UBLife Logo
-

Ц.Нацагдорж: “Playtime”-г үзэж байгаагүй хүмүүс өөрийн биеэр ирж үзээсэй

UBLife
UBLife
Ц.Нацагдорж: “Playtime”-г үзэж байгаагүй хүмүүс өөрийн биеэр ирж үзээсэй

Энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдах “Playtime 2016” наадмын тухай тус наадмын захирал Ц.Нацагдоржоос тодрууллаа.

-Энэ жилээс “Playtime” наадам гурван өдрийн турш үргэлжилнэ. Ингэж өдрийн тоог нэмэх болсны шалтгаан юу вэ?

-Урьд өмнөх жилүүдэд ердөө хоёр өдрийн турш үргэлжилдэг байсан. Харин энэ жилээс наадмын оролцогчдод цэвэр агаарт илүү урт хугацаагаар байршиж, амрах зуураа гайхалтай хөгжмүүдийг сонсох боломжийг олгож, хоёр шөнө, гурван өдөр зохион байгуулж байгаа юм.

-Наадамд цаг агаарын нөхцөл байдал их нөлөөлдөг шүү дээ. Бороо хуртай үед наадамд ирсэн хүмүүс хот руу буцах тохиолдол хэр их гардаг вэ?

-Бид энэ жилийн наадмаар цаг агаар ямар байхыг долоо хоногийн өмнө л мэдэх боломжтой. Гэхдээ бид хоёр жилийн өмнөх “Playtime” наадмаар бүтэн хоёр өдөр бороон дунд өнжсөн. Тухайн үед зарим хүмүүс шөнө нь буцаж байсан ч наадмыг дуустал оролцогчдын тоо буураагүй. Тэр их хур бороог давж, туулчихсан хүмүүс одоо бол юу эсийг тоохгүй, айх зүйлгүй явах байх гэж бодож байна.

-“Playtime” наадмын Монголын хөгжмийн урлагт оруулж буй хамгийн том хувь нэмэр юу вэ?

-Юуны өмнө энэ наадам маань амьд хөгжмийн залуу хамтлагуудын хамгийн анхны том тайз болдог юм. Ингэснээр шинэ залуу үеийнхэнд маш том урам өгч, олон нийтэд танигдахад нь тусладаг. Үүнээс гадна амьд хөгжмийн фестивалийн соёлыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болж байгаа. Барууны орнуудад гэхэд зун 200-300 амьд хөгжмийн фестивалиуд зохиогддог. “Playtime” наадмаар дамжуулан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, хөгжмөөс авах мэдрэмж, таашаалыг нэмэгдүүлэх, бүр цаашилбал амьдралын хэв маяг, чанарыг дээшлүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа болов уу.

-Наадамд оролцох гадаад хамтлагуудыг яаж сонгодог вэ?

-Зарим хамтлагууд өөрсдөө “Playtime” наадамд оролцох хүсэлт тавьдаг. Харин зарим хамтлагуудыг бид тусгайлан урьж оруулцуулдаг. Энэ жил нийт 10 гадаад хамтлаг оролцоно.

-“Playtime” наадам дээр үргэлж болж бүтэхгүй зүйл болдог гэсэн буруу ойлголттой хэсэг хүмүүс байдаг. Тэдэнд хандаж хэлэх үг байна уу?

-Юуны өмнө “Playtime” наадам дээр өөрийн биеэр очиж үзээсэй гэж хүсэж байна. Цахим орчинд тарсан зарим зураг, дүрс бичлэгээс болоод хүмүүс их буруу ойлголт авсан байдаг. Манай наадам цэвэр агаарт майхангаа бариад амрах зуураа сайхан хөгжим сонсож, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог. Сүүлийн үед хүмүүс бага насны хүүхдээ дагуулаад гэр бүлээрээ “Playtime” наадмыг зорьж ирэх болсон. Энэ бол та бүхний бодож байгаа шиг зүйл биш ээ. Залуус тайзны өмнө хөгжмөөс таашаал авч, хүслээрээ хөгжмийн хэмнэлд хөдөлж байгаа нь хаана ч байдаг хэвийн үзэгдэл юм. “Playtime” наадамд амьд хөгжмийн тайзнаас гадна электроник хөгжмийн тайз, маш олон амралт, үйлчилгээний цэгүүд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг өөрийн биеэр ирж үзээсэй гэж хүсэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
41
47
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.