МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал цахим болон танхим хосолсон хэлбэрээр болж, IX чуулганаар сонгогдсон шинэ бүрэлдэхүүн анхны ажлуудаа эхлүүлж, хэд хэдэн чухал шийдвэрүүдийг баталлаа.
- МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлолоо
- Байгууллагын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, Ерөнхий менежерийн орон тоог нэмэгдүүлэв
- Үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилгоор салбар комиссууд байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн ойрын томоохон наадмуудын бэлтгэл ажлын хүрээнд багийн ахлагч нарын асуудлыг хэлэлцлээ.
Энэ оны есдүгээр сард болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын багийн ахлагчаар өмнө нь УИХ-ын гишүүн Х. Булгантуяаг томилсон бөгөөд энэ шийдвэр хэвээр үргэлжилж байна. Харин Монголын талаас 500 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж, тэмцээн олон хотод зэрэг зохион байгуулагдах нөхцөл байдлыг харгалзан багийн удирдлагын бүтцийг өргөтгөж, Х. Баттулгыг багийн ахлагчаар нэмж томиллоо.
Түүнчлэн “Лос Анжелес-2028” Олимпын наадамд бэлтгэх ажлыг эртнээс системтэй эхлүүлэх хүрээнд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг Монголын багийн ахлагчаар томилсон байна.
