Гэрэл зургийг: Д.Нямбилэг
Өчигдөр "Милан-Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай (чөлөөт тэшилт) уралдаан Тесеро дахь гүйлтийн цанын цэнгэлдэхэд явагдлаа.
Гараанаас нийт 111 цаначин гарснаас 108 нь барианы зурхайг давав. Бразил, Босни улсын тамирчид барианд орж чадаагүй замаасаа гарсан бол Исландын цаначин торгуулиар хасагдсан.

Монгол Улсаа төлөөлөн "Милан-Кортина 2026" олимпод оролцож буй манай цорын ганц эмэгтэй тамирчин Энхбаярын АРИУНТУНГАЛАГ олимпын хос замд хоёр дахиа хурд сорив. Энэ удаа манай цаначин 28:38.2 амжилтаар барианд орж, 83 дугаар байрт бичигдлээ.

Э.Ариунтунгалаг маань Тайланд, Унгар (2), Грек (2), Болгар, Хорват (2), Словен (2), Аргентин (2), Литва (2), Латви, Румын, Иран, Бразил (2), Словак, Турк, Македон, Молдав, Серб, Мальт, Мексик, Босни, Исланд гээд 21 орны 28 тамирчинг ардаа үлдээлээ.

Энэ зайд Шведийн Фрида Карлссон 22:49.2 амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ. 26 настай Фрида өмнө нь 20 км-ийн скиатлонд түрүүлсэн юм. Мөнгөн медалийг мөн Шведийн цаначин Эбба Андерссон хүртлээ. Эбба скиатлонд бас мөнгө авсан. Ийм шилдэг цаначидтай Шведийн баг 4х7.5 км-ийн буухиад түрүүлэх магадлал маш өндөр. Фрида гурав дахь алтаа, Эбба гурав дахь медаль, анхны алтаа зүүх биз ээ, энэ олимпоос. Хүрэл медалийг АНУ-ын шилдэг цаначин " Пёнчан-2018" олимпийн алт, "Бээжин-2022" олимпийн мөнгө, хүрэл медальт Жесси Диггинс зүүлээ.

Өнөөдөр (2.13) манай Батмөнхийн АЧБАДРАХ гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай (чөлөөт тэшилт) уралдаанд хурд сорино.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
