Сүүлийн хориод жил дэлхийн хөлбөмбөгийг эзэгнэж байгаа хоёр эрхэм бол Лео Месси, Криштиану Роналду. Энэ хоёрын завсраар “Алтан бөмбөг” хүртэнэ гэдэг бараг боломжгүй зүйл байсан билээ. 2026 оны ДАШТ энэ хоёр агуу эрхмийн хувьд сүүлийн ДАШТ болох нь бараг гарцаагүй.

Хачирхалтай нь энэ олон жил дэлхийд хаанчилж байхдаа Месси, Роналду хоёр албан ёсны тэмцээнд хоорондоо хэзээ ч таарч байгаагүй. 2006, 2010, 2014, 2018, 2022 оны таван ДАШТ-д тэд зодоглосон ч нэг талбайд өрсөлдөх боломж гарч байсангүй. Харин ДАШТ-2026 тэмцээн агуу хоёр тамирчныг хоорондоо халз өрсөлдөхийг харах сайхан боломж гарч ирж магадгүй юм.

Эхний хувилбар – Шөвгийн найм
Хамгийн боломжтой хувилбар. Юуны өмнө Аргентин, Португалын багууд хэсэгтээ нэгдүгээр байр эзлэх шаардлагатай. Аргентины баг Австри, Алжир, Иордантай таарсан бол Португал Узбекистан, Колумби, Конготой нэг хэсэгт багтсан. Тэгэхээр хэсэгтээ тэдний тэргүүлэх магадлал маш өндөр.
Дараа нь Месси, Роналду хоёр багаа 1/16, 1/8 финалд шалгаруулах хэрэгтэй. Өрсөлдөгчид нь тодорхой бус ч хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн баг оногдох болно. Ур чадвар, бүрэлдэхүүнийг харсан ч Аргентин, Португал хоёр тэднийг ялах, 1/8 финалд шалгарах ёстой. Хэрэв нэг нь хэсгээсээ хоёроор, нөгөөх нь гурваар гарсан тохиолдолд 1/8 финалд ч тэд таарах бага ч гэсэн боломж бий.

Хоёр дахь хувилбар – Финал
Португал, Аргентин хоёр финалд үлдвэл ямар ч киноноос илүү сонирхолтой түүх өрнөх болно. Португалын баг финалд шалгарах магадлал 14,4%, Аргентин 17,15% гэж Opta супер компьютер тооцоолсон. Үүний тулд нэг баг нь хэсэгтээ нэгт, нөгөөх нь хоёрт орсон байх шаардлагатай. Тэгвэл тэд хүснэгтийн хоёр өөр хэсэгт орж, сална. Ингээд 1/16, 1/8 финал, шөвгийн найм, хагас шигшээг ялсаар финалд таарах учиртай. Хэн хэн нь хэсэгтээ гуравдугаар байр эзлээд дараа нь Шилдэг-8-д багтаж чадвал финалд таарах хэт бага ч гэсэн магадлал бий. Гэхдээ зөгнөлт кино л гэсэн үг.

Гурав дахь хувилбар - 1/8 финал
Магадлал нь Шөвгийн наймд таарахаас бага ч гэсэн боломжтой. Шилдэг 16-д тэд таарахын тулд хоёулаа хэсэгтээ хоёрдугаар байр эзэлнэ. Дараа нь хасагдах шатны эхний давааг л давчихад болно.

Бонус
Хоёр агуу тоглогч 2 удаа нөхөрсөг тоглолт дээр таарч байсан. 2011 оны 2 дугаар сарын 9-нд Швейцарын Женев хотод болсон эхний тулаанд Аргентины баг 2:1 ялсан. Хэн хэн нь нэг гоол оруулжээ.
2014 оны 11 дүгээр сарын 18-нд Английн Манчестер хотын "Олд Траффорд" цэнгэлдэхэд хоёр дахь тоглолт болсон. Энэ удаад Португалын шигшээ баг 1:0 харьцаатайгаар хожсон бөгөөд хоёр тоглогч хоёулаа гоол оруулж чадаагүй, нэгдүгээр үеийн дараа сэлгээгээр суусан юм.
Багийн түвшинд 34 удаа таарч тоглон, Месси 15, Роналду 10 ялж, 9 тэнцжээ.

