UBLife Logo
Дэлхий

Мадурогийн гэргий, Тэргүүн хатагтай Силия Флорес гэж хэн бэ?

Мадурогийн гэргий, Тэргүүн хатагтай Силия Флорес гэж хэн бэ?

Өнгөрсөн Бямба гарагт АНУ тусгай ажиллагаа явуулж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог гэргийн хамт баривчилсан. Өнгөрсөн шөнө тэд шүүхийн өмнө зогсож, хэн хэн нь буруугүй гэдгээ мэдэгдсэн билээ. Дэлхий дахин яагаад Мадурогийн гэргийг баривчилсан, яагаад түүнийг шүүх гэж байгаа талаар олон янзаар шүүн хэлэлцэж байна. Ингэхэд Силия Флорес гэж хэн бэ?

Силия жирийн нэг Тэргүүн хатагтай байгаагүй, тэр Венесуэлийн хамгийн нөлөөтэй эмэгтэй байлаа. Түүнийг Тэргүүн хатагтай биш Тэргүүн дайчин гэж нэрлэдэг байв.

Флорес улс төрийн замналаа нөхөртэйгөө хамт эхлүүлсэн ч зарим үед нөхрөөсөө дээгүүр албан тушаал хашиж байв. 2013 онд Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгч болоход улс орны баримтлах зарчмыг тодорхойлох гол ажлыг тэр хийсэн гэдэг.  

Флорес, Мадуро хоёр Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесийн үнэнч дагагчид байв. 2013 онд Мадуро Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр анх удаа эхнэрээ Тэргүүн хатагтай биш Тэргүүн дайчин гэж нэрлэсэн юм. 2018 оны есдүгээр сард АНУ-ын Санхүүгийн яамнаас Силияд хориг тавьж байсан гэхээр АНУ-ын хараанд маш эрт орсон нь харагдана.

Флорес 1956 онд нийслэлээс 200 км зайтай орших Тинакильо хотод төржээ. Айлын зургаан хүүхдийн отгон нь. Түүнийг 4 настай байхад гэр нь Каракаст нүүж иржээ. 32 настайдаа Силия хувийн “Санта-Мария” их сургуулийг төгсөж, хуульч боллоо.

1992 онд Уго Чавес төрийн эргэлт хийх гэж амжилтгүй оролдоод баривчлагдахад Силия тэднийг хамгаалах өмгөөлөгчөөр ажилласан байна. Удалгүй Угогийн улс төрийн номлолд бүрэн автжээ. Тэр үед Силия Мадуротой танилцсан байна.

“Силия баривчлагдсан эх оронч дайчдын өмгөөлөгч байсан. Мөн Чавес даргыг шоронд байхад нь өмгөөлж байсан. Тэмцлийн жилүүдэд бид танилцсан. Бие биедээ шууд таалагдсан” гэж Мадуро дурсаж байлаа.

Энэ үеэс эхлэн тэдний хувь заяа Чавестай холбогдож, “Чавизм” хөдөлгөөний гишүүд болсон байна. 1998 онд Чавес Ерөнхийлөгч болсны дараа Силия хэд хэдэн чухал албан тушаалд томилогдсон. 2000 онд Үндэсний ассамблейд сонгогдож, 2006 онд парламентын дарга болсон анхны венесуэл эмэгтэй боллоо. Энэ үед сөрөг намууд сонгуульд оролцохоос татгалзаж, парламент нэг намын болоод байв.

Парламентын дарга байхдаа Силия хэвлэл мэдээллийг хурлын танхимд байхыг хориглож байв. Мөн түүнийг хамаатан садныхаа 40 хүнийг төрийн ажилд оруулсан хэмээн сөрөг хүчин шүүмжилж байлаа. Харин Флорес “Энд манай гэр бүлийн гишүүд байна. Би тэднээрээ бахархаж байна. Би тэднийг Үндэсний ассамблейд төрийн ажилтных нь хувьд  хамгаалах болно” гэж сэтгүүлчдэд хатуу  мэдэгдэж байсан юм.

2012 оны эхээр Ерөнхийлөгч түүнийг Ерөнхий прокуророор томиллоо. Силия энэ албан тушаалд 2013 оны гуравдугаар сар хүртэл буюу Чавесийг нас барах хүртэл ажилласан юм.

2013 оны долоодугаар сард Мадуро Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос 3 сарын дараа тэд гэрлэж, Силия албан ёсоор Тэргүүн хатагтай болов. Хэн хэн нь өмнөх амьдралтай, Силия 3, Мадуро 1 хүүхэдтэй байлаа.

2015 онд Флорес дахин Үндэсний ассамблейд сонгогдсон ч харин нам нь цөөнх болсон байв. 2017 онд тэрээр парламентаас гарч, Мадурогийн талынхны байгуулсан Үндсэн хуулийн ассамблейн гишүүн болсон байна.

2015 оны тавдугаар сараас Үндэсний телевизээр “Con Cilia, En Familia” (Силиятай хамт гэр бүлээрээ), жилийн дараа Үндэсний радиод Decisiones (Шийдвэр) хөтөлбөр гаргаж, удирдаж эхлэв. Гэхдээ сүүлийн жилүүдэд тэр биш гэр бүлийнхэн нь илүү анхааралд өртөж байлаа. 2015 оны 11 дүгээр сард түүний хоёр хамаатан Хайтид хар тамхины хэргээр баривчлагдаж, АНУ-д хүргэгдсэн юм. Нью-Йоркийн Прокурор тэдэнд 18 жилийн ял онооход Силия “Энэ бол хүний хулгай” гэж мэдэгдэж байлаа. Шүүхээс мэдэгдсэнээр тэр хоёр залуу Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг ашиглан, 800 кг кокайн Хондураст гаргаж, АНУ-д дамжуулах гэж төлөвлөж байжээ. Харин 2022 оны аравдугаар сард тэднийг Венесуэлд хоригдож байсан АНУ-ын долоон иргэнээр солин, буцаан авсан юм.

Дональд Трамп Цагаан Ордонд эргэн ирэхдээ дээрх хоёр залуу тэргүүтэй Мадурогийн гэр бүлийн бүх гишүүнийг хоригт оруулсан. Харин одоо хамгийн том бай нь болох Мадуро, Силия Флорес хоёр Трампын гарт ороод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.