаа л хоорондоо булаацалддаг байлаа. Хаа нэг баруунаас хамаатан садангаар дамжиж ирсэн пянзнууд ховорд тооцогдоно. Харин сүүлийн 2-3 жилд гэхэд пянз нэлээн элбэг болжээ. Бид чинь нүүдэлчин улс болоод ч тэр үү хуучин үеийн пянзнуудаа хадгалж үлдсэн хүмүүс тун цөөхөн. Зах зээлийн донсолгоонд олон ч айлууд пянзаа тоосонд даруулан, хүүхдүүд нь нисгэж тоглосоор дуусгасан байх. Уг нь пянзыг өнө удаан хугацаанд цоо шинэ юм шигээр хадгалах боломжтой.

Пянз сонсоно гэдэг гүн гүнзгий мэдрэмж шаардсан маш их таашаал өгдөг эд шүү дээ. Хүний амьдралд хандах хандлагыг тодорхойлж, хөгжим болоод гоо зүйн суурь мэдрэмжийг хөгжүүлдэг нарийн соёл юм. Аав ээжүүд хүүхдийнхээ ертөнцийг үзэх үзэлд их анхаардаг болжээ. Саяхан нэг залуу шинэхэн төрсөн хүүхдэдээ сонгодог хөгжим сонсуулна гээд манайхаас ирж тоглуулагч авсан. Залуу гэр бүлүүд орон гэрээ бас пянзаар тохижуулдаг болсон байна. Сонирхлууд бол янз бүр”.

Мастеринг хийсэн пянзны тухайд: 

“Манай дэлгүүрт бол одоогоор тийм пянз байхгүй. Мастеринг хийсэн студиэсээ шалтгаалах байх. Зарим хүмүүс CD дуугаралттай л гээд байдаг. Хуучны хэвлэлтийн пянзыг илүү зөөлөн гоё дуугаралттай гэж ярьдаг. Зөөлөн гэдэг нь чанга сул гэдэгтээ биш, чихэнд дуулдахдаа хахир биш, сонсголонтой гэсэн үг лдээ".

Пянз тоглуулагчийн тухайд: 

“Пянз тоглуулагчид тавигдах үндсэн хоёр шаардлага бол эргэлтийн хурд болоод зүүний даралт зөв байх явдал юм. Пянз тоглуулагчийн зүү пянзан дээр дарах жингийн үзүүлэлт их чухал. Зүү болгон тодорхой жинтэй байна. Зүүг тогтоон барьдаг зүйл нь ч өөрийн гэсэн жинтэй. Зүү пянзанд хүрэхдээ хэт хөнгөдвөл дээгүүр нь гүйгээд, хэт хүндэдвэл пянзаа ухаад байдаг. Муухай хүржгэнэж дуугарна. Тиймээс зүүний жин тохируулагчтай тоглуулагч байвал их сайн. Түүнтэй адил эргэлтийн хурд хянагч гэж бий. Эргэлт нь арай хурдан эсвэл удаан байвал тухайн аялгуу зөв дуугарах боломжгүй юм".

Өсгөгч, яригчийн тухайд: 

"Чадалтай өсгөгч, яригч болгон гоё дуугардаггүй. Өсгөгч нь тоглуулагчаас орж ирсэн дууг хүлээж аваад, яригч нь өсгөгчөөс ирсэн дууг уншиж өгдөг. Тухайн үйл явцын хооронд таарч тохирохгүй давтамж болоод үелзэл байхыг үгүйсгэхгүй. Нэг брэндийн өсгөгч, яригч байсан ч хоорондоо зохицохгүй тохиолдол байна. Тиймээс хамтад нь тоглуулж үзээд дуугаралтыг нь сонсож байж л авах, эсэхээ шийдэх хэрэгтэй”.

