Жил ирэх тусам хөлбөмбөгийн спортод орох хөрөнгө нэмэгдсээр. 2025 онд Клубын ДАШТ-ий шагналын сан 1 тэрбум ам.доллар, Мадридын “Атлетико” багийн хувьцааны багц 1,4 тэрбум ам.доллар болж, Английн “Ливерпуль” баг нэг зун 500 саяар тоглогч худалдан авсан анхны баг боллоо. Forbes, Sportico, SportsPro, Bloomberg зэрэг эдийн засгийн томчуудын мэдээлснээр 2025 онд дэлхийн хамгийн орлогтой 10 хөлбөмбөгчийн нийт ашиг тэрбум ам.долларт хүрчээ.
1. Криштиану Роналду — $ 280 сая
Хөлбөмбөг — $ 230 сая
Бусад ашиг — $ 50 сая

Португал од ирэх сард 41 нас хүрэх ч талбай дээр гялалзсан хэвээр. Удахгүй тэр 1000 гоол хийсэн анхны хөлбөмбөгч болно. Тоглогчийн хувиар тэр $ 1,83 тэрбумын орлого олсон. Талбайн гадна Роналду зочид буудал, фитнесс танхим, цагны CR7 брэндтэй. Түүний YouTube суваг “UR Cristiano” 77,6 сая дагагчтай. Олон нийтийн сүлжээнд Роналду нийт 1,04 тэрбум дагагчтай нь дэлхийд нэгт бичигдэх амжилт юм. 2025 онд “Pestana CR7” зочид буудлын сүлжээгээ өргөтгөж, Нью-Йоркийн Таймс-скверт шинэ буудал нээсэн. “Perplexity AI” компанитай гэрээ байгуулсан. Цахим спортын “Esports World Cup (EWC) 2025” дэлхийн аваргын тэмцээний элч төлөөлөгчөөр ажилласан.
2. Лионель Месси — $ 135 сая
Хөл бөмбөг — $ 60 сая
Бусад — $ 75 сая

Месси 2025 онд АНУ-ын мэргэжлийн лигт түрүүлж, Мэргэн буучийн шагнал хүртсэн. Лигийн түүхэнд анх удаа хоёр жил дараалан Шилдэг тоглогчийн шагнал авлаа. Тэр “Интер Майами” багтай гэрээгээ 2028 он хүртэл сунгаад байгаа. 2025 онд Месси “Smuggler Entertainment” компанитай хамтран, “525 Rosario” гэдэг продюсер үйл ажиллагаа явуулах компани байгуулсан. Мөн Lowe's (сүлжээ дэлгүүр), сүлжээ ресторан “El Club de la Milanesa”-тай ивээн тэтгэлтийн гэрээ байгуулжээ. Түүний “Play Time Sports-Tech” компани спорт, технологийн стартапад хөрөнгө оруулж байна.
3. Карим Бензема — $ 104 сая
Хөлбөмбөг — $ 100 сая
Бусад — $ 4 сая

Мадридын “Реал” багт 2009 – 2023 онд тоглохдоо Карим 200 сая ам.доллар авч байсан бол Ойрхи Дорнодод энэ мөнгөө ердөө 2 жилийн дотор олсон. Ирэх жил гэрээ нь дуусах бөгөөд "Аль-Иттихад” багаас нийт 320 сая ам.доллар салгаад явах бололтой. Бензема adidas, Hyundai, EA Sports, Crypto.com зэрэг томчуудтай гэрээтэй ч Роналду, Месси нараас хавьгүй бага орлоготой. Гэхдээ саяхан Пабло Пикассогийн “Хуузтай эрийн хөрөг” зургийг 1 сая ам.доллароор худалдан авсан.
4. Килиан Мбаппе — $ 95 сая
Хөлбөмбөг — $ 70 сая
Бусад — $ 25 сая

Өнгөрсөн оны сүүлээр Мбаппе 59 гоол оруулж, Роналдугийн амжилттай зэрэгцсэн. Хуучин баг болох ПСЖ-тэй шүүхдэлцээд 61 сая ам.доллар авах болсон сайн мэдээтэй. Мбаппе Nike, Hublot, Dior, Oakley, EA Sports, Accor, Sorare зэрэг олон компанитай гэрээтэй ажилладаг. Мөн өөрийн хөрөнгө оруулалтын “Interconnected Ventures” компанитай. 2025 онд тэр Германы эрчим хүчний “Loewe”, цаг худалдааны “Wristcheck”, далбаат завины “France SailGP Team” багт хөрөнгө оруулсан.
5. Эрлинг Холанд — $ 80 сая
Хөлбөмбөг — $ 60 сая
Бусад — $ 20 сая

