АНУ тусгай ажиллагаа явуулж, Венесуэлийн Ерөнхийлөгчийг олзолсныхоо дараа Гренландад анхаарлаа хандуулаад байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп тус арлыг нэгтгэхэд цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй гэдгээ ил далдаар мэдэгдэж байгаа билээ. Ирэх долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Данид очиж, Гренландын талаар хэлэлцээр хийнэ гэж мэдэгдсэн. Энэ арал АНУ-ын хувьд геополитик, стратегийн маш чухал бүс болоод байгаа юм.
Их Британийн “The Times” сонин АНУ Гренландыг нэгтгэх боломжит 4 арга байгаа гэж дурджээ. Үүнд, юуны өмнө АНУ-д арлыг эзлэх цэрэг, зэвсгийн хүч хангалттай байгаа. Гэхдээ НАТО-гийн гишүүн, холбоотон орны нутаг дэвсгэрт халдах нь НАТО-г задлах аюултай. Мөн Европын улсуудтай харилцаа муудах эрсдэлтэй.
Хоёр дахь арга нь Чөлөөт нэгдлийн гэрээ байгуулах. Ийм гэрээ байгуулахад Америк улс Дани, Гренландад санхүү, улс төр, эдийн засаг гээд бүх талын тусламж үзүүлж, харин Дани улс батлан хамгаалах салбарын бүх асуудлаа АНУ-д даатгана гэсэн үг.
Мөн АНУ Данид арлыг худалдан авах санал тавих арга бий. Улс төрийн дарамт үзүүлэн, айлган сүрдүүлж байгаад маш их мөнгөөр шууд худалдаад авах арга л даа.
Сүүлийн дөрөв дэх арга бол АНУ-ын цэргийн баазыг нэмэгдүүлэх болзолтойгоор Гренландыг Данийн эзэмшилд үлдээх. Өөрөөр хэлбэл арал даяар Америкийн пуужин, цөмийн зэвсэг байрлуулж, гол сөргөлдөгч тал болох ОХУ-ын хаяанд тагнуулын ажиллагаа явуулах боломжтой болно.
Тус сонины шинжээчдийн үзэж байгаагаар АНУ цэргийн хүч хэрэглэхгүйгээр дипломат аргаар арлыг эзлэх магадлал өндөр гэнэ.
