Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ид дундаа орлоо. Сүүлийн хоёр өдөр аваргууд дараалан өвдөг шороодож, хоёулаа 6 даваа, 3 унаатай түрүүлэх өрсөлдөөнөөс зайтай явж байна. Ёкозүна Ооносато зүүн мөр, ёкозүна Хоошёорюү зүүн өвдөгний гэмтэлтэй байгаа. Гэхдээ аварга хүн маэгашира цолтнуудад ялагдаад кинбоши тараагаад байж болохгүй.
Их аварга Асашёорюү аварга, арслангуудыг твиттер хуудсандаа шүүмжилж, жиргээ оруулсан байна.

Асашёорюү “Удаан үзээгүй байж байгаад сүмо үзлээ. Ёкозүна, озэки нар үнэхээр арай ч дээ. Сонирхогчдын сүмо шиг л барилдаж байна” гэжээ.
Эзэн хаан заларсан өдрийн барилдаанд хоёр ёкозүна, хоёр озэки бүгд өвдөг шороодож, холбооны дарга нар толгой маажин, хэлэх үггүй сууж байлаа.
Өнөөдөр буюу 20-ны өдөр ямар ч гэсэн хоёр ёкозүна барилдана гэдгээ мэдэгдсэн ч хэрэв 3 дараалан ялагдах юм бол тэмцээнээс гарахаас өөр аргагүй болно.
