UBLife Logo
Байгаль орчин

COP17-ийн талаар таны заавал МЭДЭХ ЁСТОЙ 5 ЗҮЙЛ 

Ж.Хулан
Ж.Хулан
COP17-ийн талаар таны заавал МЭДЭХ ЁСТОЙ 5 ЗҮЙЛ 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 ирэх сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын доройтол онцгой эрчимжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэ тухайд “Бидний оршин тогтнохуй газраас хамаардаг. Гэвч бид үүнд зүгээр л шороо мэт ханддаг” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээлснээр дэлхийн хуурай газрын 40 орчим хувь нь хэдийн доройтжээ. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд конвенцод нэгдсэн талууд хоёр жил тутамд цуглаж, цөлжилт, ган, газрын доройтолтой тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцдэг. 

UNCCD бол Риогийн гурван конвенцын нэг

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц буюу UNCCD нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Биологийн олон янз байдлын тухай конвенцын хамт 1992 онд Рио де Жанейро хотноо болсон Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үр дүнд бий болсон юм. Тиймээс эдгээрийг “Риогийн конвенцууд” гэж нэрлэдэг.

Тус дээд хэмжээний уулзалт нь хүний үйл ажиллагаа байгаль орчин, хөгжилд хэрхэн нөлөөлж буйд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байв. Харин Риогийн гурван конвенц нь уг уулзалтын өнөөг хүртэл үргэлжилж буй чухал өв юм.

Өдгөө UNCCD-д 196 улс болон Европын Холбоо буюу нийт 197 тал нэгдэн ороод байна. 

UNCCD-ийн COP газрын асуудалд төвлөрдөг

Бид НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцын COP буюу нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах асуудлаарх чуулга уулзалтыг харьцангуй сайн мэднэ. Үүнтэй адил UNCCD-ийн COP-д оролцогчид нь Газрын доройтлыг тэглэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, ганг даван туулах чадамжийг нэмэгдүүлэх талаар илүүтэй хэлэлцдэг.

Газрын доройтлыг тэглэх буюу Land Degradation Neutrality нь 2030 он гэхэд газрын доройтлоос үүдэх цэвэр алдагдлыг тэглэх зорилго юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний газар доройтсон тохиолдолд уг алдагдлыг өөр газрыг нөхөн сэргээж, чанарыг нь сайжруулах замаар тэнцвэржүүлнэ гэсэн үг. 

Газар бол бидний хүнс, амьжиргаа, даван туулах чадавхын үндэс

Газар бол амьдралын суурь. UNCCD-ийн COP нь газар хүн төрөлхтөнд ямар үнэ цэнтэй, бидний оршин байхуйн үндэс, суурь гэдгийг онцлон олон талаас асуудлуудыг хэлэлцдэг. 

Бид хүнсээ тариалж, амьжиргаагаа залгуулж, аюул эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах гээд бүхий л талаар газраас хамаардаг. Тиймээс хүний сайн сайхан байдал газрын эрүүл байдалтай салшгүй холбоотой.

Дэлхий нийтэд тулгамдаж буй олон асуудлын шийдэл нь эрүүл газар

Бидний бүхий л амьдрал, ахуй газар дээр өрнөдөг. Тиймээс дэлхий нийтэд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхэд газартай хэрхэн харилцаж, хэрхэн ашиглахаас зайлшгүй хамаарна.

Тухайлбал, газрын тогтвортой менежмент нь доройтлоос сэргийлэхээс гадна хөрсний үржил шимийг сэргээж, нөөцийг хамгаалан, биологийн олон янз байдлыг урт хугацаанд хадгалж, нэмэгдүүлэх боломжтой.

Мөн усны сав газрын нөхөн сэргээлт зэрэг экосистемд түшиглэсэн арга барил нь хүнс, усны аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ экосистемийг эрүүл, бүтээмжтэй байлгахад чухал ач холбогдолтой.

Газрын доройтлыг тэглэх зорилтод хүрснээр бид хамгаалж, нөхөн сэргээж чадахаасаа илүү их газрыг алдахгүй байх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр эрүүл, үржил шимтэй газрыг ирээдүй хойчдоо хадгалан үлдээх боломжтой.

Гурван COP-ыг холбох гүүр

Гурван COP-ын шийдвэрлэхээр зорьж буй асуудлууд хоорондоо нягт холбоотой бөгөөд газрын доройтол нь тэдгээрийг холбох гол хүчин зүйл юм. Тухайлбал, газрын доройтол хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Үүний нэгэн адил газар болон экосистемийн доройтол нь биологийн олон янз байдлын хямралыг улам эрчимжүүлдэг.

Газрын нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн зорилтыг уур амьсгал болон биологийн олон янз байдлын зорилтуудтай уялдуулахгүй бол хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгүй болох төдийгүй зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлэх ч эрсдэлтэй. Хоёр жил тутамд гурван конвенцын COP дараалан зохион байгуулагддаг нь зорилго, үйл ажиллагаагаа уялдуулах боломж олгодог. Үүний нэг жишээ нь 2024 онд гурван COP-ын даргалагчдын эхлүүлсэн “Риогийн гурвал” буюу Rio Trio Initiative юм. Тус санаачилга нь гурван конвенцын үйл ажиллагааг уялдуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалдаг.

Энэ жилийн хувьд Риогийн гурвал нь Улаанбаатар хотноо болох COP17-оор эхэлж, Арменийн Ереван хотод болох Биологийн олон янз байдлын тухай конвенцын COP17-оор үргэлжилж, Туркийн Анталъя хотод болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын COP31-ээр өндөрлөнө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...