UBLife Logo
Спорт

Нацүми Ханэда: Монголчууд бөх мэддэг, тун тусч хүмүүс юм

Нацүми Ханэда: Монголчууд бөх мэддэг, тун тусч хүмүүс юм

Монголын нийслэл Улаанбаатарт жүдо бөхийн Их Дуулга тэмцээн явагдаж өнгөрлөө. Тэмцээнд Японы Абэ Үта, ОХУ-ын Инал Тасоев, Чехийн Иржи Крпалек тэргүүтэй дэлхийн олон од оролцсон нь спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татсан юм. “Лос Анжелес 2028” олимпын наадмын чансааны оноо олгох анхны тэмцээн байсан тул багууд шилдгүүдээ Монголд илгээсэн байлаа. Шилдэг тамирчдаа дагаад үнэнч фенүүд нь ч Улаанбаатарт ирсэн байв. Тэмцээний үеэр ихэд идэвхтэй гэрэл зураг аван гүйж байгаа хоёр япон жүдо сонирхогчтой уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм. Тэд тэмцээнд оролцох Японы шигшээ багаа дэмжих, сайн барилдуулах зорилготой алс холын Арлын орноос иржээ. Тэдний нэг Ёшика сан зураг авхуулах, хэвлэлд гарах тун дургүй гэдгээ хэлсэн тул зургийг нь оруулаагүй болно.

-Сайн байцгаана уу? Тэмцээн хэр санагдаж байна? Өөрсдийгөө танилцуулаач.

-Сайн байна уу? Их өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн болж байна. Намайг Ханэда Нацүми гэдэг. Японы шигшээ багийн 66 кг жингийн Такэши Такэокагийн барилдааныг үзэхээр Японоос ирлээ.

-Та Такэши Такэокагийн гадаад, дотоодод болж байгаа тэмцээнийг байнга үздэг үү?  

-Би өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр л Такэши Такэока тамирчны фен болсон болохоор олон улсын тэмцээнд оролцож байгааг нь анх удаа харлаа. Өнгөрсөн жил өөр тамирчны барилдааныг үзэхээр Унгарт ДАШТ-д очиж байсан.

-Такэока аваргын яг юунд нь татагдаад шүтэх болсон бэ? Юу нь таалагддаг вэ?

-Би энэ жилийн Бүх Японы аварга шалгаруулах үнэмлэхүй жингийн тэмцээнийг үзэж байсан. Тэр тэмцээнд Такэока 100 кг жинтэй тамирчныг ялж байх нь маш гоё харагдсан. Ингээд дэмжиж эхэлсэн. Дараа нь бас нэг 100 кг жингийн бөхөд ялагдсан ч маш дайчин, зоригтой барилдаж байгаа нь таалагдсан. Өөрөөсөө хамаагүй том бөхийг ялж байсан. Ширүүн дайчин барилдаантай, хүрсэн зүйлдээ сэтгэл ханалгүй, улам дээшээ хичээн зүтгэж байгаа нь гоё санагддаг. Мэндлэх хүндлэх ёс сайтай.

Ёшика – Би Мүрао Санширог дэмждэг. Монголд түрүүлсэнд нь их баяртай байгаа. Их шударга, байгаагаараа хүн. Даруу төлөв, эелдэг, их хүчтэй бөх. Миний өмсөж байгаа өмсгөл бол Мүрао Санширо өөрөө загварыг нь гарсан футболка.

-Цаашдаа ч та хоёр энэ хоёр тамирчнаа дэмжиж, тэмцээн уралдаанд нь очиж байх уу?

Ёшика – Би 2028 оны олимпын жүдо бөхийн тэмцээний тасалбар авчихсан байгаа.

-Японы олимпын шигшээ баг батлагдаагүй байгаа шүү дээ.

Ёшика – Японы шигшээ багт сонгогдоно гэдэгт нь итгэж байгаа болохоор асуудал байхгүй. Худалдаанд гарсан даруйд нь худалдаж авсан. Мүрао Санширогийн зорилго бол Олимпын алтан медаль. Парисын олимпод мөнгөн медаль авсан болохоор энэ удаад заавал олимпын аварга болно гэж итгэж байгаа. Энэ зорилгоо биелүүлж байгааг нь фений хувьд газар дээр нь дэргэдээс харах нь миний зорилго.

-Харин Ханэда олимпын тасалбар аваагүй байгаа юу? Итгэхгүй байгаа хэрэг үү?

-Олимпын тасалбар худалдаанд гарахад би Такэокагийн фен биш байсан юм. Харин одоо авах гэхээр 66 кг жингийн барилдааны өдрийн тасалбар дууссан байсан. Хоёрдугаар шатны худалдаа эхлэхээр авна.

-Такэока Такэши алдарт Хифүми Абэтэй нэг жин. Олимпын шигшээд багтах өрсөлдөөн ширүүн болох нь дээ.

