Жил бүрийн тавдугаар сарын 15-нд Цэргийн албанаас татгалзагчдын олон улсын өдрийг (International Conscientious Objection Day) тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг цэргийн алба хаахаас үзэл бодол, шашин шүтлэг, ёс зүйн хувьд татгалзаж буй хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг дэмжих зорилгоор тэмдэглэдэг байна. Цэргийн албанаас ийнхүү татгалзах эрхийг 1995 онд НҮБ-иас баталгаажуулсан ч амьдрал дээр биелэх нь ховор. Цэргээс зугтсан, татгалзсан “нөхрийг” улс орон болгон өөр өөрөөр шийтгэдэг хуультай. Зарим нь шууд торны цаана суулгадаг бол зарим нь гудамж талбай цэвэрлүүлдэг гэж байгаа. Гэхдээ энэ олон зууны турш хүн төрөлхтөн байлдахыг хүсэхгүй байгаа хүнийг яахаа эцэслэн шийдээгүй хэвээр байна.
Түүхэнд хамгийн анх татгалзсан хүн

Эрт дээр 295 онд Ромын Нумидия буюу одоогийн Алжир улсын нутаг дэвсгэрт Христийн шашинт залуу Максимилиан цэрэг татлага дээр иржээ. Аав нь армид алба хааж байсан тул хүү нь ч мөн цэрэгт явах ёстой. Харин Максимилиан “Би байлдаж болохгүй. Би Бурханы цэрэг” гэж татгалзав. Түүнд хоёр сонголт өглөө. Цэргийн тангараг өргөх эсвэл үхэх. 295 оны гуравдугаар сарын 12-нд түүнийг цаазалсан бөгөөд сүм хийдээс түүнийг Гэгээн Максимилиан Тебесский хэмээн алдаршуулсан юм. Өнөөдөр хадгалан үлдсэн тэр үеийн байцаалтын баримтаас үзэхэд Максимилиан Эзэнт гүрний хууль дүрмийг эсэргүүцээгүй. Тэр цэргийн албыг өөрийнх нь “Хүн алж болохгүй” гэдэг үзэлтэй зөрчилдсөн гэж нотолж байжээ. Энэхүү иргэний үүрэг, хувийн үзэл бодлын зөрчилдөөн одоо болтол үргэлжилсээр байгаа юм.

XVII зуунаас эхлэн тархсан “Religious Society of Friends” хэмээх шашны хөдөлгөөнийхөн цэрэг, дайнаас татгалзах эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн. Их Британид тэд засгийн газраас хэсэгчилсэн зөвшөөрөл авч чадаж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тус хөдөлгөөний гишүүд хэдэн мянгаараа дайнд явалгүй шүүх, шоронд очиж байлаа. 2001 онд Европын холбооны шүүхээс гишүүн орны иргэдэд цэргийн албанаас татгалзах эрхийг албан ёсоор баталсан юм.
Татгалзах эрхтэй улс

Баруун Европын ихэнх оронд цэргээс татгалзах нь жирийн зүйл. Герман улс энэ эрхийг 1949 онд баталгаажуулсан бол Скандинавын орнууд ямар ч асуудалгүй чөлөөлдөг. Буу зэвсэг барихыг хүсээгүй хүн эмнэлэг, ахмадын асрах газарт ажиллаж болно. Хэт амархан харагдуулахгүйн тулд энэхүү дүйцүүлэх албаны хугацааг арай урт байхаар тохируулжээ. Энэ улсуудад Засгийн газраас тухайн хүний шашин шүтлэг, яагаад татгалзсан шалтгааныг ч асуудаггүй. Учир нь энэ бол түүний эрх.

Татгалзах эрхгүй улс
Энд хамгийн алдартай орон бол БНСУ. Алдартай жүжигчин, дуучин байсан ч цэргийн албаа хаах үүрэгтэй. Татгалзагчийг шоронд илгээнэ. 1953 оноос хойш Өмнөд Солонгост 19 мянган хүн цэргээс татгалзаад шоронд орсны ихэнх нь “Ёховагийн Гэрчүүд” шашны итгэгчид байлаа.

Тэд 18 сарын хорих ял авснаас гадна ял эдэлж байсан гэдэг утгаараа нийгэмд маш олон хориотой тулгарч байсан юм. 2018 онд БНСУ-ын Дээд шүүхээс цэргээс татгалзахад шашин шүтлэг хамаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2020 оноос БНСУ-д дүйцүүлэн алба хаах журам шинээр нэвтэрсэн. Гэсэн ч хүний эрхийн “Amnesty International” байгууллагаас БНСУ-ын өнөөгийн дүйцүүлэх алба нь хүний залхаан шийтгэсэн шинжтэй байдаг гэж шүүмжилдэг. Грек улсад ч гэсэн дүйцүүлэн хаах иргэдийг маш урт хугацаанд алба хаалгаж шийтгэдэг байна.

Израил улсад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй цэрэгт татдаг онцлогтой. 17 нас хүрэхэд зарлан ирнэ. Армиас татгалзвал шорон. 18 настай Итамар Гринберг таван удаа зарлан авахдаа цэргийн “Неве Цедек” шоронд нийт 197 өдөр хоригдсон байна. Шашин шүтлэгийг армиас татгалзах шалтгаан гэж үздэггүй тул арми өөрсдөө яахаа шийднэ.

Татгалзвал шоронд хорих улсууд
Турк бол цэргийн алба хаахаас үзэл бодол, шашин шүтлэг, ёс зүйн хувьд татгалзаж болдоггүй Европын зөвлөлийн цорын ганц улс. Татгалзлаа тэр дороо шорон. Зугтсан бол мөрдөн хөөнө. Зарим хүн цэргийн нас нь өнгөртөл хэд хэдэн удаа шоронд суусан байдаг. Дүйцүүлэх алба гэж энд байхгүй. Гэхдээ хуульд их хэмжээний мөнгө улсын санд тушаавал цэргээс чөлөөлөгдөж болно гэсэн заалттай. Гэхдээ маш их мөнгө тул баячууд л төлж чадна.

Максимилиан цаазлуулснаас хойш 17 зуун өнгөрсөн ч энэ асуудлын хариу олдоогүй хэвээр байна. Германд татгалзагчийг ахмадын асрах газарт ажил хийлгэхээр илгээж байгаа бол БНСУ-д ард түмэндээ ад үзэгдсээр үхэн үхтлээ амьдарна. Туркт шоронд орно.

Харин та энэ талаар юу гэж бодож байна вэ? Шашин шүтлэгээр цэргийн албанаас татгалзаж болох уу, эсвэл бүх нийтээр ижил тэгш алба хаах ёстой юу?
