Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн. Гэвч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас эмгэнэл илэрхийлэхдээ овгийг нь буруу бичсэнээс гадна О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн нарын шүлгийг түүний бүтээл мэт бичиж, олон нийтийн цухлыг төрүүлээд байгаа билээ. Уг үйл явдалтай холбогдуулан сэтгүүлчид ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлангаас тодруулга авлаа.
Энэ тухай ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “Энэ бол итгэмээргүй, харамсалтай алдаа байсан. Өнөөдөр монголчууд “Амьддаа бие биеэ хайрла” бол О.Дашбалбарын шүлэг гэдгийг мэднэ. Дэндүү харамсмаар энгийн алдаа гаргасан. Хэн ч мэддэг шүлгүүдийг талийгаачийнх гэж бичсэн байсан. Хэчнээн яарсан байсан ч гэсэн ийм энгийн алдаа гаргасанд би гайхаад байгаа юм. Харамсаад итгэж чадахгүй байна. Ажилтнаасаа асуухад, яараад ийм юм хийчихлээ гэсэн. Өөрөө уг нь сэтгүүлч хүн. Дарга нараасаа асуухгүй оруулсан байсан. Үүнд би маш их гайхаж байгаа. Гэхдээ өнөөдөр Монголд “Амьддаа бие биеэ хайрла” шүлэг О.Дашбалбарынх гэдгийг мэддэггүй хүн байдаг гэж үү?” гэлээ.
Сэтгүүлч түүнээс “Та өөрөө уучлалт гуйхгүй юм уу?” хэмээн асуухад тэрбээр “Би тийм үг хэлсэн биш. Ямар хамаатай юм” гэж хариуллаа.