Монгол Улсын Их Сургуулийн санаачилгаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон төрийн өмчийн зургаан их сургууль болох ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС хамтран “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр-Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форумыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь техник технологийн хурдацтай хөгжлийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг хэлэлцэн, оюутан залуусыг боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцыг дэмжих бодит боломж, шийдлүүдийг танилцуулах зорилготой байлаа. Энд 40 гаруй аж ахуйн нэгж, компани оюутан залууст ажлын байраа танилцуулж, өөрсдийн давуу тал, цаашид хөгжих боломжийг харуулсан зурагт хуудас, үзэсгэлэн гаргасан байлаа.
Өдөрлөгийн үеэр оюутнуудаас сэтгэгдлийг нь сонсоход бүгд цахим шилжилтийн үед юунд анхаарах, өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар мэдлэгтэй болоод гарч байсан юм.

ХААИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Б.Мөнх-Эрдэнэ “Ажлын байранд гарах, хайх талаар туршлага хуримтлууллаа. Өнөөдрийн арга хэмжээ их тус боллоо. Сууж байхдаа цаашдаа яах, юу хийх талаараа их бодлоо. Амжилттай яваа хүмүүсийн яриаг сонслоо, юм юм сурч авлаа. Би механик инженерийн ангид сурдаг. Орчин цагт хиймэл оюун ухаан бүх салбарт нэвтэрч байна. Миний хувьд хиймэл оюунд ажлын байраа алдана гэж эмээхээс илүү хамтран ажиллаж, өөртөө ашигтайгаар хэрэглэх, цаашдаа хөгжүүлж, өөрийн чадварыг дээшлүүлэхдээ илүү анхаарна гэж бодож байгаа. Би хиймэл оюуны талаар одоо дөнгөж суралцаж эхлэж байгаа. Хичээл сургуульдаа ашиглаж байна. Манай сургууль төлөвлөгөөндөө саяхнаас оруулсан, сүүлийн үед их хөгжиж байгаа”

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тавдугаар дамжааны оюутан Б.Гүндэгмаа “Би Нийгмийн эрүүл мэнд судлал, эрүүл ахуйн мэргэжлээр суралцдаг. Энэ жил төгсөх жил. Төгсөөд орох ажлаа хараахан шийдээгүй байна. Ажлын байранд гарах тал дээр бага зэрэг сандрал байгаа. Энэ талаар чиг баримжаа олох гэж өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна. Цахим шилжилт гэдэг утгаараа AI илүү өргөн утга, хүрээтэй болжээ. Манай мэргэжилд хиймэл оюун яаж нөлөөлөх, ирээдүйн ажлын байр, карьерт маань хэрхэн нөлөөлөх талаар сонслоо. Энд ирсэн байгууллагуудтай танилцлаа, надад ямар боломж байгаа вэ гэдгийг шинэ төгсөгчийн хувьд харлаа, судаллаа. Өнөөдрийн өдөрлөгт ирээгүй байхдаа хиймэл оюуны талаар бага зэрэг айдастай байсан. Бид нарыг орлох юм байна, ажлын байр эзлэх юм байна гэж бодож байлаа. Харин илтгэлүүдийг сонсоод байхад хамтрагч болоод ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлж болох юм байна, салбартаа илүү хөгжиж болох юм байна гэдгийг ойлгож авлаа. Энэ бол шинэ боломж”
