Засгийн газрын лхагва гарагийн /2026.05.20/ ээлжит хуралдаанаар тэсэрч дэлбэрэх бодисын импортыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах тогтоолыг баталлаа.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын танилцуулснаар, Засгийн газрын тогтоол батлагдсанаар тэсэрч, дэлбэрэх бодисын импортын боомтуудыг нэмэгдүүлж, хилийн бүртгэл хийх процесс илүү шуурхай болох юм байна.
Тэрбээр “Тэсрэх дэлбэрэх бодисын импорттой холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын ач холбогдол нь, манай улс бензин, шатахууны импортоор гаднаас 100 хувь хараат юм. Үүнтэй адил тэсэрч дэлбэрэх бодис буюу уул уурхайн үндсэн тэсэлгээний ажилд зориулагдсан материалаа 100 хувь импортоор хангадаг. Манай улсын хувьд импортын боомтуудын тоог нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангах, орж ирсэн тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах үүрэг даалгавар өгсөн тогтоолын төсөл батлагдлаа” гэсэн юм.
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлын явцын талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Энэ тухай хэлэхдээ “Оюутолгойгоос том хэмжээнд тооцогдохоор төслийн бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн хувьд газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудалд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг өглөө. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр идэвхтэй үргэлжилж байна.
Мөн Дархан-Уул аймагт гангийн цогцолбор байгуулах талаар хэлсэн үгэндээ “Гангийн үйлдвэр бол манай улсын хөгжил дэвшлийн суурь болсон салбар байх ёстой. Дотоодын гангийн хэрэглээг бүрэн хангаж, мөн бусад чанарын ганг экспортлох хүчин чадалтай үйлдвэр юм. Дархан-Уул аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн. Энэ жилдээ багтан гэрээ хэлцлүүдийг дуусгаж ажлыг эхлүүлэх зорилготой ажиллаж байна.
Гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх хугацаа энэ сарын 11-ны өдрөөр дууссан байна. Иймд материалаа ирүүлсэн оролцогчдын тоог үзэх, үнэлэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа" гэлээ.