Илон Маскын SpaceX компани олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалснаас хойшхи анхны тайлан гарч, тэдний орлого өмнөх оноос бараг 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 2025 оны хоёрдугаар улиралд 4 тэрбум ам.доллар байсан нийт борлуулалтын орлого нь энэ оны мөн үед 7.8 тэрбум ам.долларт хүрсэн буюу 92 хувиар өсчээ. Энэ өсөлтийн бараг 2 тэрбум ам.долларыг хиймэл оюуны салбар бүрдүлсэн бол Starlink-ийн орлого 1.7 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
Харин тус компани дээрх хугацаанд 541 сая ам.долларын алдагдал хүлээсэн ч энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 1 тэрбум ам.долларын алдагдлаас буурсан үзүүлэлт юм.
Тэд хиймэл оюуны салбарт буюу Anthropic, Google-д тооцооллын хүчин чадлыг нь нэмэгдүүлэх олон төрлийн түрээсийн үйлчилгээ үзүүлж эхэлснээр ийнхүү өндөр ашигтай ажиллаж чадлаа. Цаашлаад Санхүү хариуцсан захирал Брет Жонсэний хэлж байгаагаар энэ оны аравдугаар сараас эрчимжиж эхлэх үүлэн үйлчилгээний үр дүнд нэмэлт 6.7 тэрбум ам.долларын орлого олно гэжээ. Энэ хэрээр жилийн эцсийн орлогын үзүүлэлт өндөр байна гэдэгт Гүйцэтгэх захирал Илон Маск огт эргэлзэхгүй байгаа тухай өөдрөг байр суурь ч илэрхийлсэн байна.
Нээлттэй хувьцаа гаргаснаас хойш ердөө хоёр сарын дараа ийнхүү анхны улирлын тайлангаа гаргаж байгаа тус компанийн хувьд 100 тэрбум ам.долларын санхүүгийн нөөцтэй болжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардлаа бууруулахгүй үргэлжлүүлэх төлөвтэй байна.