                                                                       Dund Gol

Уур амьсгал болоод байршлын хувьд ч “Underground” шинжийг агуулах Монголын хамгийн анхны пянзны дэлгүүрийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 2015 онд анх нээгдсэнээс хойш олон удаа хаагдан, дахин нээгдэж, байршлаа солин одоог хүртэл ажиллахдаа пянзны соёлыг бидэнд түгээсээр ирсэн билээ. Тус дэлгүүрийн онцлог болоод үйл ажиллагааны талаар дэлгүүрийн эзэнтэй хийсэн товчхон яриаг та бүхэнд хүргэж байна.

Байршил: Ард кино театрын зүүн ард, "Circle K" дэлгүүрийн подвал хэсэгт

Фэйсбүүк хуудас: Dund Gol

Б.Батболд: Хөгжмийг мэдээд байх зүйл биш харин мэдрэх ёстой зүйл юм

“Пянз хэвлэлтээс гарсан цагаасаа эхлэн нэгэн амьдралыг туулдаг. Зарим нь тоосонд дарагдаж мартагдан үлдэх бол, зарим нь хүмүүсийн гар дамжин чихийг нь хужирласаар байна. Манай дэлгүүр хэрэглэсэн, хуучин пянзыг Япон улсаас оруулж ирдэг. Юун түрүүнд пянзны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд анхаарах тул тэр болгон хүмүүсийн сайн мэддэггүй цоо шинэ дуу хөгжмийг авчран олонд таниулахыг хүсдэг. Пянзны дэлгүүрт ороод пянз ухна гэдэг их гоё. Огт мэдэхгүй цоо шинэ цомгийг сонсож үзээд, дурлаад авах нь илүү утга учиртай. Тэрнээс зөвхөн дуртай хамтлаг дуучдаа л цуглуулаад явах нь учир дутагдалтай санагддаг. Тиймээс ч манайд сайн зарагдахаар эрэлттэй байгаа, коммершиал пянзнууд маш ховор. Залуус маань хүссэн үедээ ирж, пянзаа ухаад шинэ содон хөгжим нээж олоосой гэж хүсэх байна.

Миний хувьд 2006 онд нэг Япон реппертэй танилцаад хамтарч дуу хийсэн маань пянзан дээр хэвлэгдэж байсан. Түүнээс хойш акталсан, хаях гэж байгаа пянзнуудыг цуглуулж эхэлсэн. Тухайн үед эргэн тойронд пянз сонсдог хүн бараг байгаагүй учраас бусдад түгээн дэлгэрүүлэх учиртай юм байна гэж бодсон. Тэгээд л дэлгүүрээ нээсэн дээ.

Анхлан пянз сонирхож байгаа хүмүүс чөлөөтэй ирээд хөгжим сонсож болно. Огт мэдэхгүй гээд дөлөх хэрэггүй. Эсвэл зөвхөн мэддэг пянзаа сонсох гэсний ч хэрэггүй. Мэддэг хүмүүсээс ичиж, санаа зовох бүр ч шаардлагагүй. Хөгжим гэдэг чинь нээх мэдээд байх зүйл биш харин мэдрэх ёстой зүйл юм. Дээхэн үед пянз ховор цагт, пянзтай хүн ч цөөхөн байсан. Одоо бол тийм баригдсан нийгэм байхгүй учраас хүмүүс хүссэн хөгжмөө сонсдог болжээ. Энэ үйл явцад жоохон ч гэсэн дэм оруулж байгаа нь манай дэлгүүр оршин тогтнож буйн утга учир юм”.

ЗурагТайлбар




Электроник пянз: 

“Шинэ дуу гараад хит болсны дараа хэдэн ширхэг сингл пянз гаргаад DJ нарт өгч төрөл бүрийн хөгжим хийлгэдэг. Яг тийм DJ нарт зориулсан 12 инчийн электроник сингл пянзнууд болон тоглуулагч манайд нэлээд байгаа. Хөгжим хийх хүсэлтэй хүмүүс ирээд тоглуулж үзэж болно шүү.”

