Монголын үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн инновац хөгжлийн “Үүр төв” НҮТББ-аас өчигдөр /2026.03.05/ “Media Mongolia 2026” чуулганыг зохион байгууллаа. Хоёр дахь удаагаа болж байгаа тус чуулганаар “Сэтгүүл зүйн гурвалсан хямрал” буюу технологийн хөгжил, түүнд дасан зохицох боломж, эдийн засаг, бизнес загварын хувьд сэтгүүл зүй хэр өөрчлөгдөн, зохицож чадаж байгаа вэ, хууль эрх зүйн орчин гэсэн үндсэн гурван сэдвээр хэлэлцэж, гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй туршлага солилцлоо.
Цахим хэрэглээ, технологийн дэвшил, хиймэл оюун ухааны үед сэтгүүл зүй хэрхэн ажиллах вэ, хиймэл оюун ухааныг хэрхэн ёс зүйтэй хэрэглэх вэ гэдэг асуудал чуулганы гол сэдвийн нэг байлаа. Орчин үед хиймэл оюун ухаанд ажлаа алдах нь, ажлын байргүй боллоо гэсэн айдас сэтгүүл зүй төдийгүй эдийн засаг, нийгмийн аль ч салбарт байна. Нөгөө талаас ажилдаа хиймэл оюуныг хэт ашиглах, тулгуурлах, найдах хандлага гарч байгаа нь нууц биш. Хиймэл оюун ухаанаар мэдээ, нийтлэл бичүүлэх, мэдээлэл хайлгах гэхчлэн зарим редакцад дутагдалтай хүний нөөцөө нөхөж байгаа тохиолдол ч ажиглагдаж байна.
Энэ талаар CUNY-ийн Сэтгүүл зүйн магистрын Ньюмарк сургуулийн сургалт, заах арга зүй хариуцсан захирал Жереми Каплан “Хиймэл оюун ухаан юу хийж чадах вэ” гэсэн илтгэл тавьж, туршлага хуваалцлаа. Тэрээр чуулганд онлайнаар оролцсон юм.

Жереми Каплан “Хиймэл оюун, технологийн дэвшил гарч байна гэдэг нь сэтгүүлчдээ улам чадавхжуулах хэрэгтэй гэсэн дохиог бидэнд өгч байгаа юм. Хэчнээн ухаантай, чадалтай хиймэл оюун гарч ирлээ гээд сэтгүүлчид ажлаа алдахгүй. Харин ч ажлаа илүү үр бүтээлтэй хийх боломжтой болно. Өрсөлдөгч гэж харахаасаа илүү яаж үр дүнтэй түүнийг ашиглах вэ гэдгээ бодох ёстой. Барууны орнуудад хиймэл оюун ухааныг орон нутгийн, эсвэл жижиг редакц илүү их ашигладаг. Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд ашиглахад их үр дүнтэй. Жижиг редакцид AI хүн хэмнэх, цаг хэмнэх, зөвлөгөө авах, алдаа олж өгөх гэсэн 4 зүйл дээр хэрэг болдог. Асар их мэдээллээс хэрэгтэй зүйлээ сонгох, бичихэд хиймэл оюун шиг сайн нөхөр байхгүй. Сэтгүүлчийн бичсэн нийтлэлд жендер, хууль зүйн ямар нэг алдаа байгаа эсэхийг ч хэлээд өгдөг. Гэхдээ эцсийн эцэст дүн шинжилгээ хийх, анализ гаргах нь сэтгүүлч буюу хүн өөрөө юм шүү. Анх олон нийтийн сүлжээ гарч байхад сэтгүүл зүй бас л байр сууриа алдана гэж эмээж, айж байлаа. Хиймэл оюунаас айх хэрэг байхгүй. Харин ч сэтгүүл зүйг шинэ түвшинд гаргах, сэтгүүлчдийг чадвартай болгох хөшүүрэг гэж үзэх ёстой юм. Хиймэл оюун бол сэтгүүлч таны ажилтан, туслах юм шүү” гэж ярилаа.

Мөн “Сэтгүүл зүй дэх хиймэл оюуны хэрэглээ” сэдвээр панел хэлэлцүүлэг болж, “The Media show” платформын санаачлагч Ж.Хулан, “Дуран.AI” гүйцэтгэх захирал А.Ууганбаяр, “Тэнгэр TV” продюсер Б.Ганцацрал, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал, “Voyager AGI” стартаппын үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхбат нар оролцлоо.

