UBLife Logo
Нийгэм

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав

Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын Монгол, Энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа. Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.

Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлдвэрийн гол байгууламж болох нэрэх цамхгийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхгийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 метр, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...