Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг мэдэрч үзээгүй эмэгтэй хүн ховор. Гэвч энэ өвдөлтийг шинжлэх ухаанчаар хэмжиж, баталсан судалгаа цөөн байв.
Эрдэмтэд сарын тэмдгийн үеийн өвдөлт нь зүрхний шигдээстэй адил, зарим тохиолдолд түүнээс ч илүү их өвдөлт мэдрүүлдгийг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн профессор Жон Гильбауд Quartz-д өгсөн ярилцлагадаа, алдарт The Vagina Bible номоороо танигдсан эмэгтэйчүүдийн эмч Жен Гунтер нийтлэлдээ энэ талаар бичжээ.

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг шинжлэх ухаанд "дисменорея" гэж нэрлэдэг бөгөөд JAMA Insights сэтгүүлд 2019 онд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсанаар эмэгтэйчүүдийн 50-90 хувь нь энэ өвдөлтийг мэдэрдэг гэжээ. Түүнчлэн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг "ихэвчлэн оношлогддоггүй, дутуу эмчилдэг, эмэгтэйчүүд өөрсдөө ч хэвийн гэж үздэг" талаар уг өгүүлэлд дурдсан байна.
АНУ-ын Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн коллежоос мэдээлснээр умайн салст бүрхэвч дэх простагландин гэж нэрлэгддэг бодис нь умайн булчин, цусны судсыг агшиж улмаар өвдөлт мэдрэхэд хүргэдэг гэжээ.

Эмэгтэйчүүдийн эмч Жен Гунтер нийтлэлдээ "Хэрэв сарын тэмдгийн үеийн өвдөлтийг зүйрлэвэл... хүүхэд төрүүлэх, мэдээ алдуулагч хэрэглэхгүйгээр хуруугаа тайруулахтай адил" гэсэн байна.
Сарын тэмдэг ирэх үед бага зэрэг таагүй мэдрэмж төрөх, өвдөх нь хэвийн зүйл боловч хүчтэй өвдөлт нь эндометриоз, аденомиоз зэрэг эрүүл мэндийн суурь өвчний шинж тэмдэг байх боломжтой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Эх сурвалж: Business Insider
