Алдарт жүжигчин Виллем Дефо Нью-Йорк хотын хөл хөдөлгөөн, Холливудын тансаг амьдралаас аажмаар холдож, Италийн хөдөө намуухан орчинд илүү утга учиртай, амар амгалан амьдралыг сонгон амьдарч байна.

Тэрээр Ром хотын ойролцоо ферм эзэмшдэг бөгөөд тэндээ аврагдсан алпака, ямаа, хонь, тахиа, цацагт хяруул зэрэг амьтдыг өөрөө асран хамгаалдаг байна.

Амьтан бүр өөрийн зан ааш, онцлогтой бөгөөд жүжигчний өдөр тутмын амьдрал тэднийг арчлах, хооллох, халамжлахтай салшгүй холбоотой болжээ. Нам гүм амьдралын хэмнэл, хариуцлага, дулаан уур амьсгал дунд байгальд тэрээр энгийн жаргалыг олж авснаа мөн хуваалцсан байна.

Кино наадам, улаан хивсний ёслолоос хол байх үедээ Дефо унадаг дугуйгаар зорчих, олон нийтийн арга хэмжээнд нэг л хүрмээ дахин дахин өмсөх, даруухан байшинд амьдрах зэргээрээ олныг гайхшруулдаг нэгэн. Түүний энэ даруу байдал нь Холливудын тансаглал, нял цал бүхнээс ихэд ялгардаг билээ.

Тэрээр “Бага зүйлтэй байх нь эрх чөлөөг өгдөг, энгийн амьдрал л сайн сайхныг ургуулах орон зайг бий болгодог” хэмээн хэлж байжээ. Мөн олсон орлогынхоо ихээхэн хэсгийг ДОХ-той тэмцэх Америкийн сан (amfAR), Save the Children зэрэг буяны байгууллагуудад хандивладаг. Жүжигчдийг хэт өндөр цалин авдаг гэж үздэг тэрээр бусдад хөрөнгө мөнгөө хуваалцах нь ёс зүйн хувьд зөв гэж итгэдэг аж.
“Жүжигчний мэргэжил энэрэнгүй сэтгэлийг бий болгох учиртай юм. Энэ нь ертөнцийг илүү өргөн хүрээнд харахад тусалж, бие биедээ хатуу бус, илүү зөөлөн хандахад сургадаг.”
