UBLife Logo
Нийгэм

Б.Дэнзэн: Бэлгэдэл нурсны дараа улс орон нурдаг юм аа 

Ж.Хулан
Ж.Хулан
Б.Дэнзэн: Бэлгэдэл нурсны дараа улс орон нурдаг юм аа 

С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотойгоор уг хөшөөг бүтээсэн уран барималч Б.Дэнзэнтэй ярилцлаа. 

-С.Зориг агсны хөшөөг төв талбайн баруун урд талд байрлуулсан нь учиртай гэдгийг урьд нь сонсож байлаа. Та энэ талаар тайлбарлаж өгөөч. 

-С.Зориг миний сайн найз байсан л даа. Хөшөөг нь Ордон руу харсан чигтэйгээр, тэр байршилд босгоё гэдгийг би зүгээр нэг зохиож хийсэн зүйл биш. С.Зоригийн ах, дүү болон Чука, Мийгаа гээд бидний хэдэн нөхөд багагүй ярилцаж, зөвлөлдсөн. Түүний үндсэн дээр өнөөдрийн дүр төрх, хэв маягаар хөшөөг бүтээсэн юм. Жишээ нь, С.Зориг байнга л “Стюардес” тамхи татдаг байсныг бодож гартаа барьж байгаагаар хийж байлаа. Мөн түүнийг сайн таньж, мэдэх хүмүүс яг тэр замаар өглөө бүр Ордон руу алхдаг байсан гэдэг. Тийм болохоор ажилдаа явж байгаагаар дүрсэлж, хөшөөг нь тэнд босгосон. 

-Энэ хөшөөг нэг л өдөр нүүлгэн шилжүүлчихлээ. Танд энэ тухай юу бодогдож байна? 

-Би хэдэн жилийн өмнө хөшөөг нүүлгэнэ, буцааж байрлуулна гэж ярьж байхыг сонссон юм. Гэхдээ хэзээ, хэрхэн байрлуулах юм. Тэнд нь олон давхар байшин л босно шүү дээ. Орон сууц, албан тасалгаа, банк, караоке гээд зөндөө л юм болно байх. Энэ газар нь Улаанбаатар хотын төвийн, одоогийн бол хамгийн үнэтэй газар тул олон ч хүн сонирхдог байх. 

Хөгжсөн орнуудад бол төвийн, орчин үеийн барилгуудын тодорхой хувийг урлаг, чимэглэлд зориулна гэж үүрэг хүлээлгэсэн байдаг. Манайд тийм болох хүртэл өдий байх. 

Энэ хөшөөг нүүлгэх, шилжүүлэх тухайд надад түүнийг зөвшөөрөх, эсвэл эсэргүүцэх эрх байхгүй л дээ. Энэ хөшөөг би хийсэн гэдэг нь миний өмч гэсэн үг биш учраас. Харин энэ хөшөө бол хотынх эсвэл ард түмний өмч болчхоод байна. Бүр нарийн яривал С.Зоригийн хөшөө манай монгол түмэн, улс орны бэлгэдэл болчхоод байгаа. Үүнийг бид өөрийн гараар үгүй болгож байгаа нь буруу шүү дээ. Ард түмэн өнөөдөр нэг их юм хэлэхгүй байх. Ард түмэн олон юмыг тэр бүр анзаарч, ойлгодоггүй байж болно, гэхдээ мэдэрдэг юм шүү. Хүмүүс өдөр бүр тэр хөшөөний хажуугаар алхаж, ажилдаа явж, аж төрдгийн хувьд бидний бэлгэдэл гэдгээ мэдэж байгаа шүү дээ. 

-Хөшөөний дор “Монголын ард түмнээс” гэж бичсэн нь ч үүнийг илтгэдэг байх, тийм үү?

-С.Зоригийн хөшөөг олон түмэн мөнгөө цуглуулж барьсан юм. Хэн нэг этгээд, баян хүн хандив, сэлт өргөөгүй. С.Оюун ч зөв хэлсэн л дээ, энэ дан ганц гэр бүлийнх нь өмч биш ээ гэж. Хотын газар дээр байгаа олон нийтийн өмч. Тэгэхээр ядаж ард түмнээс асууж, тайлбарлах ёстой байсан байх. Ард түмэн ч эсэргүүцэх л болов уу. 

Хүмүүсийг мартчих нь гэж бодож байгаа байх л даа. Хөгшчүүл нь өнгөрөөд, залуус нь юу ч мэдэхгүй явна гэж бодож байгаа байх. Гэхдээ хожим дүнгээ тавих л байх даа. 

-С.Зоригийн хөшөө зайлшгүй тэр газартаа байх шалтгаан юу юм бэ? 

-С.Зоригийн хөшөөг нүүлгэн шилжүүлээд, эргээд аваад ирнэ ээ л гэж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд би үүнд итгэхгүй байна. 

Энэ бол монголчуудын оюун санааны бэлгэдэл болсон хөшөө. Одоо бараг 20 гаруй жил болж, хүмүүсийн сэтгэхүйд хэдийн дасал, танил болжээ. Яг л Д.Сүхбаатарын хөшөөтэй адил. Сүхбаатарын хөшөөг нэг өдөр нүүлгэлээ гэж бодъё. Тэнд бар, караоке болоод хүмүүс орох л байх. Гэвч хүмүүст бэлгэдэл, идеал гэж зүйл заавал байдаг юм. Энэ бол биднийг, Монголыг илэрхийлж байгаа гээд цусанд нь шингэчихсэн гэдэгтэй адил. 

Харин бэлгэдэл нурсны дараа улс орон нурдаг юм аа. Бид өдөр бүр амьсгалдаг тул агаар ямар чухал гэдгийг тэр бүр анзаардаггүй ч, агаар дутагдахаар амь тэмцэж эхэлдэг. Бэлгэдэл гэдэг чинь яг л тийм. Чингис, боржигин, хөх тэнгэр юу ч байдаг юм, монгол хүний хувьд өдөр бүр бэлгэдлээ бодоод байдаггүй ч, түүнгүй бол амьдрал ядуурдаг, “новширдог” юм байна. Хүнд ямар нэг идеал байж гэмээнэ урагшилдаг, тэр нь үгүй болохоор хүний дургүй хүрдэг. Хэсэг хугацааны дараа бид юуны төлөө амьдарч байна вэ гэж асууж эхэлнэ. Тиймээс л үүнийгээ үгүй хийж болохгүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...