UBLife Logo
Дэлхий

Оюутны шоглоомоос Соёлын үзэгдэл болсон Ганц биечүүдийн өдөр

Оюутны шоглоомоос Соёлын үзэгдэл болсон Ганц биечүүдийн өдөр

Хэдхэн хоногийн дараа бид Гэгээн хайрын баярыг тэмдэглэх гэж байна. Гэхдээ бид өнөөдөр энэ баярыг дурсах гэсэнгүй. Харин эсрэгээр "Singles’ Day” буюу Ганц биечүүдийн өдрийн талаар хүүрнэх гэж байна.

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд дэлхий даяараа худалдан авалтын галзууралд автаж, олон сая хүн шопинг хийхээр дэлгүүр явдаг. Энэхүү асар том хямдралт худалдаа нь “Хар Баасан” гарагтай огт хамаагүй, Ганц биечүүдийн өдрөөс үүсэлтэй гэдгийг та мэдэх үү? Хятадын ганц биечүүдийн өдөр нь одоо дэлхийн эдийн засгийн нэгэн хэсэг, асар том соёлын үзэгдэл болсон. Тэгвэл энэ баярыг уйдаж гуньсан хэдэн оюутан зохиожээ.

Дотуур байрнаас дэлхийн брэнд дэлгүүр хүртэлх зам

Ганц биечүүдийн өдрийн түүх 1993 онд Хятадын Нанкин их сургуульд эхэлжээ. Хэсэг оюутан Валентины өдрийн эсрэг баяр зохион байгуулахаар шийдэв. Тэд 11 дүгээр сарын 11 гэсэн өдрийг тохиолдлоор сонгосонгүй, дөрвөн 1-ийн тоо ганц бие хүмүүсийг юунаас ч илүү сайн илэрхийлж байв.

1993 он. Хятадын оюутнууд.

Эхлээд оюутнууд энэ өдрөө ууж, наргиж өнгөрөөн, ганц бие гэдгээ элэглэн хошигнон, нэг нэгэндээ хямд бэлэг бэлтгэн ирж байв. Удалгүй энэ баяр хятадын их, дээд сургуулиудаар хурдтай дэлгэрч, залуучуудын албан бус баяр болон хувирав. Тэр үед хэн ч энэ өдөр дэлхийн бөөний жижиглэн худалдааг өөрчилнө гэж төсөөлсөн ч үгүй.

Alibaba баярыг худалдааны хувьсгал болгов

2009 онд Хятадын “аварга загас” Alibaba түүхэн шийдвэр гаргалаа. Тэд Ганц биечүүдийн өдрөөр 11 дүгээр сарын 11-нд Taobao платформ дээр маш хямдралтай худалдаа зарласан юм. Хэрэв ганц бие хүмүүс романтик бэлэг, үдэшлэгт мөнгө зарахгүй юм бол ядаж энэ өдөр өөртөө мөнгө зарах ёстой гэж үзсэн хэрэг.

Хамгийн анхны хямдруулсан худалдаа 27-хон брэнд оролцсон ч маш амжилттай боллоо. Жил ирэх тусам худалдааны хэмжээ огцом нэмэгдсээр байв. 2019 онд эхний 68 секундэд тэрбум ам.долларын наймаа хийгдэж, хоногт 38 тэрбумын бараа зарагджээ.

Энэ бол зүгээр нэг худалдаа биш

Тиймээ, энэ бол жирийн нэг хямдралтай бараа авч байгаа хэрэг биш соёлын үзэгдэл. Дэлхийн алдартнууд оролцсон, урлагийн тоглолттой, өргөн хэмжээний шоу болжээ. Хятадын телевизүүд 11 дүгээр сарын 11-ний өмнө том шоу зохион байгуулж, шууд дамжуулдаг нь маш олон сая хүнд хүрдэг байна. Ихэнх хятадуудын хувьд энэ өдөр нь хэрэглээ, өөрийгөө илэрхийлэх хэрэглүүр болсон байдаг.

Хүмүүс хямдралтай болохоор нь худалдан авч байгаа биш энэ асар том үйл явдлын нэгэн хэсэг нь болохын тулд худалдаа хийдэг ажээ. Олон нийтийн сүлжээ барааны талаар хэлэлцэж, хүмүүс хямдралтай авснаа гайхуулж, зарим нь үнэхээр ховор бараа авлаа гэж сайрхана.Ингэснээр баярын анхны утга болох ганц биечүүдийн төлөө гэдэг нь алга болж байгаа юм. Өнөөдөр энэ баярт ганц биечүүд төдийгүй, гэр бүлээрээ, бүх насны хүмүүс оролцдог болжээ. Энэ өдөр анхны романтик утгаа алдсан ч удаан хүлээсэн, ашигтай наймаагаа хийх боломж болон хувирсан байна.   

Хятад баяр дэлхийн баяр болов

Дэлхийн бөөний, жижиглэн худалдааны бүх мэргэжилтэн, дэлгүүр энэ өдрөөс дахин сэргэлт авсан гэхэд болно. Ийнхүү Alibaba дэлхийн түвшинд гарсан юм. Одоо худалдаанд гадаадын олон арван компани оролцдог болсон. Барууны орнуудад ч энэ өдөр Ганц бие хүмүүсийн арга хэмжээ зохиодог болжээ. Энэ бол логистик систем, хиймэл оюун ухаан, төлбөрийн системийг хөгжүүлсэн том үйл явдал. Олон сая захиалгыг нэг дор авсан ч түүртэхгүй тийм онлайн систем бий болсон нь ч энэ баярын ач тус.

Оюутны шоглоомоос дэлхийн рекорд хүртэл

Жижигхэн их сургуулийн дотуур байрнаас дэлхийн хэмжээний үйл явдал болох хүртэл 30 жил зарцуулжээ. Ганц бие хүмүүсийн өдөр бол орчин үеийн Хятадын соёлын салшгүй нэгэн хэсэг, дэлхийн эдийн засгийн том үйл явдал. Ганц бие эсэхээс үл хамааран, 11 дүгээр сарын 11-ний өдөр олон сая хүний нэгдлийн баяр болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна