UBLife Logo
Загвар

Адриана Лима буюу бразил гоо үзэсгэлэн гэж юу вэ?

Адриана Лима буюу бразил гоо үзэсгэлэн гэж юу вэ?

1981 оны зургаадугаар сарын 12-нд Бразилын Баия мужид нэгэн охин төрлөө. Охиныг ой хүрээгүй байхад нь аав нь гэрээсээ явсан тул ээж нь охиноо ганцаараа өсгөжээ. 13 настайд нь нэг найз нь түүнийг загварын тэмцээнд санамсаргүй дагуулан явсан нь нэгэн түүхийн эхлэл байлаа. Найз нь түрүүлсэнгүй, харин Адриана Лима тэргүүн байр эзэллээ. Ингээд Лима гучин жилийн турш “Бразил гоо үзэсгэлэн” гэж нэрлэгддэг бүхэл бүтэн гоо зүйн ойлголтын бэлгэ тэмдэг болсон юм. Өнөөдөр тэр 45 нас хүрч байна.  

Баиягаас Нью-Йорк хүртэл

Адриана Лима Салвадорын Кастело-Бранко дүүрэгт өсөж, торнижээ. Ээж нь нийгмийн ажилтан. Сургуульд байхдаа Адриана эмч болохыг мөрөөдөж, модель, загварын талаар бодож ч байсангүй. 13 настайдаа “Ford Supermodel of Brazil” уралдаанд түрүүлж, 1996 онд дэлхийн “Ford Supermodel of the World” тэмцээнд үзүүрлэлээ. 1997 онд Нью-Йоркт ирж, “Elite Model Management” агентлагтай гэрээ байгуулсан юм.

1999 онд Лима “Victoria’s Secret” шоунд анх удаа оролцож, цаашдаа 19 жил хамтран ажилласан байдаг. Түүнээс өөр ямар ч модель сахиусан тэнгэрээр ийм удаан ажиллаж байсангүй.

2017 онд “Victoria’s Secret” түүнийг “Манай брэндийн хамгийн үнэ цэнтэй модель” гэж тодорхойлж байлаа. 2009 оны “Super Bowl”-д зориулсан рекламыг нь 103,7 сая хүн үзсэн бөгөөд телевизийн түүхэн дэх хамгийн их хандалттай сурталчилгаа гэж “Nielsen” зарласан билээ. 2014 оноос хойш Лима хамгийн үнэтэй моделийн чансаанд тогтмол бичигдэж байгаа. Цус холилдсон, хар үс, бор арьс гээд Лима Бразилын гоо сайхныг яг төлөөлдөг. Энэ гоо үзэсгэлэн бол олон зуун жилийн түүх, соёл, цаг агаартай холбоотой.

Бразил гоо үзэсгэлэн

Бразил бол дэлхийн хамгийн олон ястан, үндэстэнтэй улс. Португалын түрэмгийлэгчид, африк боолууд, уугуул индианууд, Герман, Итали, Япон, Ливаны цагаачид энэ нутагт 500 жилийн турш холилдон аж төрж байна. Үүний үр дүнд яг бразил хүн гэж ямар байх ёстой вэ гэсэн стандарт байхгүй улс орон үүсжээ.

Африк – бразил соёл энд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эрт дээр үеэс тарган, махлаг байх нь эрүүл энх, баян тансаг байдлын бэлгэ тэмдэг гэж үздэг байв. Хөгжим, бүжиг, дүрслэх урлагт ч энэ үзэл тод харагддаг. Самба, форро бол жирийн нэг бүжиг биш энэ бол баяр баясгалангийн илэрхийлэл. Риод болдог багт наадам жилд нэг удаа энэхүү гоо үсэсгэлэнг гудамжинд гаргаж бөгөөд бие махбод үүнд гол хэрэгсэл нь болдог. Үүн дээр нэмээд цаг уур. Жилийн ихэнх үед нартай байдаг Бразилд хүний бие байнга хараанд өртөнө. Риогийн Ипанема наранд шарлагын газар бол өдөр бүр биеэ арчлан, тордохын бэлгэ тэмдэг болсон газар юм. Ямар нэг онцгүй зүйлд бэлтгэж байгаа биш зүгээр л өдөр тутам сайхан харагдах ёстой.

Бразил улс дэлхийд ямар гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг вэ?