-Би Такэокад итгэж байгаа. Өнгөрсөн жилийн Токио Их Дуулга тэмцээний хагас шигшээд Абэ, Такэока нар халз барилдаж, айхтар өрсөлдсөн. Хифүми Абэ ялсан ч тэнцүүхэн барилдаан болсон. Такэока бол ирээдүйтэй сайн залуу. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга. Энэ жил ч дэлхийн аварга болж, олимпын шигшээд сонгогдоосой гэж хүсэж байгаа. Энэ жилийн ДАШТ-д тэд хоёулаа явахаар болсон. Мүрао Санширогийн жинд ч бас хоёр бөх явна. Тийм болохоор энэ жилийн ДАШТ Ёшика бид хоёрын хувьд маш хариуцлагатай чухал тэмцээн байх болно. Бид хоёр Бакуд очиж үзнэ, дэмжинэ.   

-Монголд анх удаа ирж байгаа юм байна. Сэтгэгдлээ сонсгооч.

-Монгол хүмүүс их эелдэг, тусч хүмүүс юм гэдэг нь анхны сэтгэгдэл. Ямар нэг юм болохгүй байх үед бүгд тусалж, дэмжээд л. Юу ч хэлээгүй байхад япон хэл мэддэг хүн ирээд “Япон хүн үү? Яав? Юу болов” гэж асуугаад их сайн хүмүүс юм.

-Та хоёрыг ирж байх үед Улаанбаатарт цас орж, хүйтэрсэн. Даараагүй юу?

-Угаасаа Монгол маш хүйтэн гэж сонссон болохоор зузаан хувцас зөндөө бэлтгэж ирсэн. Харин бодсоноос хүйтэн биш байлаа.

-Такэока “УБ ИХ дуулга” тэмцээнд түрүүллээ. Та түүнтэй хамт дурсгалын зураг авхуулж чадсан байна. Монголд ирсэн нь сайн хэрэг болжээ.

-Монголд ирсэн маань хамгийн зөв шийдвэр байлаа, маш их баяртай байна. Энд хэт баяртай, сайхан байсан болохоор маргааш тэмцээн дуусахаар нэг л гунигтай болох мэт санагдаад байна.

-Монголд тэмцээн үзэхээр ирэхэд онгоц, зочид буудал гээд зардал их гарсан байх даа?

-Гайгүй гарсан. Онгоцны тасалбар 14 хоногийн өмнө худалдаанд гардаг ч энэ удаа нэг сарын өмнө гарсан. Тиймээс хямд тасалбар сонгоход их амар байлаа. Хятадаар дайрах нислэг сонгож авсан. Хоёр талдаа 60 мянган иэн болсон. Сүхбаатарын талбайн ойролцоо хямдхан байрлах газар олж авсан. Улаанбаатарт идэх юм ч үнэтэй биш юм.

-Олон улсын тэмцээн үзнэ гээд мөнгө цуглуулах уу?

Ёшика – Тиймээ, цуглуулна. Би хүүхэдтэй болохоор заримдаа хэцүү. Гэхдээ зарим зардлаа хэмнээд мөнгөө олно. Ер нь хүүхдээсээ хэмнэсэн мөнгөөр гадаадад тэмцээн үзэж байна гэхэд болно.

Ханэда – Би ганц бие болохоор хүссэн зүйлдээ мөнгөө зарцуулдаг.

-Спортын ордноос гадна Улаанбаатар хотын ямар газруудад очиж үзэв?

-Сүхбаатарын талбай, Зайсан толгой, Чойжин ламын музей үзсэн. Улаанбаатарыг өндөр дээрээс харахад их сайхан хот байлаа.

-Амттай хоол идэв үү?

Ёшика - Хонины мах их амттай байлаа. Шөл нь их гоё байсан. Банш ч гэсэн амттай юм. Монголын шар айраг гоё, амттай. Спортын ордонд уусан, Сүхбаатарын талбайн дэргэд ресторанд өчигдөр уусан. Ёстой гоё. Такэока, Мүрао нарын ялалтыг тэмдэглэж, өнөөдөр ч бас шар айраг ууна.  

-Монголын бүх зүйл сайхан байв уу?

Ёшика – Ганц таалагдаагүй зүйл нь тэр зар сурталчилгааны самбарын арын суудлыг бидэнд онлайнаар зарсан байлаа. Эхний эгнээнд гоё суудал байна гэтэл юу ч харагдахгүй, самбар тагласан газар байв. Ийм зүйл хийж болохгүй гэж хэлмээр байна. Харин энэ ордон их сайхан, цэвэрхэн ордон байна.

-Ингэхэд та хоёр багын найзууд уу?

Ёшика - Бид жүдо найзууд. Би Хоккайдо, Ханэда Токиогийнх. Японд хамтдаа тэмцээн үздэг. Өнгөрсөн долоо хоногт Кюүшюүд жүдогийн тэмцээн очиж үзсэн. Компанийн багууд оролцдог тэмцээн. Мүрао Санширогийн харьяалагддаг компанийн баг тэмцээнд оролцсон юм. Такэока, Мүрао хоёр барилдаагүй ч багийг нь бас дэмждэг болохоор очсон юм.

-Эцэст нь монголчуудад хандан хэлэх үг?

-Монголчууд бөх сайн мэддэг ард түмэн. Манай Такэокаг дэмжиж байгаарай гэж хэлмээр байна.  

Ёшика – Би ч гэсэн Мүрао Санширог дэмжиж, барилдааныг нь үзэж байгаарай гэж хэлье.   

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...