UBLife Logo
Дэлхий

Ялтын уулзалт болж чадаагүй Их гурван гүрний уулзалт

Ялтын уулзалт болж чадаагүй Их гурван гүрний уулзалт

БНХАУ-ын Шэньжэн хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаагаа гурван талын уулзалт хийж, “Энх тайвны тунхаглал” гаргаснаа зарлан тунхаглалаа. Энэхүү тунхаглалд Украин, Иран дурдагдаагүй ч НҮБ-ын шинэчлэл, Олон улсын эрүүгийн шүүхийг онцолсон байлаа.

Уулзалтын эхэнд Ши Жиньпин “Манай гурван улс дэлхий дахинд энх тайван тогтоох их үйлсэд хамтран ажиллаж, үлгэр жишээ болох ёстой. Бидэнд маш их хариуцлага оногдож байна” гэж хэлсэн бол Путин дэлхийн эдийн засаг, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын талаар хэлэлцэхийг уриалсан. Харин Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах тал дээр гурван улс хамтран ажиллах шаардлагатайг нотолсон юм.  

Гурван улсын тэргүүн уулзалтаа үр дүнтэй гэж дүгнэсэн. Ши Жиньпин “Өөдрөг, бүтээлч, амжилттай уулзалт” гэсэн бол Путин “Хятадын удирдагч сайхан уур амьсгал бүрдүүлсний ачаар харилцан ашиг сонирхолтой хэд хэдэн чухал сэдвээр чөлөөтэй санал солилцож чадлаа”, Трамп “12 онооноос 10 оноо өгнө” гэж дүгнэсэн байлаа. Харин яг ямар бодит үр дүнд хүрсэн нь тодорхойгүй. Ямар ч гэсэн цаашдаа АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван их гүрэн дэлхийн асуудлыг шийдэж байх эхний оролдлого байв.

Харин энэ уулзалт Барууны орнуудад таалагдсангүй. Германы канцлер Фридрих Мерц “Энэ бол олон жилийн өмнөх Ялтын уулзалттай ижил харагдаж байлаа. Зүгээр нэг гэрэл зураг авхуулсан юм биш үү” гэж хатуу шүүмжилсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын тэргүүн нарыг найз хэмээн нэрлэсэнд эгдүүцэх хүн олон гарлаа.

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ талаар “Ерөнхийлөгч Трамп Ерөнхийлөгч Путиныг найз гэж тооцдог байж болно. Тэглээ гээд “Миний найзын найз бол миний найз” гэсэн зарчим энд тохирохгүй” гэж хэлсэн юм.

АНУ-ын улс төрчид ч Ерөнхийлөгч нь Америкийн геополитикийн хамгийн том хоёр дайснаа найз гэж нэрлэлээ хэмээн бухимдлаа. БНН-ын сенатор Жон Кертис “Владимир Путин, Ши Жиньпин хоёр бидний найз биш. Манай үнэт зүйл, ашиг сонирхлыг хүндэтгэдэг мэтээр тэдэнд хандаж болохгүй” гэж нэмж хэлсэн юм.

Харин Ардчилсан намын Жин Шахин “Ерөнхийлөгч Трампын найз нь “алуурчин, гэмт хэрэгтэн” гэж маш хатуу хэлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...