UBLife Logo
Дэлхий

Дайн зогссоны дараа Франц, Их Британи Украинд цэргээ байрлуулна

Дайн зогссоны дараа Франц, Их Британи Украинд цэргээ байрлуулна

Францын нийслэлд “Киевт дэмжлэг үзүүлэгч орнуудын эвсэл”-д багтдаг улс орнуудын удирдагчид уулзалт хийж, Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Уулзалтад Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй нийт 30 орны төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын гол үр дүн нь “Парисын тунхаглал” байлаа. Тунхаглал үндсэн таван хэсгээс бүрдсэн.

1, АНУ гал зогссоны дараах аюулгүй байдлыг хянах болно. Ямар нэг зөрчил гарсан эсэх, гарсан бол хэн буруутайг тогтоох тусгай комисс байгуулна.

2, Украиныг дэмжигч орнууд тус улсын Зэвсэгт хүчнийг үргэлжлүүлэн, дэмжинэ. ОХУ-ын шинэ түрэмгийллийг зогсооход тус улсууд эхний шугамд зогсох болно. Зэвсэгт хүчнийг санхүүжүүлэх, зэр зэвсэг нийлүүлж, дэд бүтцэд тусламж үзүүлнэ.

3, Украинд олон үндэсний цэргийн хүч илгээх боломжтой. Гэхдээ зөвхөн гал бүрэн зогссоны дараа илгээх бөгөөд АНУ тэдэнд тусална.

4, Энэ тунхаглалд гарын үсэг зурсан улс орнууд ОХУ дахин халдсан тохиолдолд цэрэг тагнуул, дипломат бүхий л аргаар Украиныг дэмжих үүрэгтэй.

5, Украинтай батлан хамгаалах салбарыг нь хөгжүүлэх урт хугацааны гэрээ байгуулна. Мэргэжилтэн сургах, зэвсэг үйлдвэрлэх, тагнуулын салбарт хамтран ажиллана.

Парисын тунхаглалаас гадна Франц, Их Британи, Украин улсууд тусдаа “Гурван улсын тунхаглал” гэж гаргасан. Үүнд, Франц, Их Британи улс Украинд цэргээ илгээхэд бэлэн гэдгийг онцолжээ. Дайны гал зогссоны дараа Украинд байрлах тус цэргийн хүчин Украины агаар, тэнгисийн замыг хамгаалж, Украинд хамгаалалтын систем, цэрэг дайны техник, тоноглол олгох юм. Уг баримт бичиг нь гал зогсоосны дараа Украинд гадаад орнуудын цэргийг байрлуулах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажээ.

Харин ОХУ-ын Засгийн газар Украины нутаг дээр гаднын цэрэг байрлахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд байгаа билээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.