Бразилийн хөлбөмбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, итали мэргэжилтэн Карло Анчелотти энэ сард хийх нөхөрсөг тоглолт болон шигшээ багийн цугларалтад оролцох тоглогчдын нэрсийг өнөөдөр (3.16) зарлалаа. Дараахь хөлбөмбөгчид энэ удаа шигшээ багтаа дуудагджээ.
Хаалгачид: Аллисон (Ливерпуль), Бенто (Аль-Наср), Эдерсон (Фенербахче);
Хамгаалагчид: Алекс Сандро, Данило, Лео Перейра (бүгд – Фламенго), Бремер (Ювентус), Дуглас Сантос (Зенит), Габриэл Магальяэс (Арсенал), Рожер Ибанес (Аль-Ахли), Маркиньос (ПСЖ), Уэсли Франса (Рома);
Хагас хамгаалагчид: Андрей Сантос (Челси), Каземиро (Манчестер Юнайтед), Данило Барбоза (Ботафого), Фабиньо (Аль-Иттихад);
Довтлогчид: Эндрик (Лион), Габриэл Мартинелли (Арсенал), Игор Тиаго (Брентфорд), Луис Энрике (Зенит), Матеус Кунья (Манчестер Юнайтед), Жоао Педро (Челси), Рафинья (Барселона), Винисиус Жуниор (Реал), Райан Роша (Борнмут).
Харин Бразилийн супер од Неймарын нэр урьдчилсан жагсаалтад байсан ч шигшээ багт энэ удаа л лав дуудагдсангүй. Анчелотти түүнийг гэмтэл нь бүрэн сайн эдгээгүй, формондоо ороогүй байгаа учир эрсдэлээс сэргийлж дуудаагүй гэсэн тайлбар хийжээ.

Мөн гэмтлийн улмаас Эдер Милитао, Родриго, Бруно Гимарайнш нар өнжлөө, энэ удаагийн цугларалтыг. Бразилийн шинэ од гэгдэж буй, биерхэг, хүчирхэг 19 настай Райан үндэсний шигшээ багт анх удаагаа дуудагдлаа.
Мөн "Реал"-аас Францын "Лион"-д очоод өөрийгөө сайн харуулж буй Эндрик дахин Бразилийн шигшээд тоглох боломжтой болов.
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ гуравдугаар сарын 26-нд Францтай, гуравдугаар сарын 31-нд Хорваттай нөхөрсөг тоглолт хийх бөгөөд хоёр тоглолт хоёулаа АНУ-д ( Фоксборо, Орландо) болох юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
