UBLife Logo
Сэтгэл судлал

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тархи дайнд орсон цэргүүдтэй ижил хариу үйлдэл үзүүлдэг

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тархи дайнд орсон цэргүүдтэй ижил хариу үйлдэл үзүүлдэг

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тархины үйл ажиллагаа тулааны бүсэд ажилласан цэргүүдийнхтэй ижил төстэй байдгийг шинэ судалгаа тогтоожээ. Судлаачдын үзэж буйгаар ийм хүүхдүүд аюулыг үргэлж мэдэрч, хүрээлэн буй орчиндоо “хэт сэрэмжтэй” болох байдлаар дасан зохицдог байна.

Энэхүү судалгаа Current Biology сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд нийт 43 хүүхдийг функциональ соронзон резонансын дүрслэл (fMRI) ашиглан шинжилжээ. Судалгаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 20 хүүхдийг ижил насны, хүчирхийлэлд өртөөгүй 23 хүүхэдтэй харьцуулан судалсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 12 байжээ.

Судалгааны үеэр хүүхдүүдэд ууртай, гунигтай болон тайван дүр төрхтэй хүмүүсийн зураг үзүүлж, тархины хариу үйлдлийг ажигласан байна. Үүний үр дүнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ууртай царай харах үед тархины аюул, заналхийллийг танин мэдэрдэг хоёр чухал хэсэг болох амигдала (amygdala) болон урд инсула (anterior insula)-д илүү өндөр идэвхжил илэрчээ.

Сонирхолтой нь, өмнө нь байлдааны нөхцөлд ажилласан цэргүүдийн тархийг судалсан fMRI шинжилгээнүүд мөн эдгээр ижил хэсгүүдэд хүчтэй идэвхжил ажиглагддаг болохыг тогтоосон байна.

Судлаачид үүнийг аюулд үргэлж бэлэн байх дасан зохицох механизм гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд удаан хугацаанд өртсөн хүүхдийн тархи орчин тойрноо байнга эрсдэлтэй гэж хүлээн авч, аюулыг түргэн мэдрэх горимд шилждэг байж болзошгүй аж.

Мөн судалгаанд дурдсанаар, амигдала болон урд инсула нь түгшүүрийн эмгэгтэй холбоотой тархины бүсүүд юм. Иймээс бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд насанд хүрэхдээ сэтгэл түгшилт, айдас, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөр байдаг байж магадгүй гэж үзжээ.

Судлаачдын онцолсноор, судалгаанд хамрагдсан бүх хүүхэд тухайн үедээ сэтгэцийн ямар нэгэн асуудал, оноштой байгаагүй бөгөөд эрүүл мэндийн тал дээр асуудалгүй байсан байна. Энэ нь хүчирхийллийн нөлөө тархинд өөрчлөлт үүсгэж болох ч тэр нь заавал шууд шинж тэмдэг болж илэрдэггүйг харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хүүхэд гаднаасаа хэвийн мэт харагдаж байсан ч тархины түвшинд аль хэдийн өөрчлөлт явагдсан байх магадлалтай аж.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүх хүүхэд заавал сэтгэцийн асуудалтай болдоггүй. Зарим нь хүнд нөхцөлөөс сэргэж, амжилттай, тогтвортой амьдралтай болж чаддаг байна. Иймээс дараагийн шатны судалгаа нь эдгээр тархины өөрчлөлт хэр тогтвортой байдаг, мөн ямар хүчин зүйл хүүхдийг сэтгэлзүйн хувьд илүү тэсвэртэй болгож чаддагийг тодруулахад чиглэж байгаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү судалгаа нь хүүхдийн тархи эрт үеийн хүчирхийлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, дасан зохицдогийг ойлгоход чухал эхлэл болж байгаа бөгөөд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шинэ ойлголт өгөх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: IASP (International Association For The Study of Pain)

Судлаач Эймон МакКрори.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...