Олон жилийн турш нууцлаг хэвээр байсан стрийт арт уран бүтээлч Banksy яг үнэндээ хэн болох талаар шинэ мэдээлэл гарчээ. Reuters агентлагийн хийсэн эрэн сурвалжлах бүтээлийн хүрээнд Banksy нь Робин Гуннингхам хэмээх 51 настай Британи эр болохыг зарлажээ.

Мөн уг сурвалжилгын хүрээнд Робин хэмээх тэрхүү эр 2008 онд нэрээ Дэвид Жонс болгон өөрчилсөн байж болзошгүйг илрүүлжээ.


Banksy-ийн хуульч энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна. Тэрээр Reuters-т өгсөн хариундаа “Танай бүтээлд дурдсан олон мэдээллийг үнэн гэж үзэх боломжгүй” гэж мэдэгджээ.
Түүнчлэн Banksy нууц хэвээр үлдэх нь чухал гэдгийг онцолж, түүний уран бүтээл нийгмийн болон улс төрийн эмзэг асуудлуудыг хөнддөг учир заналхийлэл, дарамт шахалттай тулгарч байсан гэж тайлбарласан байна. Тиймээс нууц нэр ашиглах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хамгаалдаг гэж тэр хэлжээ.

Харин Banksy-ийн хуучин менежер Стив Лазаридес “Робин гэж хүн байхгүй” хэмээн мэдэгджээ. Гэхдээ тэрээр уран бүтээлч 2008 онд үнэхээр нэрээ өөрчилсөн байж магадгүй болохыг дурджээ.

Reuters-ийн сэтгүүлчид Banksy-ийн гар бичмэл мэдүүлэг болон хуучин шүүхийн баримтуудыг судалсны үндсэн дээр энэ дүгнэлтэд хүрсэн байна.
Тухайлбал, Banksy 2000 онд Нью-Йорк хотод болсон загварын долоо хоногийн үеэр баривчлагдаж байжээ. Тэр үед дизайнер Марк Жейкобсын сурталчилгааны самбар дээр зураг зурж, өөрчилсөн хэрэгт холбогдон жижиг зөрчил үйлдсэн гэж буруутгагдсан байна.

Шүүхийн баримтад түүний жинхэнэ нэр Робин Гуннингхам гэж тэмдэглэгдсэн байсныг Reuters-ийн судалгаанд дурджээ. Мөн Украинд болсон дайны үеэр Banksy-ийн уран бүтээл гарсан газруудыг судалж, нэмэлт мэдээлэл цуглуулсан байна.
Banksy-ийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол Girl with Balloon юм. Уг бүтээлд улаан зүрхэн хэлбэртэй бөмбөлөг нисгэж буй бяцхан охин дүрслэгдсэн байдаг.

Энэ зураг анх 1.4 сая ам.доллараар зарагдсан ч Banksy өөрийн бүтээлийг жаазны хүрээнд нуусан цаас зүсэгч төхөөрөмжөөр тал хүртэл нь үгүй хийж, дараа нь бүтээлийг Love Is in the Bin хэмээн нэрлэжээ. Уг шинэ хувилбар гурван жилийн дараа 25 сая ам.доллараар зарагдсан байна.

Banksy нь мөн улс төр, нийгмийн асуудлыг хөндсөн бүтээлүүдээрээ алдартай. Түүний зарим бүтээл Палестины асуудал, шүүхийн систем, нийгмийн шударга ёс зэрэг сэдвийг шүүмжилсэн агуулгатай байдаг.

