Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт заган ойжуулалтын “Ухаа заг” төслийг албан ёсоор эхлүүлж, 2026 оны долоодугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд нийт 300 га талбайд заг мод ойжуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 80 га талбайд 100 мянга гаруй заг мод тарьсан байна. Үлдсэн 220 га талбайн ойжуулалтыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсад нэг удаагийн тариалалтаар хамгийн том талбайд заган ойжуулалт хийхээр зорьж буйгаараа онцлог. Үүний үр дүнд элсний нүүдлийг сааруулах, хөрсний элэгдлийг бууруулах, тухайн бүсийн биологийн олон янз байдлыг дэмжих бодит үр нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Төслийг хэрэгжүүлэхдээ цөлжилттэй тэмцэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын “M-Grass Ecology and Environment Group” (M-Grass) компанитай хамтран ажиллаж, дэвшилтэт технологи, туршлагыг Монголын нөхцөлд нутагшуулж байна.


Нээлтэд оролцсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь 300 га талбайд заган ой байгуулж, говийн эмзэг экосистемийг хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хувь нэмэр оруулах чухал санаачилга болж байна.
Заг бол говь, цөлийн байгалийн тэнцвэрийг хадгалахад онцгой ач холбогдолтой уугуул мод бөгөөд элсний нүүдлийг сааруулж, хөрсний үржил шим, чийгийг хамгаалан, биологийн олон янз байдлыг дэмждэг. Ийм учраас энэхүү ажил нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хариуцлага, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв болох учиртай.
Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа ийнхүү бодит үр дүнд хүрч буйд баяртай байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж буй нийт хамт олон, түнш байгууллагууддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
Энэ талаар “Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Рио Тинто, Оюу толгойд хариуцлагатай уул уурхай гэдэг бол хүрээлэн буй орчноо юуны түрүүнд хамгаалах, цаашлаад уул уурхайн нөлөөллийг хамгийн бага байлгахад оршдог гэж үздэг. Энэхүү төсөл маань төр, хувийн хэвшил, олон улсын шилдэг туршлагыг хослуулсан Монгол Улсад төдийгүй олон улсад жишиг болохуйц төсөл болно гэж би найдаж байна.
Бид зөвхөн мод тарих биш, мэдлэг түгээх, орон нутгийн мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлж, инновацыг нэвтрүүлэхээр зорьж буй. Тууштай, нягт хамтын ажиллагаагаар Монгол оронд тулгарч буй хүрээлэн буй орчны сорилтыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах байх гэж бодож байна” гэв.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б. Ууганбаяр “Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ бид үндэсний 4 компанитай хамтран ажиллаж, ажиллах хүчний 60-аас дээш хувийг орон нутгийн иргэдээр бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Мөн дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг дотооддоо нутагшуулж, зөвхөн тариалалт хийгээд орхих бус нөхөн сэргээх, арчлахад түлхүү анхаарч байна.
Заган ойг бий болгоход урт хугацаа шаардлагатай бөгөөд бид үр дүн гаргахын төлөө тууштай ажиллах болно” гэв.