UBLife Logo
Newsfeed

Энэ амралтын өдрүүдэд болох урлаг соёл, үзэсгэлэн, эрүүл мэндтэй холбоотой 5 арга хэмжээ

Ub.life
Ub.life
Энэ амралтын өдрүүдэд болох урлаг соёл, үзэсгэлэн, эрүүл мэндтэй холбоотой 5 арга хэмжээ

Энэ амралтын өдрүүдийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд тань туслах урлаг соёл, үзэсгэлэн, эрүүл мэндтэй холбоотой 5 арга хэмжээг хүргэж байна.

1. "Макбет" дуурь

2026 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа Ж.Вердийн алдарт Макбет дуурь дахин амилах гэж байна. Сонгодог урлаг шимтэн үздэг үзэгчдийн заавал үзэх бүтээл мөнөөс мөн билээ. Энэ удаагийн тоглолтонд Монгол Улсын соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр /МУГЖ/ урилгаар "Макбет"-ын дүрийг бүтээхээр болжээ.

Үйл явдал: Зоригт жанжин Макбет гурван шулмын зөгнөлд итгэж, эхнэрийнхээ ятгалгаар Шотландын хааныг хөнөөн эрх мэдлийг нь булаадаг. Гэвч тэрээр суудлаа хадгалж үлдэхийн тулд анд нөхөд, гэм зэмгүй хүмүүсийг үргэлжлүүлэн хөнөөж, харгис дарангуйлагч болон хувирдаг. Эцэст нь хийсэн нүгэлдээ тарчилж, сэтгэл зүйн уналтад орсон Макбет зөгнөлийн дагуу өөрийн үхэлтэй нүүр тулан, Макдуфын гарт амиа алдаж, шударга ёс тогтсоноор жүжиг төгсдөг.

Хаана: УДБЭТ-ын тайзнаа

Хэзээ: 2026 оны 4 дүгээр сарын 25, 26-ны 17 цагаас

2. "Намайг дурсаарай Коко" жүжиг

4-р сарын 25-нд "Маппет" хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бяцхан үзэгчдэдээ зориулан Улаанбаатар театрт “Намайг дурсаарай Коко” жүжгээ тоглохоор боллоо.

“Намайг дурсаарай Коко” жүжиг нь Мексикийн ид шидийн ертөнцөөр аялуулах болно. Хөгжимчин болох мөрөөдөлтэй Мигель хүүгийн сүнсний ертөнц дэх адал явдал, өнгө алагласан үзүүлбэр, гэр бүлийн хайрын тухай өгүүлэх энэхүү жүжиг нь бяцхан үзэгчдэд зориулсан шилдэг бэлэг байх болно. Мөрөөдлөө дагаж, "жинхэнэ од" болохын тулд Мигель ямар давааг туулсан бол? Хариултыг нь тайзнаас ирж үзээрэй.

Хаана: Маппет хүүхэлдэйн театр

Хэзээ: 2026 оны 4-р сарын 25-ны 11:00, 14:00, 16:00 цагуудаас

3. Motion Mongolia наадам

5 дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам 2026 оны 4-р сарын 24-нөөс 29-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн наадмын зорилго нь бүжгийн салбар дахь бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, урт хугацааны түншлэл, мэргэжлийн солилцоог дэмжих, бүжгийн урлагийн боловсролыг хөгжүүлэхэд орших аж. Мөн дашрамд дуулгахад 25,26-ны өдрүүдэд мэргэжлийн олон улсын багш нараар сонгодог балет болон контемпорари бүжгийн техник заалгах боломжтой юм байна.

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: 2026 оны 4-р сарын 25-29ны 19:00 цагаас

4. Barilga Expo

Барилгын салбарын хамгийн том цугларалт болох “BARILGA EXPO 2026” олон улсын үзэсгэлэн энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд болох гэж байна. 39 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд дотоодын төдийгүй Хятад, Япон, Герман, Итали зэрэг 20 гаруй орны 400 орчим шилдэг аж ахуйн нэгж оролцож, салбарын дэвшилтэт техник, технологи, шинэ төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Барилга, орон сууц, интерьерийн шийдэл сонирхож байгаа хэн бүхэнд нээлттэй.

Хаана: Буянт ухаа ордонд

Хэзээ: 2026 оны 4-р сарын 24-26

5. Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногт олон улс даяар "Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аян нь хүн төрөлхтнийг аюулт халдварт өвчнөөс хамгаалахад вакцины гүйцэтгэх үүргийг таниулах, дархлаажуулалтын хамрагдалтыг өсгөхөд чиглэсэн дэлхий нийтийн томоохон санаачилга юм. Хэрэв та эрүүл мэнддээ цаг гаргахыг хүсвэл энэ амралтын өдрүүдэд өөрт ойрхон эрүүл мэндийн төвд хандаарай.

Хаана: Өөрт хамгийн ойр эрүүл мэндийн байгууллага

Хэзээ: 2026 оны 4-р сарын 24-30

Бэлтгэсэн: Х.Энхзул

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...