Хэрэв танд дэлхийн бороо уйтгартай санагдаж байвал шинжлэх ухааны нэгэн гайхалтай нээлтийг сонирхоорой. Судлаачдын үзэж байгаагаар манай нарны аймгийн гарагууд болох Бархасбадь болон Санчир дээр жинхэнэ очир эрдэнээр "бороо" ордог байна.

Тус гарагууд дээр очир эрдэнэ үүсэхэд ердөө хоёрхон зүйл хэрэгтэй аж. Тэр зүйлс нь Нүүрстөрөгч болон маш их даралт л байхад хангалттай юм байна.
Тэгвэл Санчир болон Бархасабадь гарагууд дээр хэрхэн очир эрдэнийн бороо ордог процессыг сонирхоё:
Гарагуудын агаар мандалд хүчтэй аянга цахилгаан цахихад метаны хий задарч, нүүрстөрөгчийн тортог (хөө) үүсдэг. Энэхүү тортог нь гарагийн гүн рүү унах тусам агаар мандлын асар их даралт болон халуунд бал чулуу (графит) болон хувирдаг. Үүний дараа даралт улам нэмэгдэхэд бал чулуу нь бидний мэдэх хатуу, гялалзсан очир эрдэнэ болон талсждаг ажээ.

Судлаачдын тооцоолсноор Санчир гараг дээр жилд дунджаар 1,000 тонн орчим очир эрдэнэ ийнхүү үүсдэг хэмээн үзэж байна. Бидний мэдэх очир эрдэнэ дэлхий дээр маш ховор, газрын гүнд олон сая жилийн турш бүрэлддэг бол Бархасбадь, Санчир зэрэг гарагуудад энэхүү үйл явц нь “цаг агаарын ердийн үзэгдэл" байх боломжтойг эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтэн Кевин Бейни болон Мона Делитски нарын тооцоолсноор эдгээр очир эрдэнийн бороо нь дунджаар 1 см орчим диаметртэй байдаг. Мөн зөвхөн Бархасбадь, Санчир ч биш, манай нарны аймгийн алс холын мөсөн гарагууд болох Тэнгэрийн ван болон Далайн ван дээр ч энэ үзэгдэл явагддаг байна. Эдгээр гарагуудын цөм нь илүү хүйтэн учраас очир эрдэнэс нь хайлж урсахгүйгээр, гарагийн цөмийг бүрхсэн олон мянган км зузаан "очир эрдэнийн мөсөн давхарга" үүсгэн тогтсон байх таамаглал бий.

Бэлтгэсэн: Х.Энхзул
Эх сурвалж: BBC News, NASA