АНУ, Израилын Ираны эсрэг хийж байгаа дайны уршгаар Персийн булангийн орнуудаас дэлхийн зах зээлд нийлүүлдэг газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэр зогсож, дэлхий дахинд шатахууны хомсдол нүүрлээд байна. Энэ тээврийн гол зам болох Ормузын хоолойг Ираны тал хяналтдаа байлгаж байгаа. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Трамп НАТО-гийн гишүүн орнууд болон Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс оронд хандаж, Ормузын хоолой руу цэргийн хөлөг онгоцуудаа илгээхийг уриалсан юм. Гэвч ихэнх холбоотон нь Ираны дайнд шууд болон шууд бусаар оролцохоос татгалзаад байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Financial Times”-д ярилцлага өгөхдөө “Хэрэв Хятад улс Ормузын хоолойг нээхэд туслахгүй бол би айлчлалаа хойшлуулах болно” гэж мэдэгджээ.
АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр Бээжинд болох төлөвлөгөөтэй байсан бөгөөд Дональд Трамп есөн жилийн дараа Хятадад айлчлах ёстой байлаа.
Харин Трамп “Хятадын газрын тос, байгалийн хий авдаг гол шугам бол Ормузийн хоолой. Тэгэхээр тэд бидэнд туслах ёстой. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар ярина гэхээр хэт оройтох гээд байна” гэжээ. Хятадын шинжээчид энэ ярилцлагын дараа Ормузийн хоолойд цэргийн хөлөг онгоц илгээх нь дайнд оролцож байгаа хэрэг болно гэж дүгнэсэн байна. Мөн “Вашингтоны эхлүүлсэн дайны хариуцлагыг хамтдаа үүрэх болж байна. Бээжин хөлөг илгээх хэрэг байхгүй” гэж бичжээ.
