Цахим спортын CS2 төрлийн хоёр том тэмцээн манай нийслэлд зохион байгуулагдахаар болжээ. Тэмцээн зохион байгуулагч PGL операторын мэдэгдсэнээр 2027 оны дөрөвдүгээр сарын 14-26-нд "PGL Ulaanbaatar 2027” тэмцээн явагдана. Тэмцээнд шилдэг 16 баг оролцохоос 14-нь шууд урилгаар, үлдсэн хоёр нь сонгон шалгаруулалтаар тодрох юм. Урилгаар оролцох 14 багийг 2027 оны нэгдүгээр сарын 4-ний VRS чансаагаар тодруулах юм. Шагналын сан 1 сая ам.доллар.
Харин тавдугаар сарын 10-23-нд Улаанбаатар хотод “BLAST Open Ulaanbaatar” тэмцээн болох бөгөөд шагналын сан нь 1,25 сая ам.доллар.
Нийслэлийн Засаг дарга Бяруузанын Пүрэвдагва “Улаанбаатар хот цахим спортын олон улсын том тэмцээнийг зохион байгуулахад бэлэн гэдгээ харуулах болно. “PGL Ulaanbaatar 2027” тэмцээн нь залуу үед шинэ боломж олгох талбар байх юм. Манай нийслэл хот олон улсын цахим спорт, соёлын төв гэдгээ батлан харуулж чадна гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
