UBLife Logo
Нийгэм

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.15/ хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Х.Болормаа, Ж.Батсуурь, Р.Батболд, Х.Булгантуяа, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, Б.Заяабал, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Б.Түвшин, Б.Чойжилсүрэн, Ч.Номин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирснээр хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь буюу 5.3 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгааг онцолсон.

Мөн Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар олон улсын гэрээнд хамаардаг бөгөөд энэ ч үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улс, санхүүгийн байгууллагуудаас тогтмол хийдэг үнэлгээнд нөлөөлөх асуудал болдог гэдгийг тодотгов.

Өнөөдрийн төсвийн хязгаарлалттай нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол хүндрэл болж байна. Хэрэв зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр энэ түвшин хэвээр үргэлжилбэл зарим төслийн хэрэгжилт дунджаар 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүссэнтэй адил нөхцөл үүснэ. Хэдийгээр энэ онд 18 төсөл хэрэгжин дуусаж байгаа боловч шинээр эхлэх төслүүдийн гэрээтэй холбоотойгоор зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл ирэх онуудад ч өндөр хэвээр байх хандлагатай байна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаж байлаа.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 5 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээг, 2 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын зардлын зохицуулалтыг, 3 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын ил тод байдал, хяналтын асуудлыг, харин 4 дүгээр бүлэгт хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтыг тус тус тусгасан гэв.

Хуулийн төсөлд нийт хэрэгжиж байгаа төслүүдээс зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хүрээнд ашиглалтыг нэмэгдүүлэхийг тодорхой тусгаж өгсөн. Хуульд өөр төсөл нэмж тусгах, төслийн нэр өөрчлөхийг хориглосон. Түүнчлэн хуулийг эдгээр төслүүдийн зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэл хүчин төгөлдөр байхаар тусгасан хэмээн Сангийн сайд танилцуулж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар 2026 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд 1.5 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хувьд 324.1 тэрбум төгрөгийн ашиглалт буюу нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт гарснаар төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэлэлцээрийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах, зээлийн үйлчилгээний төлбөр тэр дундаа хөрөнгө баталгаажуулсны төлбөрт төлөгдөх 104.1 тэрбум төгрөгийг хэмнэх нөхцөлийг бүрдүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж жил бүр 1.0 тэрбум ам.доллар дотооддоо үлдэх, Эрднэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд баруун бүсийг 100 хувь эрчим хүчээр хангаж жил бүр 17.5 тэрбум төгрөг дотооддоо үлдэж, импортын цахилгаан эрчим хүчийг орлохоор байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Улсын Их Хурлаар өмнө нь батлагдах гэж байсан хувилбараас өөрчлөгдсөн зүйл байгаа эсэхийг тодруулахад Сангийн сайд З.Мэндсайхан өмнөх хуулийн төслөөс “Сэлбэ дэд төвийг” хассанаас өөр өөрчлөгдсөн зүйл байхгүй гэв.

Ингээд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...