Хосын харилцаанд маргаан, үл ойлголцол байх нь хэвийн. Харин нэг нь нөгөөгөө гэм буруутай мэт мэдрүүлж хүссэн зүйлээ хийлгэхийг оролддог бол энэ нь guilt trip буюу гэмшлээр барьцаалах, буруутгал ашигласан сэтгэлзүйн дарамт байж болдог.
Энэ бол бусдын сэтгэл хөдлөл, гэмших мэдрэмж дээр дөрөөлж, өөрийн хүссэн зүйлийг хийлгэхээр албадах эсвэл сэтгэл зүйн хувьд удирдахыг (манипуляци) хэлдэг. Энэ нь ихэвчлэн хосууд, гэр бүл, найз нөхдийн хооронд тохиолддог сөрөг харилцааны хэлбэр юм.
Энэ нь ил тод заналхийлэл биш ч удаан хугацаанд үргэлжилбэл өөрийгөө үргэлж буруутай мэт мэдэрч, өөрийн хэрэгцээ, хүсэл, хил хязгаараа алдах эрсдэлтэй.

Guilt trip гэж юу вэ?
Guilt trip гэдэг нь хүнийг гэмших, өртэй мэт санагдуулах, буруутай мэдрүүлэх замаар өөрийн хүссэн шийдвэрийг гаргуулах сэтгэлзүйн манипуляц юм.
Энэ нь ихэвчлэн:
"Би чиний төлөө ийм их зүйл хийсэн."
"Чи намайг ингэж гомдооно гэж бодсонгүй."
"За больё доо, би л дандаа буруутай юм байна." гэх мэт үгсээр илэрдэг.

Үүнийг таних 7 шинж
1. Таныг байнга өртэй мэт мэдрүүлдэг
Тэд хийсэн бүх сайн зүйлээ эргэн сануулж "Би чиний төлөө бүхнээ зориулсан" гэж хэлдэг. Ингэснээр та "үгүй" гэж хэлэхэд хэцүү болдог.
2. "Үгүй" гэж хэлэх бүрд гомддог
Та ганцаараа байхыг хүссэн ч, "За ойлголоо. Чамд би хэрэггүй юм байна" гэх мэтээр хандаж, дуугаа хураах байдлаар илэрхийлдэг. Ингэснээр таны шийдвэр буруу мэт санагдана.
3. Шууд хүсэлт тавихын оронд өөрийгөө хохирогч болгодог
Тухайлбал "Чи өнөөдөр надтай уулзах уу" гэж асуугаагүй, юу мэдэрч байгаагаа хэлээгүй мөртлөө "Би ганцаараа байхаасаа залхаж байна... Ганцаардаад байна, хэцүү байна" гэж хэлээд таныг өөрөө буруутай мэт мэдрүүлдэг.
4. Таны мэдрэмжийг өөрийнхөөсөө доогуур тавьдаг
Та ядарсан байлаа ч "Би бүр ч хэцүү байдалд байгаа" гэдэг. Ингэснээр таны асуудал жижиг мэт санагдана.
5. Чимээгүй шийтгэдэг
Хүссэнээ авч чадаагүй үед мессеж бичихээ болих, зориуд хүйтэн харьцах, "Юу ч биш" гэж хэлэх зэрэг аргаар таныг өөрөө очиж уучлал гуйхыг хүлээдэг.
Эсвэл бүр “Би чиний төлөө ингэсэн шүү, ингэнэ гэж бодоод тэглээ“ зэргээр татгалзах аргагүй хэцүү байдалд оруулах нь бий.
6. Хайрыг болзолтой мэт мэдрүүлдэг
"Чи намайг хайрладаг байсан бол ингэхгүй байсан."
Энэ бол хайр биш, харин сонголтыг тань гэм буруугаар удирдах оролдлого.
7. Эцэст нь та үргэлж уучлал гуйдаг
Маргаан юунаас эхэлсэн нь хамаагүй. Эцэст нь уучлаарай гэдгийг үргэлж та хэлдэг бол энэ нь анхаарах дохио юм.

Жишээ тохиолдлууд
Та: Өнөөдөр найзуудтайгаа уулзмаар байна.
Тэр: "Зүгээр дээ. Би ганцаараа байж сурсан хүн."
Та: Өнөөдөр жаахан амармаар байна.
Тэр: "Би ч гэсэн хэцүү өдөр өнгөрөөсөн. Гэхдээ чамайг бодоод л ирсэн."
Та: Энэ удаа би яах аргагүй чадахгүй нь ээ.
Тэр: "Би дандаа л бүхнийг хийдэг."
Та: Ойрд ажил ихтэй байна.
Тэр: “Чи ч надаас бусдыг нь л анхаардаг даа.“

Хэрэв ийм нөхцөл байдал давтагддаг бол:
Өөрийгөө буруутай мэт санагдсан даруйд шийдвэрээ өөрчлөх гэж бүү яар.
"Чи ингэж хэлэхээр би буруутай мэт санагдаж байна" гэж мэдрэмжээ тайван илэрхийл.
Хүсэлт ба дарамтын ялгааг анзаар.
Хил хязгаараа тогтоож, "үгүй" гэж хэлэх эрхтэйгээ санаарай.
Хайр гэдэг нь хүнийг гэм буруугаар удирдах биш, аюулгүй, ойлгогдож байгаа мэдрэмж төрүүлэх явдал юм. Хэрэв та ямар нэгэн шийдвэр гаргах болгондоо "би муу хүн юм болов уу", “хангалтгүй байх шиг байна“ гэж байнга эргэлздэг болсон бол асуудал таны зан чанарт бус, харилцааны хэв маягт байж болохыг анзаараад үзэх хэрэгтэй.
Нэг анхаарах зүйл нь ганц хоёр удаагийн гомдол эсвэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь guilt trip гэсэн үг биш. Харин гэм бурууг давтамжтайгаар хяналт тогтоох хэрэгсэл болгон ашиглаж эхэлбэл энэ нь сэтгэлзүйн манипуляцын нэг хэлбэр болж хувирдаг юм шүү. Тэгэхээр нарийн ялгаа, заагийг мэдрэх нь нэн чухал.
