"Милан Кортина -2026" Өвлийн олимпын XXV наадмын уран гулгалтын багийн тэмцээн өндөрлөлөө. Мэдээж Оросын уран гулгагчид багийн төрөлд байхгүй болохоор АНУ-ын баг түрүүлэх магадлал хамгийн өндөр, тэдэнтэй өрсөлдөх баг нь Япон.
Багийн төрөлд бүжгийн болон спорт хос, эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан дөрвөн төрлийн үзүүлбэрийн нэгдсэн оноогоор медалийн эзэд тодордог.
Бүжгийн болон спортын хосын дараа Америкийн баг оноогоор илүү явсан ч эмэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн гурван удаагийн аварга Каори Сакамотогийн алдаагүй, төгс гулгалтын ачаар Японы баг АНУ-ын багтай адилхан 49 оноотой болсон.
Одоо эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл. Мэдээж Америкийн баг энд томоохон давуу талтай. Учир нь тэдний багийг энд дэлхийн хошой аварга, дөрвөн эргэлтийн хаан Илья Малинин төлөөлөх байсан юм.

Орос аав, ээжтэй (хоёул уран гулгагч), одоо 21 настай Илья Малинин АНУ-д төрсөн. Орос, англиар ярьдаг, физик сонирхдог гэж байгаа.
Хөтөлбөртөө долоон (!) дөрвөн эргэлттэй харайлт багтаасан Илья гулгалтаа төгс гүйцэтгэж чадаагүй ч түрүүлэх оноо авахад бол хангалттай гулгасан.
Японы Сато хичнээн хичээгээд Малинины өмнө орох оноо авч чадсангүй.
Ийнхүү Илья Малинин хэмээх орос хүүгийн авсан чухал оноогоор АНУ-ын баг алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Япон, хүрэл медалийг Италийн баг зүүлээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