Б.Ганцацрал “Хиймэл оюун бол эрчим хүчтэй адил зүйл. Бид эрчим хүчийг хориглож, үгүйсгэж чадахгүй шиг хиймэл оюуныг үгүйсгэж чадахгүй. Би 3 жил хагас ашиглаж байгаа. Хүмүүс ч их ашигладаг болжээ. Дата оруулаад хэрэгтэй мэдээллүүдээ шүүгээд авчихдаг. Өөрсдийн хүссэнээрээ хиймэл оюуныг бий болгож байна гэсэн үг. Бид ганц сэдвээр шуугиад, бүх хэвлэлийн байгууллага бичээд байдаг. Тэгвэл бид хиймэл оюунаар юуг орхигдуулаад байна вэ гэдгээ тодорхойлж болно. Дата, мэдээллээ яаж ашиглах гэдэг дээр анхаарах ёстой. Хиймэл оюун монгол хэлээр тааруу ярьдаг нь анзаарагддаг. Харин сэтгүүл, сонины редакцууд цэвэр, жинхэнэ сайн датагаа технологийн компанид илгээгээд байвал хиймэл оюун монгол хэлэндээ сайн болно. Том компаниудын хиймэл оюуныг ашиглахаас илүү эргэн тойронд байгаа стартапптайгаа хамтраад явбал илүү давуу тал үүсэх болно”

Д.Идэржаргал “Оюутнууд их ашигладаг болсон. Даалгавар өгөөд үзэхэд AI ашигласан нь мэдэгддэг. Тэгэхээр сургуулиуд ч гэсэн оюутнууддаа сургалт явуулах хэрэгтэй санагддаг. AI-г хэвлэлийн газрууд дэд бүтцээ болгож ашиглана гэвэл нэлээд их бэлтгэл хэрэгтэй болно. Хүний нөөцөө сургахаас эхлээд ёс зүйгээ тогтоох шаардлагатай болно. Ямар түвшинд хэрэглэхээ тогтоох ёстой. Хиймэл оюун гэхээр л бүгдийг мэдээд байдаг зүйл биш. Эмзэг сэдэв, нууцын мэдээллийг хиймэл оюунд даатгаж болохгүй”
А.Ууганбаяр “Манай платформуудын 80 хувь нь хиймэл оюун ухаан ашигласан. “Цэцэн”, “Дэлдэн” гэсэн хоёр бүтээгдэхүүн гаргасан. Бичвэрийг аудио болгох, тэр ч бүү хэл өөрийн хоолойгоо хиймэл оюунаар “сургаад”, зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглах буюу текст унших ажлаа хөнгөвчлөх боломжтой болсон. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсдэг. AI технологийг хэвлэлийн байгууллагууд нэвтрүүлж чадна. Гол нь санхүүжилт, алсдаа тогтвортой бизнес болох вэ гэдэг хэцүү. Тиймээс хэвлэлийн газрууд хамтраад ажиллахад илүү боломжтой. Тэгэхгүй бол хоцрох гээд байна. Хиймэл оюун ашигладаггүй гурван редакц гээд ярьж байна. Үнэндээ ажилтнууд нь ашиглаж л байгаа. Үүнийг ил тод болгохгүй бол хямд, буруу AI ашиглах эрсдэлтэй. Харин ч байгууллагынхаа нууцыг, мэдээллийг алдаж байна гэсэн үг. Ашиглах нь ойлгомжтой болохоор тодорхой зардал гаргаад чанартай, сайныг нь ашиглах хэрэгтэй”

О.Мөнхбат “Энэ бол цоо шинэ зүйл биш. Дэлхийн хоёрдугаар дайны дараа гарч ирсэн. Өдөр тутамдаа анзаарахгүй ашигладаг байсан. Сэтгүүл зүйн салбарт зориулсан хоёр бүтээгдэхүүн гаргасан. Энэ бол дэд бүтэц гэдэгтээ санал нийлж байгаа. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн ажил одоо хийгдэж байна гэхэд болно. Сэтгүүл зүйд ажиглагддаг нэг зүйл бол чатботоор текстээ бэлтгээд байдаг. Энэ бол их хортой. Хиймэл оюунаар хийсэн юмыг ялгадаг болсон. Энэ нь уншигчид цөөрөх, холдох эрсдэл бий. Түүхэн үйл явдлыг хиймэл оюунаар гуйвуулж, ёс зүйгээ алдах тохиолдол байна. Ёс зүйгээ баримтлах хэрэгтэй”
