Хөлбөмбөгийн ДАШТ дуусаад арав ч хоноогүй байхад ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино хөлбөмбөгийн ДАШТ-ийг "зарахаар" шийдвэрлэсэн нь хөлбөмбөгийн ертөнцийг донсолгож байна.
Ж.Инфантино буюу ФИФА-ийн боссын төлөвлөгөөгөөр хөлбөмбөгийн ДАШТ (эрэгтэй, эмэгтэй) болон Клубуудын ДАШТ-ий бүх эрхийг хариуцсан FFE (FIFA Forward Enterprise) хэмээх компани байгуулах бөгөөд хувьцааны 21%-ийг хувийн хөрөнгө оруулагчдад зарах гэнэ.
Энэ хөрөнгө оруулагчдын дунд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын ойр дотныхон, тухайлбал хүргэн Жаред Кушнерийн төрсөн ах Жошуа Кушнерийн "Thrive Capital" компани байгаа ажээ.
ФИФА-ийн "босс" шинэ компаниа 20 тэрбум ам.доллараар үнэлж буй бөгөөд ФИФА-ийн гишүүн 211 орны хөлбөмбөгийн холбоонд (Монголын хөлбөмбөгийн холбоо 1998 онд ФИФА-д элссэн) тус бүрчлэн захидал илгээж, энэхүү төслийг дэмжвэл гишүүн холбоо тус бүрт урьдчилгаа болгон 20 сая (!!!) ам.долларын хувь авах бөгөөд тухайн холбоо үүнийгээ хадгалах, эсвэл зарах эсэхээ өөрсдөө шийдэх ёстой гэжээ.

Хэрэв төслийг дэмжвэл үндэсний хөлбөмбөгийн холбоо тус бүр 40 сая (!!!) ам.долларыг 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн авах болно гэж Инфантино захидалдаа дурьджээ.
Гишүүн холбоодод 53 хоногийн дотор буюу 2026 оны есдүгээр сарын 19 гэхэд хариугаа илгээхийг мөн анхааруулсан байна.
Шинэ компани (FFE) нь хөлбөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулах эрх, шууд дамжуулалт, тасалбар борлуулалт, ивээн тэтгэгч гээд бүгдийг бие даан шийдэх эрхтэй гэнэ.
Трамп Инфантино хоёрын "сүжрээд" байсны цаана "хөшигний ард" ийм яриа хийгдсэн байсан нь ийнхүү ил гарч ирлээ. 2016 оноос ФИФА-ийн ерөнхийлөгч болсноосоо хойш хөлбөмбөгийг (үүнд хөлбөмбөгчид, хөлбөмбөг сонирхогчид, үзэгч фанатууд бүгд багтана) биш мөнгийг нэгдүгээрт тавих болсон Инфантино ирэх жил болох ФИФА-ийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй сонгогдох магадлалтай бөгөөд энэ тохиолдолд 2031 онд албан тушаалаа орхих болно. Инфантино ФИФА-ийн ерөнхийлөгчийн суудлаас ховхрохдоо FFE -ийн комиссар болох далд төлөвлөгөөтэй байгаа хэмээн "The Times" бичсэн байна.

Дэлхийн номер нэг спорт болох хөлбөмбөгийг хувийн хязгааргүй шунал, эрх ашгийн хэрэгсэл болгохоор санаархаж буй Инфантиногийн эсрэг Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА) хатуу байр суурьтай зогсож байна.
УЕФА -ийн албан ёсны мэдэгдэлд :
"Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэсэгчлэн зарахыг эрс эсэргүүцэж байна. ФИФА хэзээ ч давж болохгүй хил хязгаарыг давж байна. УЕФА үүнийг маш нухацтай авч үзнэ. Бүх үндэсний хөлбөмбөгийн холбоод ч мөн адил энэ асуудалд ул суурьтай хандах ёстой. Бүх оролцогч талууд болох лиг, клуб, тоглогчид, хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөгийн ирээдүйн талаар санаа тавьдаг хүн бүр ч мөн адил.
Хөлбөмбөгийн сүнс болон засаглал нь арилжаалагдах хөрөнгө биш . Бидний хэн нь ч хөлбөмбөгийг эзэмших ёсгүйн адил ФИФА үүнийг зарах эрхгүй" гэж дурьджээ.
Инфантино төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд 211 үндэсний хөлбөмбөгийн холбоодын олонхийн саналыг авах хэрэгтэй. Урьдчилгаа 20 сая ам.долларт "нүдээ унагаад" саналаа өгөх үндэсний холбоо зөндөө гарна. Харин хөлбөмбөгийн ДАШТ-ийг зарахыг эсэргүүцэх холбоо, хүмүүс түүнээс олон байгаасай!!!
Тиймээ бид бүхэн хөлбөмбөгт дуртай! Хөлбөмбөгийг хэн ч өмчлөх ёсгүй!!!
Хөлбөмбөг бол цастай, бороотой, халуун нар, хүйтэн жавартай ямар ч үед тоглолт болгон дээр цэнгэлдэхийг дүүргэж, өөрсдийн хайртай багаа дэмжиж буй хөгжөөн дэмжигчид, тэдэнд уран гоё тоглолтоороо сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр тоглож буй тоглогч, дасгалжуулагчдын "өмч" юм.
Хөлбөмбөгийн ДАШТ бол манай гараг дээрхи хамгийн гайхамшигтай, хамгийн аугаа спортын тэмцээн. Энэ бол бараа таваар биш ээ.
Хөлбөмбөгийг хэн ч эзэмших ёсгүй, бас хэн ч зарах эрхгүй билээ!!!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
