Аймшгийн киноны өвөрмөц өнгө төрхөөрөө танигдсан A24 студи энэ удаа интернэтээс төрсөн алдарт “Backrooms” концепцийг дэлгэцийн бүтээл болгож байгаа билээ. Шинэ кинонд зориулан нийт 30,000 квадрат фут буюу ойролцоогоор 2,800 м² хэмжээтэй бодит “лиминал орон зай” бүтээсэн нь хүмүүст онцгой санагдаж байна.
Лиминал орон зай гэдэг нь хоосон, үе хоорондын шилжилтийн орон зай гэх утгатай үг юм.

Backrooms кино нь анх 2022 онд YouTube дээр цуврал бичлэг бүтээж эхэлсэн залуу найруулагч Кэйн Парсонсын төсөл юм. Тэр анхны бичлэгүүддээ Blender, Adobe After Effects ашиглан бүтээж байсан юм. Хоосон мэт боловч түгшүүртэй, аймшигтай, төөрөгдөм орон зайг бүтээж чадсанаараа дэлхий даяар шуугиан тарьж байв.
Киноны баг хязгааргүй мэт үргэлжлэх шар ханатай коридорууд, давтагдсан олон ижил өрөө, архитектурын хачин бүтэц зэргийг бодитоор байгуулсан бөгөөд зураг авалтын үеэр хүмүүс төөрөх тохиолдол хүртэл гарсан байна.

Парсонс энэ талаар “Энэ орон зай өөрийн гэсэн маш хачирхалтай логиктой. Юу тохиолдож болох, юу болохгүйг хүртэл архитектур нь шийддэг” гэж тайлбарлажээ.
Кино нь зөвхөн харагдах орчноор айлгах бус, хүний сэтгэлзүйд нөлөөлөх байдлаар бүтээгдсэн. Найруулагчийн хэлснээр, “Хүн өдөөлтгүй орчинд ормогц тархи энгийн дүрс, хээг хүртэл утгатай мэтээр хүлээж авч эхэлдэг” гэжээ.
Кино 2026 оны 5-р сарын 29-нд кино театруудад нээлтээ хийнэ.
