UBLife Logo
Кино

Коннеригоос Паттинсон хүртэл Жеймс Бондод тоглосон бүх жүжигчин

Коннеригоос Паттинсон хүртэл Жеймс Бондод тоглосон бүх жүжигчин

2026 оны 11 дүгээр сарын 16-нд "Amazon MGM” студиэс шинэ Жеймс Бондын дүрд Роберт Паттинсон сонгогдлоо гэж зарлалаа. Ян Флемингийн романы алдарт баатрын дүрд энэ 70 жилийн дотор олон жүжигчин өөрийгөө сорьсон. Хамгийн анхных нь 1954 оны Барри Нельсон байсан бол найман жилийн дараа Шон Коннери "Dr. No” киногоор энэхүү цувралын эхлэлийг тавьсан билээ. Тэр цагаас хойш дэлхий ертөнц төдийгүй Бондын өөрийнх нь дүр төрх, зан ааш ч өөрчлөгдөж ирсэн.

Барри Нельсон (1954)

Анхны Жеймс Бонд бол америк жүжигчин Барри Нельсон байлаа. 1954 оны аравдугаар сард CBS телевиз Ян Флемингийн “Казино «Рояль” телевизийн цуврал киног танилцуулсан юм. Анги болгон өөр үйл явдалтай, детектив, триллер гээд төрөл нь ч өөр өөр байв. Утга зохиолоосоо ялгаатай нь гол баатар нь америк тагнуулч Жимми Бонд. Анги болгоныг шууд дамжуулж, машины хөөцөлдөөн, дэлбэрэлт гарахгүй, гол үйл явдал хөзрийн ширээний ард өрнөнө. Нельсон энэ дүрээрээ алдарт гарч чадаагүй.

Шон Коннери (1962–1983)

Албан ёсны киноны анхны Бонд бол Шон Коннери. Тэрээр 1962 онд “Dr. No” кинонд анхны Бондоо бүтээсэн. Эхлээд 007 агентын адал явдал уламжлалт тагнуулын түүхээс ялгагдахгүй байсан бол үзэгчдийг татах тусам улам үзүүштэй, сонирхолтой болж байлаа. Ялангуяа “Goldfinger” ангиас эхлэн элдэв этгээд дайснууд, шинэ технологи, буу, ослын суудалтай “Aston Martin DB5” спорт машин гарч ирсэн юм. Энэ кинонд тоглосон Коннери дэлхийн хэмжээний од болж, харин “Жеймс Бонд” хүмүүсийн хүсэн хүлээдэг баатар болжээ. Гэхдээ тэр таван ангид тоглоод Бондын дүрээс ядарч, олон нийтийн анхаарлаас холдохын тулд гарахаар шийдсэн. 1971 онд “Diamonds Are Forever” кинонд эргэн ирээд 12 жилийн дараа “Never Say Never Again”-д дахин Бондыг бүтээсэн. Гэхдээ энэ нь албан ёсны Бонд цуврал биш байлаа.

Дэвид Нивен (1967)

1967 онд Жеймс Бондын киног элэглэсэн “Казино Рояль” кино дэлгэцэнд гарахад гол дүрд Дэвид Нивен тоглосон юм. Түүний бүтээсэн Бонд тэтгэвэртээ гарсан өвгөн, орчин үеийн тагнуулчдын ажиллагааг шүүмжилдэг нэгэн байв. Түүнийг ажилдаа буцан орохыг хүсэхэд дайснаа төөрөгдүүлэхийн тулд бүх ажилтандаа Жеймс Бонд нэр, 007 дугаарыг тараан өгдөг. Таван найруулагч ажиллаж, жүжигчид нь хоорондоо маргалдаж, кино зохиолоо үе үе сольж, маш замбараагүй кино болсон гэж шүүмжлэгчид үздэг. Албан ёсны Бонд биш.

Жорж Лэзенби (1969)

Австралийн Жорж Лэзенби Бондын дүрд шалгалт өгөхдөө жүжигчний ажлын туршлага бараг байхгүй байлаа. Продюер нарт сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэр үнэтэй цаг зүүж, Шон Коннеригийн үйлчлүүлдэг үсчинд очиж, оёдолчноос хувцсыг нь авсан байв. Сонгон шалгаруулалтын үеэр тэр санамсаргүй орлон тоглогчийн нүүрийг цохисон нь найруулагч нарт их таалагдсан гэдэг. Ингээд тэр 1969 онд “On Her Majesty's Secret Service”-д гол дүр бүтээх болсон. 30 настай байсан тэрээр албан ёсны цувралын хамгийн залуу Бонд болсон юм. Кино бүтээгчид түүнд урт хугацааны гэрээ санал болгосон ч Лэзенби татгалзсан. Түүний менежер нь тагнуултай кино удахгүй моодноос гарна гэж ятгасан байна. Бонд моодноос гарсангүй, харин Лэзенби ганц ангид тоглоод гэртээ харьсан.