Бразил васк бол эндхийн хамгийн алдартай бүтээгдэхүүн. Гэхдээ түүх нь Нью-Йоркоос эхлэлтэй. 1982 онд Бразилын Витория хотын Падилья хэмээх долоон эгч дүүс АНУ-д шилжин суурьшжээ. Тэд 1987 онд Манхэттенд “J. Sisters” гэдэг гоо сайхны салон нээсэн байна. 1990 онд эгч дүүс үйлчлүүлэгчдэдээ шинэ үйлчилгээ санал болгосон нь бикини васк байлаа. Бразилын наранд шарлагын газруудад ийм үйлчилгээг үзүүлдэг байв. Нэг хэсэг хэн ч тоосонгүй, жирийн л нэг зүйл. Харин салонд Гвинет Пэлтроу орж ирснээр бүх зүйл өөрчлөгджээ. Баярлаж бахархсан Гвинет эгч дүүсийн зураг дээр “Та нар миний амьдралыг өөрчиллөө” гэж гарын үсгээ зурсан нь хэвлэл мэдээллээр тарсан байна. 2000 онд “Их хотын секс” цувралын гол дүр үйлчилгээнд орсноор олон нийт үс арилгуулахаар ирдэг болжээ. Одоо тик-ток дээр #brazilianwax хэштег олон сая хандалттай болсон.

Бразил блоудаут (Brazilian blowout) нь салонд үсийг гэмтээхгүйгээр тэгшилж, гялалзуулдаг үйлчилгээ. Энэ үйлчилгээ Рио-де-Жанейрод төрж, 2000 оноос дэлхийн дэвжээнд гарсан. 2-3 сар барих бөгөөд үсийг хамгаалдаг чанартай.

Лимфодренаж, BBL ба гүн ухаанч мэс засалч

Лимфодренаж массаж анх 1980 онд Бразилд үүссэн юм. Харин 1990-өөд онд дэлхийд алдаршсан билээ. Brazilian Butt Lift (BBL) бол өөрийнхөө өөх тосыг өгзгөндөө шахах мэс засал.

Энэ мэс заслыг Бразилын мэс засалч Иво Питанги боловсруулан гаргасан юм. Иво Питанги (1926–2016) бол Рио де Жанейрог “Дэлхийн гоо сайхны хагалгааны төв” болгосон эрхэм хүн. Тэрээр гоо сайхан байх эрх бол ардчилсан эрх гэж үздэг байлаа.  Түүний хувийн эмнэлгээр Брижит Бардо, Элизабет Тейлор, Жаклин Онассис нар үйлчлүүлж байжээ.

Иво Питанги

2013 онд Бразил улс гоо сайхны хагалгааныхаа тоогоор анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлсэн юм. Жилд 1,49 сая мэс ажилбар гүйцэтгэсэн бөгөөд одоо ч дэлхийд тэргүүлсэн хэвээр.

Экспортод гаргасан дүр төрх

Өндөр, бор арьстай, сайхан үс, спортлог бие бол экспортод гаргасан бразил гоо үзэсгэлэн. Тэд бол бразил үндэстэн тэр чигээрээ биш зөвхөн өнгөн хэсэг нь юм. Бразил бол маш олон үндэстэн, ястантай. Энд амьдрах 215 сая хүн бүр гарал үүсэл, арьс, зүс царай өөр. Адриана Лимагийн судсаар португал, индиан, африк, япон, швейцар, кариб цус гүйж байгаа. Энэ бол Бразилд жирийн үзэгдэл. Багт наадам дээр ийм биетэй байх ёстой гэсэн стандарт байхгүй. Харин өөрийн гадаад төрхөөрөө бахархах сэтгэл бий. Энэ бол Бразилын гол экспорт билээ. Тэнд гоо сайхныг “Ингэж харагд”, “Ийм бол” гэж биш “Өөрийгөө ингэж арчил” гэсэн зарчмаар зарж, борлуулдаг. Васк, кератин, лимфодренаж, мэс засал нь ямар ч гадаад төрхтэй хүнд ижил үйлчилдэг. Бразилын “Natura” гоо сайхны брэнд бараагаа 134 оронд гаргадаг. Гоо сайхны барааны зах зээл нь дэлхийд АНУ, Хятад, Японы дараа дөрөвт ордог. Бразилчуудын хувьд салонд орох нь үйл явдал биш өдөр тутмын жирийн зүйл.

Адриана Лима 2024 оны аравдугаар сард зургаан жилийн дараа “Victoria’s Secret” шоунд эргэн ирсэн нь загварын ертөнцийн том үйл явдал байлаа. Түүний эргэн ирэлт “Бразил гоо сайхан бол ойрын зайн гүйлт биш марафон юм” гэдгийг батлан харуулсан юм. 45 нас хүрсэн өнөөдөр ч тэрээр модель, соёлын бэлгэ тэмдэг хэвээр байна. Бразил улс дэлхий дахинд модель, гоо бүсгүйчүүд бэлэглээд зогсоогүй Риогийн васк, Сан Паулугийн кератин, Питанги эмнэлгийн лимфодренажаас бүтсэн системийг бий болгосон юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...