                                                       
Welcome Records UB

Удахгүй үүдэн хэсэгтээ кафе нээх тун чиг “Modern” шийдэлтэй дараах дэлгүүрийг онцолж байна. Өглөө ажилдаа явах замдаа кофе уун саатаж, дуртай ганц дуугаа пянзаар сонсоод гарахад тэр өдөржин сэтгэл дүүрэн явах биз ээ. Пянз сонсох хоббитой хэсэг найзууд удаан хугацааны турш бодож төлөвлөн байж нээсэн энэхүү дэлгүүрийн зүгээс хүргэж буй дараах мэдээллийг сонирхоно уу.

Байршил: Улаанбаатар Их дэлгүүрээс 11-р сургууль явах замд (замынхаа урд талд)

Фэйсбүүк хаяг: Welcome Records UB

"Пянзаар хөгжим сонсохын тулд хүнээс тодорхой хэмжээний хөдөлмөр шаарддаг"

“Марк цуглуулах, зоос цуглуулах гээд олон төрлийн сонирхол бий. Харин хүн бүхний мэдэрч чадах нэгэн зүйл нь хөгжим юм. Тэр утгаараа пянз цуглуулна гэдэг хэний ч сонирхож болохоор нандин хобби. Хүн чихэвчээр таван дуу дараалан сонсоход чих ядарна. Тэгвэл хэчнээн ч цаг пянз тоглуулсан сонсоод л баймаар санагддаг. MP3, CD форматаар бол хүссэн үедээ санасан дуугаа сонсоод л өнгөрнө. Харин бүтэн цомгийг пянзаар сонсвол биет байдлаараа ч тэр, сонссон мэдрэмж нь ч тэр үлдэж хоцорно гэсэн үг. Шинэ пянз аваад уутыг нь задална. Олон жил хадгалаад, арчилж хамгаална. Пянзаар хөгжим сонсохын тулд хүнээс тодорхой хэмжээний хөдөлмөр шаарддаг. Үр дүнд нь үнэ цэнээ хэзээ ч алдахааргүй өмчтэй болж байна л гэсэн үг.

Манай дэлгүүрт нэг пянзнаас нэг ширхэг л ирдэг. Тэгснээр үзэж харахад урамтай, сонголт өргөн байна. Үнэ өртгийн хувьд янз бүр. Бид нэг ширхэг пянзыг ч тэр ямар нэгэн гэмтэлгүйгээр оруулж ирэхийн тулд нэмэлт хамгаалалт хийж, болгоомжтой зөөвөрлөдөг. Залуусын асууж буй пянзыг аль болох түргэн шуурхай оруулж ирэхийг боддог доо.

Маш олон төрлийн хүмүүс манайхаас худалдан авалт хийдэг. Залуучууд классик хамтлаг их сонсдог болжээ. Тэр нь аав ээжээс нь өвлөгдсөн хөгжмийн соёлтой холбоотой болов уу. Гэр бүлээрээ орж ирээд өөрсдийн дуртай пянзаа аваад гарч байна. Сүүлийн үед манайхан бие биедээ пянз их бэлэглэж байгаа харагдсан. Пянз цуглуулдаг найзын төрсөн өдөртэй гээд шөнө оройн цагаар ч холбогдоод дэлгүүр дээр ирдэг хүмүүс бий. Тэр болгонд хүмүүс пянзанд дурлаж, хэрэглээ сонирхол нь өргөжиж буйг харах сайхан байдаг."

Тоглуулагчийн тухайд: 

“Bluetooth, fm, cd, usb гээд бүхий л зүйлийг багтаасан “All in” пянз аваад дэмий л гэж хэлэх байна. Яахав анхлан хүүхдэдээ сонирхуулахад, эсвэл найзыгаа уруу татахад хэрэглэж болох юм. Иймэрхүү тоглуулагч ашиглалтын хувьд сайн биш, урт хугацаандаа дэмий. Пянзыг утгаар нь сонсъё гэвэл мэдээж тусад нь өсгөгч, яригч авах хэрэгтэй. Яг авахдаа тулбал ирээд зөвлөгөө авч болно, чөлөөтэй”.
 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.