UBLife Logo
Сэтгэл судлал

Зөвхөн хайраас л мэдэрч болох 5 өвдөлт

Зөвхөн хайраас л мэдэрч болох 5 өвдөлт

Хайр гэх зүйл биднийг заримдаа огт өөр хүн шиг болгож орхидог. Тэр ч утгаараа өмнө нь мэдэрч байгаагүй өөр өвдөлтүүд мэдрэгдэх нь их байдаг. Энэ болгонд "Зөвхөн хайр л ингэж өвдөнө дөө" гэх бодол төрдөг. Хамаагүй хүчтэй, хамаагүй зовлонтой, бас болиулахад хамгийн хэцүү байдаг болохоор тэр биз ээ.

1. Тааламжгүй хуурмаг төсөөлөл, бодлын өвдөлт

Хайр серотонин ялгаруулах хүчтэй бөгөөд хайр дурлалын сайхан, жаргалтай мөчид энэ нь ихээр ялгарч, бид ямар ч хэцүү үе байсан гэсэн өөрийн эрхгүй хайрын тэр жаргалтай мэдрэмжээр сэргээгдэж чаддаг. Эсрэгээрээ энэ даавар ялгарахгүй үед бид сэтгэл гутрал, айдас, санаа зовнилд автдаг. Хэрэв серотонин хангалттай ялгарахгүй бол яах вэ? Бидний дотор сөрөг бодол эргэлдэж, өөрсдийгөө төсөөллийн улмаас шаналгаж эхэлдэг. Гэнэтийн айдас, хардалт, бодит байдлыг илүү хүнд, гунигтайгаар төсөөлж, хүлээн авах гэх мэт. Энэ мэдрэмж хүнийг зүгээр суухын аргагүй болгодог нь хамгийн хэцүү.

2. Хайр хүнийг донтуулдаг учир маш шаналантай ганцаардал, "нэхэх" мэдрэмжийг төрүүлдэг

Хүн дурлах мөчид допамин болон окситокин гэх даавруудыг ялгаруулдаг. Энэ нь хүнд таашаалыг мэдрүүлдэг гэсэн үг. Үүний учир хүн дулаан, хангалттай, хэрэгцээгээ хангасан мэдрэмж авдаг. Харин тэр зүйлийг мэдрүүлж буй зүйл эсвэл хүнээс холдох үед тэрхүү мэдрэмжээ нэхэж, маш ихээр шаналж эхэлдэг байна. Энэ нь зөвхөн сэтгэл ч гэлтгүй биед асар зовуурьтай байдаг.

3. Хэн нэгэнд үл тоомсорлогдох үед биедээ гэмтэл авч буй мэт өвдөлтийг мэдэрдэг

Судлаачид хэн нэгэнд үл тоомсорлогдож, үл тоогдох, зөвшөөрөгдөхгүй байхын өвдөлт тархины зарим хэсэгт хүчтэй нөлөөлж, энэ нь бие физиологийн өвдөлт болон мэдрэгддэг гэдгийг олж тогтоосон байна. Мөн бидний тархи тааламжгүй аливаа нэгэн үйл явдал, мэдрэмжийг яг л хуурцгийг дахин тоглуулдаг шиг давтаж, мэдрүүлэх үйлдэл их хийдэг учир зүрх шаналах мэдрэмжийг ойр ойрхон дахин дахин авахаас өөр аргагүй болдог байна.

4. Шархалсан зүрхний синдром

Нэгэн судалгаанд шархалсан зүрхнээс үүдэж синдром бий болдог бөгөөд энэхүү өвдөлт үргэжилсээр, хэтэрхий хэцүү байвал зүрхний шигдээст хүргэх магадлалтай байдгийг тогтоосон байдаг. Амьсгал давчдаж, зүрхний булчингууд суларч, цээж хэсгээр их хөндүүрлэл мэдрэгдэх нь олонтаа.

5. Байнгын айдас түгшүүр

Магадгүй та хайртай хүнээ алдахаас ямагт айж эхлэх боломжтой. Энэ нь хүндэрсээр илүү "оршихуйн айдас" төрүүлж эхлэх бөгөөд үр хүүхдээ, аав ээжийгээ, хайртай нэгнээ алдах вий гэхээс үхтлээ айж, сандарч, нөхцөл байдлыг улам бүр хэцүү байдал руу хөтлөх магадлалтай байдаг.

Энэ өвдөлтүүд бүгд хүний мэдэрдэг л зүйлс бөгөөд үүрд үргэлжилнэ гэж байхгүйг бид ойлгох хэрэгтэй. Хэзээ нэг цагт тэрхүү өвдөлт алга болно, эдгэнэ, аажимдаа өөр хайрын оч дүрэлзсэнээр та тоохоо болино. Магадгүй илүү эрүүл амьдралын хэв маягтай болж, өөрийгөө хайрлаж, хайртай хүмүүстэйгээ сайн ярилцаж чадсанаар та энэ бүхнийг илүү хурдан даван туулах боломжтой. Бас хэн нэгэн дэргэд байгаа хүн чинь үргэлж сөрөг мэдрэмж төрүүлж, энэ нь таныг тэсэхийн аргагүй байдалд хүргэж буй бол тавьж явуулах, орхих шийдвэрийг гаргаж ч болох юм. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр та мэргэжлийн хүнд хандаж ярилцан, зөвлөгөө авбал хамгийн үр дүнтэй байх болно гэдгийг ямагт санах хэрэгтэй. Та бүхнийг ганцаараа даван туулах албагүй шүү дээ. Заримдаа тусламж эрэх нь хамгийн зөв сонголт байдаг юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...