Рожер Мур (1973–1985)

Рожер Мур 1960-аад онд Бондын дүрд уригдсан ч өөр кинонд тоглоод завгүй байв. Ингээд Бонд болохоор ирэхдээ 45 настай болсон байлаа. Мур долоон Бондод тоглосон нь рекорд амжилт. Энэ 12 жилийн дотор тэр сансарт нисэж, “Lotus Esprit” машинаа шумбагч завь болгон өөрчилж амжсан. “A View to a Kill” кинонд тоглохдоо Мур 57 нас хүрээд байв.

Тимоти Далтон (1987–1989)

Тимоти Далтонд Бонд болох санлыг 1969 онд тавьсан ч өөрийгөө хэтэрхий залуу байна гээд татгалзаж байжээ. 1980-аад оны дундуур Рожер Мур явсны дараа Далтон гол дүрд дахин сонгогдлоо. Гэхдээ продюсер нар эхлээд Пирс Броснаныг сонгосон ч Пирс завгүй байснаар шинэ 007 агентаар Далтон сонгогдсон түүхтэй. Далтон кино зохиол биш Ян Флемингийн номыг голчлон барьж, өөрийн Бондыг хатуу чанга, дүнсгэр харуулахыг зорьж байв. “Licence to Kill” ангийн дараа хууль зүйн маргааны улмаас дараагийн анги хойшилсон. Далтон нэг ангид тоглохыг зөвшөөрсөн ч урт хугацааны гэрээ байгуулахаас татгалзсан. Ингээд түүнийг Пирс Броснан орлох болсон.

Пирс Броснан (1995–2002)

Пирс Броснан Бондын дүрд анх 1995 онд тоглосон. “GoldenEye” кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ч дараагийн ангиуд хэт бодит биш гэсэн шүүмжлэл хүлээсэн. Ялангуяа “Die Another Day” ангийг Бонд үл үзэгдэх машинтай давхиж, асар том давалгаанаас өөрийн хийсэн шүхрээр амьд гарч байгаа хэсгээр нь их шүүмжилсэн. Найман жилд дөрвөн Бонд бүтээсэн Броснан урьдчилсан гэрээтэй, цаашдаа ч тоглоход бэлэн байлаа. Гэвч 2004 онд Барбара Брокколи, Майкл Уилсон нар түүнд хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь түүнд их шок болсон ч хэдэн жилийн дараа Броснан өөрийгөө Бондыг сайн бүтээж чадаагүй гэж хэлсэн байдаг.

Дэниел Крейг (2006–2021)

Дэниел Крейгийг дараагийн Бондоор сонгосон нь тус киноны фэнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Шаргал үстэй жүжигчин Бондод тохирохгүй гэж үзэн, үзэгчид шинэ ангийг үзэхгүй байхыг уриалж байв. Гэвч анхны киноных нь дараа шүүмжлэл магтаалаар солигдсон. Крейг шинэ үеийн Бондыг гаргаж ирсэн юм. Түүний Бонд алдаа гаргадаг, өөртөө эргэлздэг, сэтгэлийн хөдөлгөөнтэй нэгэн байлаа. Тэр цаг үед кино урлагт өөрчлөлт гарч, хэн нэгэн супер баатар ямар ч алдаагүй ялаад байх чухал биш болсон байв. Крейгийн Бонд өмнөх шигээ дэлхийг аварч, дайснаа ялж байсан ч энэ удаад хувийн амьдрал нь хүмүүсийн сонирхлыг татдаг болсон юм. Дэниел таван Бондод тоглоод 2021 онд дүртэйгээ салах ёс гүйцэтгэсэн.  

Роберт Паттинсон (2028–...)

Дэниел Крейг явсны дараа шинэ Бонд хэн болох вэ гэсэн асуулт хэдэн жилийн турш яригдсан. Каллум Тернер, Жек Лауден, Жош О'Коннор, Николас Холт, Роберт Паттинсон нарын нэр дурдагдаж байлаа. Харин Роберт сонгогдсон. Шүүмжлэгчид олон байгаа ч түүний Бонд ямар Бонд байх нь сонирхолтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...