Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 21-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Маргааш буюу 22-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд тал хээрийн нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.