2025 онд Норвегийн викинг Премьер лигт 111 тоглолтод 100 гоол оруулсан. Алдарт Алан Ширерийн амжилтыг эвдэж, Английн лигийн хамгийн үнэтэй тоглогч гэдгээ баталсаар байна. Тэр жилд 33,5 сая ам.долларын цалинтай. Дээр нь маш олон бонусын ачаар талбай дээрх орлого нь 60 саяд хүрч байгаа юм. Эрлинг Breitling, Dolce & Gabbana, EA Sports, Midea, Samsung Galaxy, Bama, Db, Beats by Dre компанитай гэрээтэй. Гэр бүлийн “Sports Office AS” компаниас гадна хөрөнгө оруулалтын “Pillage 3 AS” компанитай.
6. Винисиус Жуниор — $ 60 сая
Хөлбөмбөг — $ 40 сая
Бусад — $ 20 сая

Бразил залуу “VJR” брэндтэй. Ивээн тэтгэгчид дунд нь Nike, Hugo Boss, Sony, Prada Eyewear, Gatorade, PlayStation, Pepsi, Clear, Vivo, Betnacional, Dubai Tourism байна. Жуниор орлогынхоо нэлээд хувийг сайн үйлсэд зориулдаг. 2020 онд тэр Риод ядуу хүүхдүүдэд зориулсан хүрээлэн 3,5 сая еврогоор байгуулсан. Нийт орлогынхоо нэг хувийг хандивт өргөхөөр “Common Goal” байгууллагатай гэрээ байгуулсан.
7. Мохамед Салах — $ 55 сая
Хөлбөмбөг — $ 35 сая
Бусад — $ 20 сая

Салах Африк, Ойрхи Дорнодод маш том бизнестэй. Тэрээр Vodafone Egypt, Uber Egypt, DHL –ийн элч төлөөлөгч, мөн Bank of Alexandria, Mountain View-тэй хамтран ажилладаг. Түүний ивээн тэтгэгчид adidas, Pepsi, Gucci, Oppo. Загварын "Moga” компанитай. Технологийн стартапад хөрөнгө оруулдаг. Эх орондоо сургууль, эмнэлэг барихад ихээхэн хөрөнгө зарцуулдаг.
8. Садио Мане — $ 54 сая
Хөлбөмбөг — $ 50 сая
Бусад — $ 4 сая

Мане сайн үйлсэд хандив өргөдгөөрөө алдартай. Сенегалд төрөлх тосгондоо эмнэлэг, сургууль барьж, 4G интернет холбон, шатахуун түгээх станц, шуудантай болгосон. Мөн тосгоныхоо бага орлоготой өрхүүдэд сар бүр 70 евро өгдөг. “Аль-Наср” багт өндөр цалин авахаас гадна Садио New Balance, Pepsi, Vodafone, Dubai Tourism компанитай гэрээтэй.
9. Жуд Беллингем — $ 44 сая
Хөлбөмбөг — $ 29 сая
Бусад — $ 15 сая

Бусдаасаа ялгаатай нь Жуд спорт брэнд биш загварын брэндүүдтэй (Louis Vuitton, Gucci) хамтран ажиллах дуртай. Аdidas компани түүнд зориулан, JB5 логотой загвар гаргаж байлаа.
10. Ламин Ямаль — $ 41,8 сая
Хөлбөмбөг — $ 31,8 сая
Бусад — $ 10 сая

18 настай залуу хүү жинхэнэ бизнес машин болох дөхсөөр. Одоо тэр Adidas-ын элч төлөөлөгч бөгөөд нэрийн F50 LY304 пүүзтэй. Visa, Beats by Dre, Powerade, Oppo, Konami, TwoJeys, Nesquik гэсэн томчуудтай гэрээтэй. Ламин олон нийтийн сүлжээнд 80 сая дагагчтай тул залуу үеийг татах гэсэн брэндүүд түүнийг сонгодог.
